Сүү цагаан идээний уураг ба өөх тос

Сүү, цагаан идээ нь үндсэн шимт бодис болох нүүрс ус, уураг, өөх тос, кальци, фосфор, кали, магни, А аминдэм, В12 аминдэмийн байгалийн цэвэр эх үүсвэр учраас төгс хүнс хэмээн тооцогддог. Мөн маш олон тооны ашигтай бактери агуулсан цорын ганц хүнсний бүлэг юм.

      Энэ л сүү, цагаан идээний ач холбогдол, өгөөжийг мэддэг байсан учир Монголчууд сүү, цагаан идээгээрээ хооллон зуныг өнгөрөөдөг байсан аж. Үүнийг бид “Гэдэс цайлгах” хэмээн ярьдаг. Шинжлэх ухааны үүднээс нь авч үзвэл гэдсээ цэвэрлэж, амрааж буй хэрэг. Шингэц хурдантай, шим ихтэй идээ хэрэглэх нь бие хөнгөрч, дархлаа сайжрахын үндэс болдог байна. Сүү, сүүн бүтээгдэхүүн нь хүн төрөлхтний иддэг бусад хоол хүнстэй харьцуулбал хүний биед хамгийн амархан бүрэн шингэдэг, хүний биед нэн шаардлагатай шимт бодисоор баялаг гайхамшигт хүнс юм. Монгол улсын зөв зохистой хооллолтын зөвлөмжид өдрийн хоолны 30-аас доошгүй хувийг сүү цагаан идээ байвал зохино гэж заасан байдаг.

Сүүний уураг

Бүх хүнсэнд тодорхой хэмжээний уураг агуулагдаж байдаг. Сүү цагаан идээнд 2 төрлийн уураг байна. Сүү, цагаан идээний 82% -ийг казейн уураг бүрдүүлдэг бол үлдсэн 18%-ийг шар сүүний уураг /вей/ эзэлнэ. Энэ 2 уураг нь биологийн маш өндөр үнэт чанартай.

 

“Казейн уураг нь хоол боловсруулах замд удаан задарч бие махбодод шаардлагатай үл орлогдох амин хүчлүүдийг үүсгэдэг. Энэ шинж чанарыг нь ашиглан хүүхдийн нэмэлт сүү, настан болон тамирчдын нэмэлт уураг үйлдвэрлэхэд ашигладаг байна.”

 

Шар сүүний уураг /вей/ нь лейцин, изолейцин, валин гэсэн салаалсан гинжин амин хүчлийг агуулдаг бөгөөд маш амархан задарч булчингийн сулрал, алдагдлын хурдан нөхөж, ажиллах чадварыг эрс нэмэгдүүлдэг. Энэ чанар нь тамирчдын бэлтгэлийн өмнө дараах хоол шим тэжээлд хамгийн ашигтай уураг болж чаддаг.

Тиймээс марафоны тамирчдийн голлох хүнсэнд вей уураг агуулсан сүү байдаг. Мэргэжлийн болон фитнесийн тамирчид казейн уургийг нэмэлтээр хэрэглэдэг. Магадгүй сүү, цагаан идээний соёл хангалттай биш улсын хүн ард уургийг нэмэлтээр авч болох ч Монгол шиг сүү, цагаан идээний оронд төрчхөөд уургийг нэмэлтээр авч хэрэглэх нь илүүц зардал юм. Үүний оронд бараг хаягдал болоод асгадаг шар сүү сайн уусан нь илүү сайн бөгөөд биед үүсэх хорт бодисын үлдэгдэл ч бага байна. Сүүний уураг нь хорт хавдар, зүрх судасны өвчний эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, эрүүл мэндийг сайжруулахад үр дүнтэй байгааг судалгаагаар баталсан байдаг.

Сүүний өөх тос

Малын гаралтай хүнсний бүтээгдэхүүнд ханасан болон ханаагүй тосны хүчил хоёулаа байдаг. Сүүний тосны үнэт чанар нь түүнд агуулагдаж буй ханасан болон ханаагүй тосны хүчлийн зохистой харьцаа болон фосфолипид, аминдэмийн агууламжаар тодорхойлогдоно. 

Бидний хэвшмэл ойлголтоор өөх тос багатай байх нь таргалалтыг бууруулж, зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлдэг. Хачирхалтай нь яг ч тийм биш юм. Харвардын Нийгмийн Эрүүл мэндийн сургуулийн хоол шим тэжээлийн мэргэжилтэн Walter Willett –ийн онцолсноор өөх тосны агууламж өндөртэй сүү нь таргалалтыг бууруулж магадгүй юм гэсэн байдаг.

Сүүний тосонд агуулагдаж буй фосфолипид хүний биеийн тосны солилцоог зохицуулах явцдаа элэг, судасны хананд илүүдэл өөх тос хуримтлагдахаас сэргийлэх үйлчилгээтэй байна. Бид судасны ханан дахь өөхөө цэвэрлэхийн тулд өөх тосноос татгалзах биш харин ч зөв харьцаатай өөх тосыг сонгож хэрэглэх хэрэгтэй гэдгийг онцолж хэлмээр байна.

       Манай улс жилийн 4-н улиралтай. Хавар анхны ногоо ургаж эхлэхтэй зэрэгцэн малын сүүний чанар сайжирч эхэлдэг. Намар өвс хагдарч, навчис унах хүртэл бэлчээрийн малын сүүний чанар хамгийн оргил үедээ хүрдэг байна. Энэ чанар нь сүү цагаан идээний тосонд хамгийн ихээр нөлөөлдөг. Учир нь энэ үед сүүнд омега 3 тосны хүчил хамгийн ихээр агуулж байдаг. Бэлчээрийн малын сүү цагаан идээнд хорт хавдрын эсрэг сайн үйлчилгээтэй линолейны хүчил их байдаг. Ялангуяа хөхний хорт хавдрын эрсдэлийг бууруулдаг нь судалгаагаар батлагдсан байна. Мөн бэлчээрийн малын сүүгээр бэлтгэсэн цөцгийн тосонд А, Е аминдэм, бетакаротин, омега-3 их байдаг. Тиймээс зуны турш шинэхэн цөцгий, цөцгийн тос хэрэглэх нь сайн тосны хүчил авах хамгийн сайн сонголт болно.

Монгол бяслаг бол тэр чигээрээ сайн тосны хүчилтэй. Тэжээвэр малын сүүгээр хийсэн бяслагаас бэлчээрийн малын сүүгээр хийсэн бяслаг 4 дахин илүү линолейны хүчил агуулдаг.

Maasdam cheese brick over the board

Гэвч удаан хадгалах тусам энэ шинж чанар нь багасдаг. Хэрвээ та биеийн жингээ бууруулах гэж байгаа бол өөх тос багатай сүүг уух нь тийм ч тохиромжтой биш юм. Харин үүний оронд өдөрт хэрэглэх хэмжээгээ тохируулан сүү цагаан идээгээ идэж хэрэглэх нь Монголчууд бидэнд хамгийн тохиромжтой.

Танд санал болгох

Тиби аппликeйшн
Таны халаасны Хоолзүйч

Эрүүл зөв зохистой хооллолтын хөтөч