Самранд агуулагдах ӨӨХ ТОСны талаар та хэр сайн мэдэх вэ?

Маш олон төрлийн самар байдаг. Самар нь уургаас илүү өөх тосыг агуулсан байдаг учраас бүх төрлийн самар нь өөх тосны бүлэгт ордог. Нийт өөх тосных нь 50 хувь орчмыг сайн өөх тос эзэлнэ.

Самар нь эслэг, антиоксидант, Е аминдэм, фолийн хүчил, магни, фосфор, кали, кальци, зэс селенээр баялаг. Мөн антиоксидант үйлчлэл бүхий фенолт нэгдлээр баялаг бөгөөд энэ нь хальсанд нь хамгийн их байдаг. Тиймээс самрыг хальслалгүй шууд хэрэглэх нь эрүүл мэндэд хамгийн тустай. Бүх төрлийн самар ойролцоогоор 8 г нь 45 ккал илчлэгтэй. Тиймээс нэг удаа идэхдээ бага багаар идээрэй. Мөн та ямар нэгэн самрын төрөлд харшилтай бол бусад самрыг хэрэглэхдээ маш болгоомжтой хэрэглээрэй.

Самар маш сайн хадгалалт даадаг гайхалтай хүнс. Гол нь хуурай сэрүүн, харанхуй газар хадгалаарай. Ингээд та бүхэнд самар тус бүрийг нэг бүрчлэн танилцуулъя.

Хушны самар

Манай улсад ургадаг цорын ганц самар. Хэнтий, Хангай, Хөвсгөлийн уулс даган ургах бөгөөд намрын сүүлийн саруудад бүрэн боловсорч гүйцдэг.

Бусад самартай харьцуулахад аминдэм, эрдсийг 10 дахин их, А, В1, В2, В6, Д, В12, С витамин болон эслэг агуулдаг. Самрын уурагт триптофан, лизин, валин, гистидин, тирозин зэрэг үл орлогдох амин хүчил агуулагдах тул чанар сайтай уургийн тоонд багтдаг.

Самрыг түүхийгээр эсвэл хуурч хоол хүнсэндээ хэрэглэхээс гадна төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүнийг биологийн үнэт бодисоор баяжуулж хүнсний нэмэлт болгон ашигладаг. Тосыг нь шахаж нь эмчилгээ, гоо сайханд өргөн ашиглаж байна. Мөн самрын цөмийг импортод сүүлийн жилүүдэд маш ихээр гаргаж байна.

Эрүүл мэндийн ач холбогдол

Эрт дээр үеэс хушны самрыг ардын уламжлалт эмчилгээнд хэрэглэж ирсэн.

  • Мэдрэлийн өвчин, уушгины сүрьеэ, бөөр, давсаг, ходоод гэдэсний өвчин, судасны хатуурал, арьсны өвчнийг илааршуулахад ашигласаар иржээ.
  • Хоолны дуршлыг бууруулж, жин хасахад тусална.
  • Чөлөөт радикалууд нь хөгшрөлтийг удаашруулна.
  • Ханаагүй тосны хүчил нь зүрх судасны өвчний эрсдэлийг бууруулж, цусан дахь муу өөх тосыг багасгах ач тустай.

Алмонд самар буюу бүйлс

Ойрхи Дорнодоос гаралтай ба мянга мянган жилийн өмнө хүнсэндээ хэрэглэж ирсэн түүхтэй самар юм. Тосыг нь ялгаж авахаас гадна, бүйлсний гурил, бүйлсний сүү, цөцгийн тос зэрэг хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Бүйлсний сүү нь лактоз, холестрин агуулдаггүй учраас сүүний харшилтай болон чихрийн шижинтэй хүмүүст нэн тохиромжтой. Бүх төрлийн хөнгөн зууш, салат, ногоо жимсний холимог смүүти, нарийн боовонд хэрэглэж болно. Сүүлийн жилүүдэд бүйлсний гурилаар хийсэн нарийн боов, талх худалдаанд ихээр гарч байгаа бөгөөд энэ нь маш өндөр илчлэгтэй.

Бүйлс самранд антиоксидант, Е аминдэм, омега-3 агуулагддаг. Мөн арьсыг хэт ягаан туяанаас хамгаалах зэс агуулна.

Эрүүл мэндийн ач холбогдол

  • Арьсны өнгө сэргээнэ.
  • Тархи сэтгэн бодох чадварыг дээшлүүлнэ.
  • Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж хоол боловсруулалтыг дэмжинэ.
  • Хорт хавдраас урьдчилан сэргийлж, зүрх судасны өвчнийг анагаах шидтэй.

Фисташки самар

Фисташки нь хатуу хальс дотор байдаг. Ойрхи Дорнодоос гаралтай боловч өнөө үед гол үйлдвэрлэгчид нь Иран, АНУ юм. Зөөлөн, бага зэрэг чихэрлэг амттай бөгөөд бага зэрэг давстай хослуулан идэхэд илүү амттай байдаг. Зайрмаг, амттан зэрэг олон төрлийн хоолонд өргөн хэрэглэдэг.

 

Сайн өөх тос агуулдаг бөгөөд уураг, эслэг, В6 аминдэмээр баялаг, антиоксидантын сайн эх үүсвэр. В6 нь цусан дахь сахарын хэмжээг зохицуулж, цусны улаан эсэд хүчилтөрөгч агуулдаг гемоглобиныг үүсэхэд оролцдог. Мөн калигаар баялаг бөгөөд нэг нэгж /28гр/ нь том хэмжээний гадил жимсний талтай тэнцэхүйц хэмжээний кали агуулдаг.

Эрүүл мэндийн ач холбогдол

  • Жин хасахад тустай.
  • Зүрх судасны үйл ажиллагааг сайжруулна.
  • Цусан дахь муу өөх тосыг багасгана.
  • Цусан дахь сахарын хэмжээг бууруулна.
  • Нүдний харааг сайжруулна.

Хушга

Хушга нь Хойд Америкийн зүүн эргээс гаралтай бөгөөд одоо Хятад, Иран, АНУ-ын Калифорниа, Аризона мужид тариалдаг. Харанхуй, хуурай сэрүүн газарт ястай нь хадгална. Хушгаар шинэ ногооны салат, овьёостой хольж өглөөний цай бэлтгэх, төрөл бүрийн смүүти, бусад самар сүүтэй хольж самрын нухаш хийж болно.

Уураг, өөх тосноос гадна төмөр, кальци, фосфор, кали, цайр, зэс зэрэг эрдэс бодис, А, Е, фолийн хүчил зэрэг аминдэм, омега-3 тосны хүчлээр баялаг.

Эрүүл мэндийн ач холбогдол

  • Зүрх үйл ажиллагааг дэмжинэ.
  • Ясны нягтыг сайжруулна.
  • Цөсний өвчний эрсдэлийг бууруулна.
  • Уналт таталт эпилепси, үе мөчний хэрх өвчин, арьсны үрэвсэл, багтраа зэрэг өвчний үеийн эмчилгээнд маш тустай.

Газрын самар

Хамгийн түгээмэл хэрэглэгддэг самар. Ургамлын ангиллаар бол буурцагт ургамалд ордог боловч өөх тосны агууламжаар өндөр, бусад самартай олон шинжээрээ төстэй учраас тосны бүлэгт оруулдаг байна. Дэлхийн хэмжээнд жилд 45 сая тонн газрын самрын тариалалт, бүтээгдэхүүн үйлдвэрлэгддэг бөгөөд хамгийн том үйлдвэрлэгч нь Хятад улс юм. Газрын самрыг давсалсан, нухаш хэлбэрээр хамгийн өргөн хэрэглэдэг.

Газрын самар нь натри, кальци, фосфор, төмөр, цайр, зэс, магни, манган зэрэг эрдэс бодис, Е болон фолийн хүчил, ниацин зэрэг аминдэмээр баялаг. Энэхүү самрын антиоксидант агууламж нь гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө зэрэг жимсгэнэ, шар лууван, хүрэн манжин, зэрэг хүнсний ногоотой ойролцоо байдаг.

Эрүүл мэндийн ач холбогдол

  • Зүрх судасны эмгэг, чихрийн шижин өвчнөөс сэргийлэх.
  • Мэдрэлийн гаралтай ядаргааг тайлах.
  • Хорт хавдраас урьдчилан сэргийлэх.
  • Цусны даралт бууруулах зэрэгт нэн тустай.

Хазалнат

Мэлхий гэж нэрлэгддэг hazelnut бол Корилус модноос гардаг самрын нэг төрөл юм. Ихэнхдээ Турк, Итали, Испани, АНУ-д тариалдаг. Чихэрлэг амттай ба хуурч, нунтаглаж, нухаш болгож хэрэглэдэг. Бүх төрлийн хөнгөн зууш, салат, ногоо жимсний холимог смүүти, нарийн боов хийхэд хэрэглэж болно.

Бусад самартай харьцуулбал уураг, өөх тос, B6 аминдэм, фолийн хүчил, фосфор, кали, цайр зэрэг аминдэм, эрдэс бодисын агууламж өндөртэй шимт бодисоор баялаг. 1 болон олон ханаагүй тосоор баялаг, олейны хүчил, омега-6, омега-9 тосны хүчлийг их хэмжээгээр агуулдаг. Хальс нь эслэг өндөртэй тул аль болох хальстай нь идвэл өтгөн хаталтанд сайн.

Эрүүл мэндийн ач холбогдол

  • Маш сайн тосны хүчлүүд агуулах тул зүрх судасны үйл ажиллагааг сайжруулна.
  • Харвалтаас сэргийлнэ.
  • Цусны даралтыг тогтворжуулна.
  • Фенолын баялаг нэгдлүүд, антиоксидант нэгдлүүд, Е аминдэм, манганы агууламж нь зарим хорт хавдрын эрсдэлийг бууруулна.

Кейшю самар

Кейшю модноос гаралтай бөөр хэлбэртэй үр юм. Бразилаас гаралтай халуун орны мод боловч одоо дэлхийн өнцөг булан бүрт тариалах болсон. Хэдийгээр модны самар гэж гэдэг боловч тэжээллэг чанараараа үрийн төрөлтэй ойролцоо.

Зэс, магни, манган, сайн тосны эх үүсвэр бөгөөд ургамлын гаралтай уураг, антиоксидант нэгдлээр баялаг. Эдгээр нь биед илчлэг өгөх, тархи мэдрэлийн тогтолцооны эрүүл мэнд, дархлаа, ясны эрүүл мэндэд чухал ач холбогдолтой. Чөлөөт радикал гэж нэрлэгддэг эсэд гэмтэл учруулдаг молекулуудыг саармагжуулж, биеийг эрүүл байлгадаг ургамлын ашигтай нэгдэл болох антиоксидантыг агуулдаг байна.

Эрүүл мэндийн ач холбогдол

  • Бусад самрыг бодвол илчлэг бага ч хурдан цадах мэдрэмж өгч жин хасахад тустай.
  • Цусан дахь сахарыг тогтворжуулах, эрүүл хүчирхэг зүрхтэй болоход тусална.
  • Үрэвслийг бууруулж, бие махбодыг эрүүл, чийрэг байх чадварыг нэмэгдүүлдэг.

Бразил самар

Самар дотроо хамгийн томдоо ордог. Бразил, Боливи, Перу дахь Амазоны ширэнгэн ойд ургадаг модны самар юм. Цөцгийн тостой дөхүү амттай.

Ургамлын гаралтай уураг, сайн тосны хүчил, омега -6, селен, магни, зэс, фосфор, манган, тиамин, Е аминдэм зэрэг шимт бодисын агууламж үлэмж сайн. Мөн антиоксидант чанараараа алдартай бөгөөд селений хамгийн сайн эх үүсвэр юм.

Селен нь эрүүл мэндийг сайжруулж чаддаг ч хэтрүүлэн хэрэглэвэл селений хордлогод хүргэх эрсдэлтэй. Сүүлийн жилүүдэд кето болон веган хоолны дэглэм барьдаг хүмүүсийн дунд гол хэрэглэдэг самар болж байна. Бүх төрлийн хөнгөн зууш, салат, ногоо жимсний холимог смүүти, нарийн боовонд хэрэглэж болно.

Эрүүл мэндийн ач холбогдол

  • Бамбай булчирхайг зохицуулах.
  • Үрэвслийг бууруулах.
  • Зүрх, тархи мэдрэлийн үйл ажиллагааг сайжруулах.
  • Биеийн дархлаа дэмжих зэрэг ач тустай.

Пекан самар

Мексик, Өмнөд Америкийн уугуул том навчит модны самрын нэг төрөл юм. Пекан самар нь ховил бүтэцтэй, идэхэд шаржигнасан, цөцгийн тосны амттай тул олон төрлийн хоол хүнсний гол орц найрлагыг бүрдүүлдэг.

 

Эслэг, зэс, тиамин, цайр зэрэг хэд хэдэн чухал шимт бодисын сайн эх үүсвэр болдог. Бусад тосны адил сайн тосны хүчил, омега – 6, ургамлын уураг зэргийг агуулна.

Эрүүл мэндийн ач холбогдол

  • Тархины гол тэжээл болдог ба хоол боловсруулах тогтолцоог дэмжин, жин бууруулна.
  • Антиоксидант чанартай учир үрэвслийн эсрэг, хорт хавдраас урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй.
  • Яс сийрэгжилтээс сэргийлж, дархлаа дэмжинэ.
  • Үс уналтыг багасган үсний ургалтыг дэмжинэ.
Танд санал болгох

Тиби аппликeйшн
Таны халаасны Хоолзүйч

Эрүүл зөв зохистой хооллолтын хөтөч