Өөх, тосгүй бие дулаалгагүй гэртэй адил

Хүний бодисын солилцоонд заавал оролцдог шимт бодис буюу тулгын гурван чулууны нэг өөх тос. Өөх тосыг хоол хүнсэнд тосны бүлэг гэж нэрлэдэг.

Бие өөх тосгүй болох, эсвэл дутагдсанаар хүний биед даарах, ядрах, сэтгэн бодох чадвар муудах, ажлын бүтээмж буурах шинж илрэхээс гадна, тосны тусламжтайгаар биед шингэдэг А, Д, Е, К аминдэмийн дутагдал гарах эрсдэлтэй. Тийм учраас хүн өөх тосыг хоолоор хүнсээрээ заавал авах шаардлагатай байдаг.

Тосны төрөлд мал, амьтны махны өөх тос, хашин тос, сүүлний өөх, сүү цагаан идээнээс гаргаж авдаг цөцгий, зөөхий, цөцгийн тос, хольсон тос, өрөм, шар тос, ээзгийтэй тос, бяслаг, үрийн бүх төрөл, маалинга, чиа үр, чидун, мөн кокосны тос, самрын бүх төрөл, рапс, бүх төрлийн ургамлын тос зэрэг маш олон хүнсний бүтээгдэхүүн орох бөгөөд дотор нь сайн, муу, муугийн муу тос гэж хуваан үзэж болно. Монголчууд өөхөн тос, ургамлын тос, оливын тос, гүнжидийн тосыг голчлон хоол хүнсээ шарах, хуурах эсвэл салат зууш зуурах, амтлахдаа хэрэглэдэг. Бид өөх тосны талаар тодорхой ойлголт өгч, мэдлэгт тань дусал нэмэх цуврал нийтлэлүүдийнхээ эхний хэсгийг толилуулж байна.

Сайн, муу, “хэрцгий” тос

Эрхэм уншигч та манай нийтлэлийн байнгын уншигч мөн бол аливаа хүнсний бүтээгдэхүүн, шимт бодис, амин дэм, эрдэс бодисуудын тунг тааруулж хэрэглэвэл “эм болдог” гэдгийг хэдийнээ ойлгосон биз ээ. Түүн лугаа адил өөх тос ч бас хүний биед тодорхой хэмжээгээр агуулагдаж байх ёстой.

Хэвийн хэмжээнд байгаа өөх нь бидний дотор эрхтнийг доргилтоос хамгаалах, биеийн дулааныг тогтмол хэмд барих буюу халууцах, даарах мэдрэмжийг зохицуулах үүрэгтэй. Шинжлэх ухаанд эрэгтэй хүний биеийн жингийн 15-20%, эмэгтэй хүний биеийн жингийн 20-25%-г өөх эзэлж байхыг эрүүл буюу зохистой харьцаа хэмээн үздэг. Энэ хэмжээнээс ихэсвэл таргалалт, дотор өөхлөлт үүсдэг.

Өөх тос нь хүний биед: 

  • сайн буюу их нягттай липопротейн /ИНЛП/,
  • муу буюу бага нягттай липопротейн /БНЛП/,
  • холестрин, трилицерид гэсэн хэлбэрээр судасны хананд, бор өөх, дотор өөх, сэмжин өөх хэлбэрээр их биед оршдог.

Тосны хэмжээг биохимийн шинжилгээ болон биеийн найрлага хэмжигч аппарат зэргээр тодорхойлох боломжтой. Бие дэх тосны төрлүүдийн хэмжээ нь эрүүл мэндийн байдлыг тань тодорхойлох гол хүчин зүйлсийн нэг. Тиймээс жилд 1 удаа өөх тосны бүрдлийн шинжилгээ өгч, бие дэх тосоо “хянаж” байхыг зөвлөе.

Биед байх өөх тосыг хэвийн хэмжээнд барихад өдөрт авах тосны хэмжээ маш чухал. Өдөр бүрийн хоолныхоо 30-35%- г тосноос авч байвал хамгийн зохистой хэмжээтэй гэж үзнэ. Бүх төрлийн 5 г тос 45 ккал илчлэгтэй байдаг. Өдөрт хэрэглэх нийт тосны хэмжээ дунджаар 67г. Үүнээс бага өөх тос идвэл аажимдаа таны оюуны бяд саарч, арай эрт зөнөх хэмээх өвчинтэй нүүр тулах эрсдэл үүсэх магадлалтай. Харин өдөрт 67 граммаас хэтрүүлэн идээд байх аваас зүрх судас, судасны хатуурал, бодисын солилцооны эмгэгт өртөн, таргалалт хэмээх өвчинд баригдан хөдөлмөрийн чадвараа эрт алдах аюултай.

     Өөх тосыг химийн бүтэц, харагдах байдал, гарал үүслээс нь хамааруулж олон ангилдаг ч бид энгийнээр амьтны гаралтай, ургамлын гаралтай тос гэж ихэвчлэн ярьж, ойлгодог. Хоол хүнсээр орж ирсэн өөх тос ходоод, гэдсээр дамжин цусанд шингэхдээ тосны хүчил болон хувирдаг. Тэрхүү тосны хүчлийн бүтцээс нь хамаарч ханасан тос, ханаагүй тос гэж хуваана. Жирийн үед ч царцдаг буюу ихэвчлэн амьтны гаралтай хатуу өөх тосыг ханасан тос гэдэг. Харин ханаагүй тосонд жирийн үед царцдаггүй буюу шингэн байдлаа алддаггүй ургамлын гаралтай тоснууд багтдаг. Энгийн үгээр ханаагүй буюу шингэн тос нь сайн, ханасан буюу амьтны гаралтай тос муу гэж ойлгож болно. Түүнчлэн хамгийн муу тос болох транс тосонд үйлдвэрийн аргаар гаргаж авсан маргарин, түрхдэг болон хуудсан сыр, кекс, амттанууд, түргэн хоолнууд багтана. Эдгээр сайн, муу тосыг хэрэглэхдээ харьцааг зөв баримтлах нь хамгийн чухал юм.

Тос муу гээд туйлшрах нь тун буруу. Амьтны, ургамлын гаралтай тос аль аль нь зохист хэмжээгээр хүний биед шингэж байж гэмээнэ эрүүл байна гэдгийг дахин сануулъя. Нэг талын хэт туйлширсан хэрэглээ нь зохистой харьцааг алдагдуулж өвчин үүсгэхийг анхаарагтун. 50-60 жилийн өмнө өөх тосыг хамгийн мууд үзэж хоолны орцоос бүрэн хассан үр дагавар нь одоо “Зөнөх” хэмээх өвчин хэтэрхий эрт дөнгөж 50 настнуудад гарч эхэлж байна. Нэг үеэрээ хохирч байгаа гашуун сургамж бусад улсад өрнөж байна.

   Монголчуудын хувьд өөх тосыг байгаль цаг уур, орчин нөхцөлдөө тохируулан тун ухаалаг хэрэглэж ирсэн түүхтэй. Тосны чанарыг алдагдуулахгүй, хөргүүргүй нөхцөлд боловсруулан, хадгалах, хэрэглэж ирсэн уламжлалт арга нь бишрэм ард түмэн. Төрсөн хүүхдийн кальци болон өөх тосны хэрэгцээг төрөнгүүт нь ангир уураг амлуулан, эхийн сүүгээр хооллож, сүүлний өөх хөхүүлэх, бор хоолонд ороход нь сүүлний годон бариулан тархинд хамгийн чухал шаардлагатай үл орлогдох, омега-3 хэмээх бодисыг төвөггүйхэн хангаж чаддаг байжээ. Бэлчээрийн мал аж ахуйгаар дамжин зун цагт шинэхэн өвс ногоо ургасан үед хамгийн шимт өвсийг сорчлон хүргүүлж, малын сүү саалиас гарсан өөх тосноосоо омега -3 болон бусад эрдэс, аминдэмээ бүрэн авч чаддаг байжээ. Бидний дараагийн нийтлэлээс сайн өөх тос буюу ханаагүй ургамлын тоснуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

Танд санал болгох

Тиби аппликeйшн
Таны халаасны Хоолзүйч

Эрүүл зөв зохистой хооллолтын хөтөч