Сайн өөх тос буюу ханаагүй тос хэрэглэх нь эрүүл байхын үндэс

Бид өмнөх нийтлэлээрээ өөх, тосыг биед үзүүлэх нөлөө, үр ашгаар нь сайн, муу, маш муу гэж ерөнхийд нь 3 хуваадаг болохыг танилцуулсан билээ. Тэгвэл энэ удаагийн нийтлэлээрээ сайн тосны талаар ойлголт өгөх болно.

Сайн буюу ханаагүй тосыг шингэн төлөвт байдаг, голчлон ургамлын гаралтай тос хэмээн ойлгоход илүү хялбар. Тухайн ургамал, үр, жимснээс хамаарч ханаагүй тосонд агуулагдах шимт бодис нь янз бүр байдаг. Эдгээр тос нь цусан дахь өөх тосны хэмжээг зохистой түвшинд барьж, судасны үрэвслийг бууруулж, зүрхний үйл ажиллагааг дэмжигч линолын, линолейны хүчлүүд, олейны хүчлүүд, бидний хамгийн сайн мэдэх омега-3, 6, 9-ийг агуулдаг байна. Түүнчлэн судасны хатуурал, элэг өөхлөлтөөс сэргийлэн, ханасан тосны шимэгдэлтийг сайжруулан, мэдрэл, сэтгэцийн үйл ажиллагааг дэмжин, арьсыг өнгөлөг толигор болгоно.

Сайн өөх тос нь дотроо 1 ханаагүй, олон ханаагүй гэсэн 2 янз байдаг. 

  • 1 ханаагүй тос гэдэг нь тасалгааны хэмд шингэн хэлбэрээр байдаг. Олив, самар, рапс, авокадо, ихэнх самар, гүргэм, наранцэцэгийн тосыг энэ бүлэгт хамруулна.
  • Олон ханаагүй тос гэж үл орлогдох, хүний биед зайлшгүй хэрэгтэй тосыг хэлдэг. Хулд болон сардин загасны тос, маалинга, хушга, рапсын тос, шар буурцагийн тосыг энэ ангилалд багтаана.

Ургамлаас гаралтай тосны төрөлд наранцэцгийн тос, оливын тос, авокадогийн тос, самрын тос, чацарганы тос, ургамлын үрийн тоснууд орно.

       Тосон дахь омега, линолын хүчил, олейны хүчлийн агууламж ихтэй байх нь тосны сайн эсэхийг тодорхойлох гол үзүүлэлт юм. Эдгээр чухал үзүүлэлт нь 1 тосонд бүгд агуулагдана гэж бараг байхгүй. Тиймээс дан ганц наранцэцгийн тос гэлгүйгээр олон төрлийн тос хүнсэндээ хэрэглэх нь сайн тосны хүчлийг олон төрлөөр, олон эх үүсвэрээс авах боломжийг бүрдүүлдэг. Зарим хүмүүс омега- 3-г хүнсний нэмэлтээр их хэрэглэдэг ч хоол хүнсээрээ хэрэглэх нь биед илүү ашигтай байдаг.

Наранцэцэгийн тос

Хамгийн боломжийн үнэтэй, бидний хамгийн сайн мэдэх тос. Өнөөдөр дэлхийн дахинд хамгийн өндөр эрэлт, нийлүүлэлтэй бүтээгдэхүүн. Наранцэцгийн тосыг наранцэцгийн үрээс гаргаж авдаг. Наранцэцэг олон төрөл байдаг. Ихэнхдээ Helianthus annuus-наранцэцгээс үйлдвэрлэдэг. Хойд ба Өмнөд Америкийн уугуул нутгаас гаралтай бөгөөд олон зууны туршид хоол хүнс, арьс арчилгаанд эх үүсвэр болгон ашиглаж ирсэн. Бүх төрлийн хоолонд хэрэглэж болно.

Антиоксидант, А, С, К амин дэмээс гадна Е аминдэм илүү агуулагдана.

Эрүүл мэндийн ач холбогдол: 

  • Эрт хөгшрөлтөөс сэргийлнэ.
  • Арьсны залуу хэвээр байлгана.
  • Хорт бодисыг биеэс гадагшлуулна.
  • Хорт хавдар, зүрх судасны өвчнөөс сэргийлнэ.
  • Дархлаа дэмжинэ.

Олив буюу чидун жимсний тос

Чидун модны жимс болох чидунаас гаргаж авдаг. Чидун нь газар дундын тэнгисийн ойр орчмоос гаралтай. Чидуны тосыг нь бүх төрлийн хоол, зууш салатанд, жимсийг нь лаазалсан болон шинээр нь салат, пицца зэрэгт өргөн хэрэглэхээс гадна гоо сайхан, эм, савангийн үйлдвэрлэлд ашиглана. Эрүүл мэндэд сайн нөлөө үзүүлдэг нь олон тооны судалгаагаар батлагдсан тул эмчилгээний шидтэй.

Оливын тосны 14 орчим хувь нь ханасан өөх тос байдаг бол 11 хувь нь омега-6, омега-3 зэрэг олон ханаагүй тосны хүчил байдаг. Мөн маш хүчтэй антиоксидант. 1 ханаагүй өөх тос нь өндөр халуунд тэсвэртэй тул оливын тосоор хоол хийх нь хамгийн эрүүл сонголт болдог.

Эрүүл мэндийн ач холбогдол:

  • Өдөр тутамдаа хэрэглэснээр зүрх судасны өвчнөөс сэргийлж, цусны даралтыг бууруулна.
  • Муу өөх тосыг бууруулж, судасны үйл ажиллагааг сайжруулна.
  • Чихрийн шижин өвчний эрсдэлийг бууруулж, хоол боловсруулах замын хорт хавдраас сэргийлнэ.
  • Арьсыг уян зөөлөн болгож, хөгшрөлтөөс сэргийлнэ.

Авокадогийн тос

Авокадо хамгийн үнэтэй тосонд тооцогддог. Авокадогийн тосыг жимснээс нь буюу зөөлөн эдээс нь ялган хүйтэн шахах аргаар боловсруулдаг. Өтгөн ногоон өнгөтэй, зөөлөн амттай, сайхан үнэртэй. Антиоксидант, сайн тосны хүчил, эрдэс бодис, аминдэмийн маш сайн эх үүсвэр бөгөөд 1 ханаагүй тос, Е аминдэмийг агуулдаг. Бүх төрлийн хоол хүнсэнд, мөн арьс арчилгаанд өргөн хэрэглэдэг. Бусад тосыг бодвол хадгалах нөхцөл нь онцгой.

Онгойлгосноос хойш байнга таглах бөгөөд хөргөгчид эсвэл харанхуй сэрүүн, нарны тусгалаас хол хадгална. Хэрэв та буруу хадгалбал дотор нь байгаа шимт бодис алдагдаж, хор болох эрсдэлтэйг анхаараарай.

Эрүүл мэндийн ач холбогдол: 

  • Сайн өөх тос ихээр агуулах тул судасны ханыг цэвэрлэнэ.
  • Зүрх судасны үйл ажиллагааг сайжруулна.
  • Бактерийн эсрэг үйлчилгээтэй.
  • Нөхөн төлжүүлэх, сэргээх хүчтэй үйлчилгээтэй.
  • Арьсыг гэрэлтүүлж, үрчлээгүй байлгаж, хөгшрөлтийг удаашруулна.
  • Үс ургуулна.

Маалингийн тос

Сайн тос учраас сүүлийн жилүүдэд эрэлт хэрэгцээ өссөн. Маалингийн ургамлын хатаасан, боловсорч гүйцсэн үрээс гаргаж авсан өнгөгүй, шаргал өнгөтэй тос юм (Linum usitatissimum). Тосыг хүйтэн аргаар шахах, заримдаа уусгаж гаргаж авдаг. Хүнсэнд зөвхөн үрийн хэсгийг ашигладаг. Мөн маалингийн гурил ч байдаг. Үлдсэн ургамал хэсгээр хөвөн, даавуу зэргийг үйлдвэрлэнэ. Бүх төрлийн салат зууш, хоол хүнсэнд хэрэглэх боломжтой.

Маалинга тос нь хүнсний нэмэлт тэжээл болох линолены хүчил, омега-3 тосны хүчлийн сайн эх үүсвэр учраас эмчилгээний журмаар хэрэглээнд нэвтэрч эхлээд байна. Манай улс ойрын хэдэн жилд эх орондоо тариалах болсон.

Эрүүл мэндийн ач холбогдол:

  • Олон төрлийн хорт хавдраас урьдчилан сэргийлнэ.
  • Өтгөн хатахаас сэргийлж, биеийг хоргүйжүүлнэ.
  • Сайн тосны хүчил ихээр агуулсан тул зүрх судасны үйл ажиллагааг дэмжих, түүгээр өвлөх эрсдэлийг бууруулна.
  • Биеийн дархлааг дэмжсэнээр биеийн эсэргүүцэл сайжирна.
  • Арьс, үс, хумсны нөхөн төлжилтөнд маш сайн.
  • Тархи, мэдрэлийн үйл ажиллагаанд хамгийн чухал нөлөөтэй.

Чацарганы тос

Чацаргана бол жимс. Түүний зөөлөн эдээс нь тос гаргаж авдаг. 190 гаруй төрлийн биологийн идэвхт бодисыг бусад хүнсний бүтээгдэхүүнээс илүү агуулж байдаг гайхалтай жимс.

Чацаргана нь А, Е, С, В1, В2, В5, В6 гэсэн витаминуудаар баялаг, тос, тосны хүчин, байгалийн хүчтэй антиоксидант. Манай орны чацаргана бусад орныхныг бодвол шимт бодисын үзүүлэлтээрээ илүү байдаг. Хоол боловсруулах замын эмгэг, ил шарх, өтгөн хаталтыг эмчлэх, гоо сайхан болон арьс арчилгаанд өргөн хэрэглэдэг.

Чацарганаас хүйтэн шахалтад аргаар тосыг нь боловсруулж авдаг. Маш өвөрмөц амттай учир тэр бүр хоолонд хэрэглэгддэггүй.

Эрүүл мэндийн ач холбогдол: 

  • Аминдэмийн дутагдлаас сэргийлнэ.
  • Биеийн эсэргүүцлийг сайжруулж дархлааг дэмжинэ.
  • Өвчин болон үрэвслийг намдааж, шархны эдгэрэлтийг түргэсгэнэ.
  • Антиоксидант ба эсийг хамгаалах, эд эсийн нөхөн төлжилтийг сайжруулна.
  • Цусан дахь муу өөх тосны хэмжээг багасгана.
  • Арьсны өнгийг сэргээн, хөгшрөлтийг удаашруулна.
  • Үс уналт, хумс хугаралтыг багасгана.
  • Түлэгдэлт болон хөлдөлтийг төлжүүлж эдгэрэлтийг түргэсгэнэ.
  • Цацраг идэвхт бодисын хордлогыг тайлна.

Гүнжидийн тос

Гүнжидийн үрээс шахаж гаргана. Ази хоолонд түлхүү хэрэглэдэг. Амт нь маш өвөрмөц бөгөөд зууш, хачир, салатад хамгийн тохиромжтой. Харанхуй сэрүүн орчинд, таглаж, хадгалж хэрэглэнэ.

Эмчилгээний ашиг тусаараа шилдэг бөгөөд антиоксидант, үрэвсэл болон бактерийн эсрэг үйлчилгээтэй линолийн хүчил, Е, К аминдэмээр тун баялаг тос. Хэт халааж хуурахад бүтцээ алдаж муу өөх тос болон задардаг байна.

Эрүүл мэндийн ач холбогдол:

  • Үс бууралтахаас сэргийлнэ.
  • Цусны даралтыг бууруулж тогтворжуулна.
  • Амны хөндийн эрүүл мэндийг сайжруулна.
  • Арьсыг хоргүйжүүлнэ.
  • Үе мөчний өвчинд тустай.
  • Стресс, сэтгэл гутралын үед хоолондоо хэрэглэхэд нэн сайн.
  • Цус багадалтыг байгалийн аргаар эмчлэхэд тусална.

Шар буурцгийн тос

Шар буурцаг нь ургамлын гаралтай уураг, өөх тосны маш баялаг эх үүсвэр юм. Зүүн Азиас гаралтай буурцагт ургамлын нэг төрөл. Ази хоолны чухал хүнсний нэг бөгөөд олон мянган жилийн турш хэрэглэж ирсэн. Шар буурцгаар шар буурцгийн гурил, шар буурцгийн уураг, тофү, шар буурцгийн сүү, шар буурцгийн жан зэрэг маш олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн хийдэг. Шар буурцгийн тос нь шар буурцгийн ургамлын үрээс гаргаж авдаг ургамлын тос юм. 2018-2019 оны хооронд дэлхийн өнцөг булан бүрд 62 сая тонн шар буурцгийн тос үйлдвэрлэсэн бөгөөд хамгийн түгээмэл хоолонд ашигладаг тосны нэг болжээ. Энэхүү тосыг бүхий л хоол хүнсэнд хайрах, хуурах, жигнэх, шарах зэрэг аргаар ашиглаж болно.

Олон ханаагүй тосны хүчил, омега-3, К, Е аминдэм, эслэг агуулдаг. Энэ нь эрүүл мэндэд үзүүлэх олон ач тустай ба ялангуяа зүрх, арьс, ясны эрүүл мэндэд хамгийн сайн нөлөөтэйг олон тооны судалгааны тайланд дурдсан байдаг.

Эрүүл мэндийн ач холбогдол:

  • Зүрх, судасны өвчин үүсгэх эрсдэлт хүчин зүйл болох муу холестерины түвшинг бууруулна.
  • Үрэвслийг бууруулах, арьсны чийгийг хадгалахад тусална.
  • Арьсны гэмтлээс хамгаалж, батга, атопик дерматит зэрэг арьсны зарим өвчнийг эмчлэхэд тусална.
  • Архаг өвчнөөс урьдчилан сэргийлнэ.
  • Хоол боловсруулах замын эмгэг болон өтгөн хаталтанд сайн.

Өнөөдрөөс эхлэн уншигч таны хоолны цэс олон төрлийн сайн тосоор баяжна гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Муу тосны талаар мэдээлэл авахыг хүсвэл бидний дараагийн нийтлэлтэй хамт байгаарай.

Танд санал болгох

Тиби аппликeйшн
Таны халаасны Хоолзүйч

Эрүүл зөв зохистой хооллолтын хөтөч