Кокос, далдуу мод, какаоны тос буюу УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ХАНАСАН ӨӨХ ТОС

Та гайхаж байна уу? Тиймээ яах аргагүй ургамлаас гаралтай мөртлөө ханасан өөх тос агуулсан тоснууд бий. Үүнд кокосын тос, далдуу модны тос, какаоны тоснууд ордог. Эдгээр тосонд ханаагүй тосны хүчлээсээ илүү ханасан тос нь давамгайлж байдаг. Зарим тархи мэдрэлийн өвчний үед богино хэлхээт тосны хүчил буюу ханасан тос нь маш чухал үүрэгтэй байдгийг судалгаанд дурдсан байдаг. Иймээс хэрэглээгээ тохируулаарай. Мөн хэт муу, эсвэл сайн гэж туйлшрах хэрэггүй.

Кокосын тос

Наргил модны самар болох кокосны голоос гаргаж авдаг тос юм. Кокосын тос нь 230’C дулаантай өрөөнд хатуу цагаан өнгөтэй, өөх шиг байна. Харин халуун өдөр, дулаан уур амьсгалтай газарт тунгалаг шингэн болдог тос юм. Цэвэршүүлээгүй цэвэр соорт нь наргил модны анхилуун үнэртэй байдаг. Энэ тосыг маш олон төрлөөр ашигладаг. Хүнсний тос, гоо сайхан, угаалгын нунтаг, эдийн саван зэргийн хийдэг. Кокосын тос, хашин тос, сүүлний тос, дотор өөх зэрэг нь агууламжаараа адилхан.

Өндөр хэмжээний ханасан өөх тос агуулдаг тул эрүүл мэндийн байгууллагуудаас энэ тосыг хүнсний хэрэглээнд хязгаартай хэрэглэхийг зөвлөж байна. Бусад ургамлын гаралтай тос дотроос хамгийн их ханасан тос /84%/ агуулдаг. Үлдсэн 16%-д нь ханаагүй тос байдаг. Бага зэргийн Е аминдэм байна. Маш бага хэмд хайлдаг учир хүчтэй ширүүн галаар хоолоо хуурах, шарах зэрэгт нэн тохиромжгүй. Энэ тохиолдолд хорт бодис үүсгэдэг.

Харин нарийн боов жигнэхэд түрхэх, салат, смүүти зэрэгт тохиромжтой. Ханасан болон ханаагүй тос хоёулаа агуулагддаг учир эрүүл мэндийн ач холбогдол дээр маргаантай асуудлууд их байдаг. Гэвч тос талаас нь аваад үзвэл 1 удаад хэрэглэх хэмжээ 10-г-аас ихгүй байхад аюулгүй. Кокосын тосыг харанхуй сэрүүн газар хадгална.

Эрүүл мэндийн ач холбогдол: 

  • Альцгемрийн өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Мөн энэ үеийн эмчилгээний хоолонд маш чухал.
  • Үсний уургийн алдагдлыг бууруулж, тэжээл өгнө.
  • Арьс үрчлээтэх, хуурайших, өнгөө алдахаас сэргийлнэ.
  • Гэмтсэн эд эс, элэг бөөрний өвчин, нойр булчирхайн үрэвслийн үед хэрэглэхэд тохиромжтой.
  • Цусан дахь сахарын түвшинг хянах, инсулины ялгарлыг сайжруулна.

Далдуу модны тос

Далдуу модны тос нь Африкаас гаралтай. Сүүлийн жилүүдэд далдуу модыг зүүн өмнөд Ази, түүний дотор Малайз, Индонез зэрэг орнуудад тариалж өргөн хэрэглэж байна. Эдгээр хоёр улс одоогоор дэлхийн далдуу модны тосны хангамжийн 80 гаруй хувийг үйлдвэрлэдэг. Эрдэмтэд энэхүү тосыг хоолонд хэрэглэх нь зөв эсвэл буруу гэдэг дээр эцсийн дүгнэлтэд хүрээгүй ба байнгын маргаантай байдаг. Зарим нь зүрхний эрүүл мэндэд эрсдэлтэй гэж үздэг.

Нийт илчлэгийг өөх тос бүрдүүлэх бөгөөд 50% нь ханасан тосны хүчил, 40% нь ханаагүй тосны хүчил, 10% нь олон ханасан тосны хүчил агуулдаг. Далдуу модны тосны улбар шар өнгийг бүрдүүлж байгаа бета-каротин, каротиноид зэрэг биологийн идэвхт нэгдэл, антиоксидант агуулдаг. Хамгийн өндөр хэм хүртэл халааж болдог тос. Дангаар нь хоол хүнсэнд төдийлөн хэрэглэдэггүй. Үйлдвэрийн хүнсээр дамжуулан өдөр тутмын хэрэглээнд хэрэглэж болно. Гэхдээ 1 удаа идэх хэмжээ бага байхыг анхаарна уу. 

Хүнсний үйлдвэрлэлд талх, жигнэмэг, маффин гэх мэт гурилан бүтээгдэхүүн, уургийн баар, шоколад, кофены крем, сүү, маргарин зэргийг үйлдвэрлэдэг. Кокосын тос шиг өрөөний температурт хагас хатуу хэлбэртэй байдаг. Далдуу модны тосыг харанхуй сэрүүн газар хадгална. Манай улс иргэд өдөр тутамдаа кофе уух нь эрс нэмэгдэж байна.

Нийт кофе ууж байгаа хүмүүсийн 60-70% нь инстант буюу сүүтэй найруулдаг кофе уудаг. Үүний найрлагад байх кофены сүү нь үнэндээ сүү биш бөгөөд далдуу модны тосноос гаргаж авсан тос байдаг. Тиймээс та сүү биш тос ууж байгаа гэсэн үг. Сүүтэй кофе уумаар байвал цэвэр сүүгээ ашиглаарай.

Эрүүл мэндийн ач холбогдол:

  • Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлнэ.
  • Гоо сайханд өргөнөөр ашиглах бөгөөд арьсыг зөөлрүүлж, хуурайшихаас хамгаална.
  • Холын хараа сайжруулах, нүдний бусад үрэвсэлд маш сайн.
  • Үсний ургалтыг сайжруулдаг.
  • Хорт хавдрын эрсдэлийг бууруулдаг.
  • Жирэмсэн үеийн болох төрсний дараах гармоны тэнцвэрийг нэмэгдүүлдэг

Какаоны тос

Какаоны тос нь какаоны үрээс гаргаж авдаг тосны нэг төрөл юм. Какаоны үрийг хуулаад, дараа нь тосыг нь шахах аргаар үйлдвэрлэдэг. Какаог 3000 орчим жилийн турш анагаах ухаанд ашигласаар иржээ. Какаоны тос нь фитохимийн биологийн идэвхт бодисоор маш баялаг.

“Тосны төрөл дотроо хамгийн бага илчлэгтэй бөгөөд 86% нь ургамлын ханасан өөх тос, үлдсэн 14 орчим хувийг ханаагүй тосны хүчил бүрдүүлнэ.”

Хоол хүнсний мэргэжилтэн эрдэмтэд энэ тосыг хоолонд маш багаар хэрэглэхийг зөвлөдөг бол хүнс үйлдвэрлэгчид шоколад, тослог жигнэмэг, шоколадтай үрэл, чихэр, зайрмаг зэрэгт түгээмэл ашигладаг байна. Тиймээс та үйлдвэрийн хүнс авахдаа энэ тос хэр хэмжээтэй орсныг шалгаж авч байгаарай. Хамгийн гол хэрэглээ нь гоо сайхан, ахуйн зориулалтаар хэрэглэхэд маш тохиромжтой тос.

Гоо сайхны ач холбогдол:

  • Үс уналтыг багасгана.
  • Хөгшрөлтийн шинж тэмдэг, үрчлээсийг бууруулна.
  • Арьсны сорвийг багасгана.
  • Эвэршиж, хуурайшсан арьсыг маш сайн зөөлрүүлдэг.
  • Жирэмсэн үедээ энэ тосоор гэдсээ тослоход язралт маш бага явагддаг.
  • Арьсны үрэвслийг багасгахад тусалдаг.
  • Үс халцрахаас сэргийлдэг.
Танд санал болгох

Тиби аппликeйшн
Таны халаасны Хоолзүйч

Эрүүл зөв зохистой хооллолтын хөтөч