Биеийн жингийн индексээ (БЖИ) тооцож, эрсдэлээ үнэлж сурцгаая

Та үнэхээр таргалалттай юу?

       Хүн бүрийн таргалалтын тухай ойлголт янз бүр. Сүүлийн үед зарим бүсгүйчууд 2-3 кг нэмчихвэл түүндээ санаа зовж “Би таргалаад байна”, “Жингээ хасмаар байна”, “Хоолоо хасна, мацаг барина, дэглэм барьж байгаа” гэх мэтчилэн янз бүрийн арга замаар жингээ бууруулах гэж үзнэ. Гэтэл зарим нь 10 кг жин илүү байхад тоохгүй байх нь элбэг ба “Би угаасаа ийм л байсан” гэх мэтээр өөртөө ханддаг. Эсвэл хэн нэгэн таныг “хөөх яасан их таргалаа вэ, дахиад нэмчихжээ” гэх зэргээр хэмждэг. 

Гэвч та үнэхээр Таргалаад байна уу? Эсвэл зүгээр л гадаад үзэмжээ голж байна уу? Та өөрийгөө хэмжиж тодорхойлж үзсэн үү?

     Таргалалтыг олон жилийн судалгаа нотолгоон дээр суурилсан аргуудаар тодорхойлно. Эдгээр аргууд нь хүний өндөр, одоо байгаа жин, нас, хүйс, бэлхүүсний тойрог зэрэг үзүүлэлтийг ашиглан тооцдог хамгийн энгийн аргууд юм. Дараалласан гурван арга байх бөгөөд аль нэг арга нь таныг шууд тарган гэж тодорхойлохгүй. Гэхдээ энэ аргуудаар хэр хэмжээний тарган, жингийн илүүдэлтэй байгаагаа та өөрөө төвөггүйхэн мэдэж болно.

Биеийн жингийн индекс (БЖИ)

     Хүн бүр дахин давтагдашгүй учраас таны жин таны өндөрт л тохирсон байх ёстой. Энэ үзүүлэлт нь таныг биеийн өндөр, одоо байгаа жингээс тань хамааруулж хэвийн жинтэй юу, жингийн илүүдэлтэй юу гэдийг тодорхойлдог.

    БЖИ-н хувьд хэвийн жинтэй байлаа гэж бодоход хэд нь булчин, хэд нь өөх байх нь тодорхойгүй гэсэн үг. Дан ганц БЖИ-р тодорхойлоод өөрийгөө тарган, туранхай гэж бодох хэрэггүй. Иймд дараагийн аргаар шалгаад үзээрэй. Үүнийг хэмжихэд танд туузан метр, жин, тооны машин байхад л болно. Эхлээд та өндрөө зөв хэмжинэ. Дараа нь одоо байгаа жингээ үзнэ. Хэмжиж авсан тоогоо доорх томьёонд оруулж бодоорой. Мөн энэ хэмжилтээр чихрийн шижин, зүрх судасны эрсдэлийг тодорхойлоход хамгийн их ашигладаг.

 

Биед агуулагдах өөхний хэмжээгээр

      Хүн бүрт байх ёстой хэмжээний өөх гэж бий. Туранхай харагддаг боловч, биед агуулагдах өөхний хэмжээ их бол эрүүл мэндийн эрсдэлтэй байдаг. Учир нь биед эзлэх өөхний хэмжээ нь нас, хүйснээс шалтгаалан өөр өөр байдаг. Биед агуулагдах өөх болон булчингийн массын харьцаанаас хамаарч биеийн жин нь адилхан хирнээ зарим хүмүүс эрүүл чийрэг харагдаж байхад зарим нь тарган харагддаг. Эмэгтэй хүнд арай илүү өөхөн эд агуулагдаж байдаг нь хүүхэд тээж төрүүлэх их хувь заяатай нь холбоотой. Тийм ч болохоор эмэгтэйчүүдийн өөхөн хэсэг хурдан нэмэгдэж эрэгтэйчүүдийг бодвол хурдан таргалдаг. БЖИ нь зөвхөн таны одоогийн жинд үндэслэж тарган, туранхайг тодорхойлдог бол өөхний хувь бол жинхэнэ таны биеийн бүтэц галбирыг илэрхийлдэг. Энэ ч утгаараа 90 кг жинтэй булчин, шөрмөс болсон залууг БЖИ-р таргалалттай гэж үзэх бол, өөхний хувиар бол хэвийн гэж үзнэ. Өөхний хэмжээг олон аргаар үзэж тодорхойлдог ба үүнд тооцоолол томьёоны арга, анализ тооцооллын аппарат багтдаг. Сүүлийн жилүүдэд эмнэлэг, сургууль, спортын байгууллага, зарим гоо сайхны газрууд биеийн бүтэц найрлага тодорхойлдог том хэмжээний хүчин чадалтай аппаратаас авахуулаад зөөврийн жижиг авсаархан аппаратууд ашиглан тодорхойлж байна. Танд хамгийн ойр байгаа газарт зорьж очин биед эзлэх өөхний хувиа тодорхойлуулж үзээрэй. Хэрэв ямар ч аппаратаар үзүүлэх боломжгүй бол дараах томьёогоор баримжаа авч болно.

Үүнийг бодохын тулд таны БЖИ, нас, хүйс хэрэгтэй.

  •  Биеийн өөхний хувь эрэгтэй /%/ = (1.20 x БЖИ)+ (0.23xНас )– (10.8xXүйс) -5.4
  • Биеийн өөхний хувь эмэгтэй/%/ = (1.20 x БЖИ)+ (0.23xНас )– (10.8xXүйс) -5.4

   

     Эрэгтэй бол биеийн жингийн 15-20%, эмэгтэй бол биеийн жингийн 20-25%-г өөх эзлэх нь эрүүл хэвийн гэж үзнэ. Тэгвэл дээр дурдсанаас их хувь буюу эрэгтэй хүнд 25%, эмэгтэй хүнд 30-с дээш хувийг өөх эзэлж байвал таргалалт гэнэ. Өөхний хувь их байлаа гээд та санаагаар унах хэрэггүй. Яг аль хэсэгт өөхлөлт их байгааг дараах аргаар үнэлж болно.

 

Бүсэлхийн тойрог (БТ) үзүүлэлт

      Энэ арга нь дээрх 2 аргыг бүрэн баталгаажуулдаг арга гэж ойлгож болно. БЖИ хэвийн боловч зөвхөн хэвлийн хэсгээр тарган байж болох тул бүсэлхийн тойргийн хэмжээг үндэслэн төвийн буюу алим хэлбэрийн таргалалтыг тогтоодог. Биеийн өөхний хувийг тодорхойлоход тусгай багаж хэрэг болдог бол харин бэлхүүсний тойрог нь маш энгийн аргаар эрүүл мэндийн байдалд тань таргалалтаас үүдэлтэй эрсдэл байгаа эсэхийг тодорхойлдог арга юм. Хэвлийн орчмын таргалалт хамгийн аюултай бөгөөд эргэж бууруулахад хамгийн их хугацаа хүч хөдөлмөр тэвчээр ордог.

БЖИ, өөхний хувиар үнэлээд таргалалтгүй хэвийн гэсэн үзүүлэлт гарсан ч орчин үеийн хүмүүсийн амьдралын хэв маягтай холбоотойгоор дотор өөх ихтэй байх нь элбэг тохиолдож байна.

Хэмжилтийг миллиметрийн туузан метрээр хүнийг эгц зогсоож, гэдсийг чөлөөтэй байлган, хүйсийг тааруулан нүцгэн бие дээр хэмжилт хийнэ. Энэхүү үзүүлэлт нь

  • эрэгтэйд 94 см
  • эмэгтэйд 80 см байвал

алим хэлбэрийн буюу төвийн таргалалттай гэж үзнэ.

Дээрх гурван аргаар үзээд үнэхээр жингийн илүүдэл таргалалттай, өөхний хэмжээ их, төвийн таргалалттай бол жингээ бууруулахаас өөр арга байхгүй.

Танд санал болгох

Тиби аппликeйшн
Таны халаасны Хоолзүйч

Эрүүл зөв зохистой хооллолтын хөтөч