ӨРӨМ, ЦӨЦГИЙ, ЗӨӨХИЙ – Тослог цагаан идээ

   Сүүний тосыг уламжлалт болон үйлдвэрийн аргаар боловсруулан авсан хүнс нь тослог цагаан идээ ба тослог нь 10%-иас дээш байна. Тосны төрлийн идээнд өрөм, зөөхий, цөцгий, шар, цагаан тос, айргийн тос орно. Зун, намрын туршид ваар, шил, паалантай хувин, торх, гүзээнд хурааж тордож хадгалсан исгэлэн өрмийг зөөлөн галаар хайлуулж, шар, цагаан тос гэдэг хоёр төрлийн цагаан идээ бэлтгэдэг. Шар, цагаан тосоо хатаасан гүзээ, давсаг, олгойг сайн дэвтээж, угааж цэвэрлээд бүлээвтэр үед нь хийж дүүргээд, амсрыг нь боож царцаан олон сараар хадгалж хэрэглэдэг уламжлалт аргууд байдаг. Дэлхий дахинд цөцгийн тос, шинэ цөцгийний хэрэглээ эрс өсөж байна.

Өрөм

Өрөм нь Монголоос өөр хаана ч байхгүй, зөөхий, цөцгийн тосноос эрс ялгаатай, өвөрмөц идээ юм. Уламжлалт аргаар өрөм гаргаж авахдаа эхлээд түүхий сүүг 96 – 98ºС – т хөөрүүлж, самардаг. Сэрүүн орчинд байлган өрмийг бэхжүүлэх бөгөөд зузааран тогтсон өрмийг авч хоол, хүнсэндээ шууд ашигладаг.

Монголчууд өрмийг шинээр нь хэрэглэхийн зэрэгцээ хатааж, өвөл, хаврын хэрэгцээнд нөөцөлдөг, нойтноор нь хурааж, дараа нь хайлуулан, шар, цагаан тос гаргаж авдаг уламжлалтай. Сүүг дулааны боловсруулалтад оруулсны дараа түүний бактерийн тоо анхны түүхий сүүнийхээс 35%-иар буурдаг байна.

Цөцгий 

Манай улсын хүнсний үйлдвэрлэлийн салбар сүүлийн 60-аад жилд маш эрчимтэй хөгжиж ирсэн. Хуучнаар нэгдэл гэж байх үед төлөвлөгөөт сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байв. 

Сүүний машин гэх хөнгөн, авсаархан төхөөрөмжийг Орос улсаас нэвтрүүлж, цөцгий үйлдвэрлэх болсон байдаг. Цөцгийний найрлагад дунджаар 20%-ийн тослог агуулагдах ба ханаагүй тосны хүчил, уураг, тосонд уусдаг аминдэмүүдийг харьцангуй ихээр агуулах тул шим тэжээлийн чанар өндөртэй хүнсэнд зүй ёсоор ордог. Зуны эхэн сараас намрын эхэн сар хүртэл уламжлалт аргаар гарган авсан цөцгий элбэг байдаг.

Өрхийн хэрэглээнд одоогоор Хэнтий, Хөвсгөл, Дорнод зэрэг аймгуудын иргэд маань жижиг сүүний машинаар шингэн цөцгий гаргаж аван өөрсдийн хэрэглээнд болон худалдаанд нийлүүлж байна. Цөцгий нь хамгийн хурдан хайлдаг, шингэн хэлбэртэй учир маш олон төрлийн хоол хүнсэнд хэрэглэхэд зохицдог. Мөн Буриад зон олон цөцгийг мойл, аньс, хад, улаалзгана зэрэг хамгийн шим тэжээллэг жимсгэнүүдтэй хольж баяжуулан хэрэглэдэг.

Зөөхий

Зөөхийг уламжлалт болон үйлдвэрлэлийн гэсэн 2 аргаар бэлтгэдэг. Шинэ болон өдөртөө идээд үлдсэн өрмөө модон торх, паалантай сав суулгад хурааж хадгалаад намар сэрүү орох үеэр хөнгөн буцалгаж болгоно.

Ингэж бэлтгэснийг уламжлалт аргаар бэлтгэсэн зөөхий гэнэ. Үүнийгээ хонины гүзээнд хийж хадгалан хайлмаг, ээзгийтэй цагаан тос, мэхээртэй тос гэх мэт төрөл бүрийн тос хольдог. Харин үйлдвэрлэлийн аргаар хийхдээ сүүний машинд сүүгээ хийн цохих ба эхний ялгаруулалтаар цөцгийг нь ялгаж авна. Ялгасан цөцгийгөө үргэлжлүүлэн цохиход цөцгийн тос бий болно. Үүн дээрээ хөрөнгө нэмэн бүрж, 2-8 хэмд хөргөхөд зөөхий бэлэн болно. 

Зөөхий нь тослог болон исэг цагаан идээнд аль алинд нь хамаарна. Зөөхийнд агуулагдах уураг нь сүүн хүчлийн бактерийн нөлөөгөөр хүний биед хялбар шингэдэг. Мөн В бүлгийн аминдэмүүдийг ихээр агуулдаг. Худалдаанд уламжлалт аргаар хийсэн зөөхийг ихэвчлэн гүзээтэй нь борлуулж байдаг бол, үйлдвэрийнх нь бага хэмжээтэй, зориулалтын савалгаатай худалдаалагдаж байна.

Танд санал болгох

Тиби аппликeйшн
Таны халаасны Хоолзүйч

Эрүүл зөв зохистой хооллолтын хөтөч