Сүү, цагаан идээ ба мал амьтанд агуулагдах тос

Сүү, цагаан идээнд агуулагдах тос

Малын сүүг хөөрүүлж самарч загсаан өрөм гаргаж авна. Зарим нутагт шууд сүүний машинаар машиндаж шингэн цөцгийн гаргаж авдаг. Шингэн цөцгийгөө хурааж дараад цөцгийн тос цохино. Мөн өрмийг ч цохиж цөцгийн тос гаргана.

“Өрөм ч бай шингэн цөцгий ч бай өөх тос, уургийн цэвэр эх үүсвэр болж чаддаг гайхалтай хүнс.”

Эсвэл түүхий сүүгээ шууд ээдүүлж бяслаг хийвэл мөн л өөх тостой түүхий сүүний зөөлөн сайхан бяслаг болно. Гэх мэтээр манай уламжлалт сүү цагаан идээний боловсруулах арга ажиллагаа дурдаад дуусашгүй.

Сүү цагаан идээ бол уураг, өөх тос, нүүрс ус агуулж байдаг цор ганц төгс хүнс. Тиймээс сүү, цагаа идээний тосыг айх айдасгүй хэрэглэх нь Монголчууд бидэнд хамгийн зохимжтой. Гэхдээ сайн гээд шар тосоор бүх хоолоо хуурах, халбага халбагаар нь уух хэрэггүй. Бусад сүү цагаан идээтэй хослуулж хэрэглэх нь зүйтэй.

Өрөм цөцгийг шинээр нь хэрэглэх тусам шинж чанараа алдаагүй байдаг. Ердийн хэмд байх тусам исэлдэх үйл ажиллагаа явагдаж, муу өөх тосны шинж чанар нь давамгайлж ирнэ. Тиймээс идэх хэмжээгээрээ таслан авч, үлдсэнг нь хөргөгч болон хөргүүр хөлдөөгчид хадгалж хэрэглээрэй.

Шингэн цөцгий хүүхдийн хоолны зутан, зарим нэг шөлтэй хоол, үндсэн хоол, салат дээр дусааж хэрэглэхэд маш тохиромжтой байдаг бол өрмөөр сүүтэй цай, өглөөний цай зэргийг амталж хэрэглэхэд тохирно.

      Харин шар тос бол сүү цагаан идээний хамгийн шимт охь. Дээр үеэс шар тосыг бага хэмжээгээр эмчилгээний зорилгоор ашиглаж ирсэн байдаг. Хумсны толион чинээ шар тос эм гэсэн үг ч байна. Ядрах, даарах, тамирдах үед биеэ шар тосоор тосолж, шар тосоор хайрсан хуушуураа чих, хөлний уланд тавьж гаднаас нь шимийг хүртдэг ч байв. Тиймээс шар тосыг 1 удаа хэрэглэхдээ 5 г-аас хэтрүүлэхгүй байхад болно. Харин эсрэгээрээ хуушуураа хайраад, кофенд их хэмжээгээр хийж уугаад байвал эрүүл мэндэд эрсдэл дагуулна. Саяхан жингээ бууруулах зорилгоор шар тостой кофены аян маш хүчтэй өрнөлөө. Нэг хэсэгт нь сайн зохисон боловч нөгөө хэсэг нь цөс, нойр булчирхай үрэвссэн хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн. Хүн бүр дахин давтагдашгүй учраас тухайн хүнд тохирсон ч танд тохирно гэсэн үг биш. Тиймээс та хоол хүнсний мэдлэгээ нэмэгдүүлж, сонголтоо зөв хийж байхыг зөвлөе.

Мал амьтанд агуулагдах тос

      Бүх амьд амьтан уураг, өөх тос биедээ агуулсан байдаг. Ямар хэмжээтэй агуулж байгаа вэ гэдгээрээ хоорондоо ялгаатай. Амьтны гаралтай тосыг шууд хоолонд хэрэглэх нь харьцангуй бага. Гэхдээ бид ихэвчлэн махны өөх, дотор махны өөх зэрэг дагалдах хэлбэрээр хэрэглэсээр байдаг. Хонины сүүл, сэмж өөх зэрэг том сул өөхийг хоол хуурах зэрэгт ашигладаг бол махнаас ялгаж авсан өөх тосыг хайлуулж хашин тос гаргаж авдаг. Түүгээрээ боорцог хуушуур хайрдаг уламжлал бий. Энэ байдал сүүлийн жилүүдэд хот суурин газар эрс багассан нь нэн сайшаалтай ч хөдөө орон нутагт хэрэглэсэн хэвээрээ байна.

Өөхтэй мах хэрэглэх үедээ идэх махтайгаа адил хэмжээний ногоотой хольж хэрэглэхийг зөвлөж байна. Мөн дээрээс нь дахин тос хийхгүйгээр хоолоо амтлан хийвэл өөх тосны хэмжээг ихсэхгүй байх боломжтой.

Танд санал болгох

Тиби аппликeйшн
Таны халаасны Хоолзүйч

Эрүүл зөв зохистой хооллолтын хөтөч