Яагаад турахаар шийдсэн бэ?
Мэдээж жингийн илүүдэлтэй эсвэл тарган учраас гэж хариулах байх. Нүүдэлчин бидний хувьд саяхныг болтол тарган хүн тийм ч их байсангүй. Тиймээс цөөхөн харагдах тарган хүнээ буяны тарга гэж өхөөрдөн хочлох мэт боловч цаагуураа егөөдсөн утга санаа агуулж байж. Үнэндээ бол таргалах үндэс байхгүй байлаа. Өглөө гараад малаа дагаад өдөржин малын бэлчээрт байж ирнэ. Малд явсан хүн зүгээр суух арга байхгүй тул мал хаашаа малчин тийшээ. Байнгын идэвхтэй хөдөлгөөн хийдэг байж. Арай хүн ам төвлөрсөн газар амьдардаг нь ажил, гэр гээд хаашаа ч явсан алхаж л байсан. Ийм л идэвхтэй амьдралын хэв маягтай байжээ.
Суурьшмал нийгэмд шилжээд 100 гаруй жил болоогүй хирнээ өнө удаан хотожшсон дэлхийн бусад оронтой таргалалтаараа эн зэрэгцэж уралдаж байгаа нь тун харамсалтай. Гэхдээ энэ таргалалт нь дан ганц манай улсын хувьд биш, дэлхийн ихэнх улсын толгойны өвчин, шийдэх том асуудал болж байгаа билээ.
Улс орон бүр өөрийн иргэдийн хоол шим тэжээлийн байдлыг үнэлэх судалгаа явуулж түүний үр дүнгээр зөвлөмж зөвлөгөө боловсруулдаг. Манай улсын хувьд “Хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний судалгааг 1992-2017 оны хооронд Үндэсний 5-н удаагийн судалгаа явуулсан. Эдгээр судалгаагаар жил ирэх тусам хүн амын хоол тэжээлийн байдал өөрчлөгдөж улмаар таргалалт биеийн жингийн илүүдэлтэй хүмүүсийн тоо нэмэгдсээр байна.
Үндэсний 5 дугаар судалгааны зарим үр дүнгээс дурдвал илүүдэл жин ба таргалалтын тархалт 5 хүртэлх насны хүүхдэд 11.7 хувь, 6-11 насны хүүхдэд 28.6 хувь, 15-49 насны эмэгтэйчүүдэд 46 хувь, 15-49 насны эрэгтэйчүүдэд 49 хувь тус тус байна. Өөрөөр хэлбэл 2 хүн тутмын 1 нь жингийн илүүдэл болон таргалалттай.
Дээрээс нь бидний гэрэлт ирээдүй болсон хүүхдийн таргалалт ч мөн нэмэгдэж байна. Аливаа улс орны хүн амын дундаж наслалт, эрүүл мэндийн үзүүлэлт нь хүүхэд, өсвөр үеийн эрүүл мэндтэй шууд холбоотой бөгөөд ихэнх архаг өвчний суурь нь өсвөр наснаас тогтсон буруу зан үйлээс үүдэлтэй болохыг судлаачид нотолсон. Жирэмсэн эхийн хоол тэжээлийн байдал, биеийн жингийн илүүдэл нь хүүхэд илүүдэл жин таргалалттай төрөх, хүүхэд насандаа илүүдэл жинтэй болох эрсдэлийг дагуулдаг.
Таргалалт гэж юу вэ?
Хүний биеийн жин нь булчин, өөхлөг эдийн зохистой харьцаанаас бүрдэх бөгөөд эдгээр нь таны нас, хүйс, өндрөөс хамаараад тохирсон хэмжээтэй байдаг. Харин булчин болон өөхлөг эдийн харьцаа алдагдсанаас таргалалт бий болдог.
Хүний биеийн тодорхой хувийг өөх заавал эзэлж байх ёстой бөгөөд өөх нь хэд хэдэн голлох даавар ялгаруулж, биеийн дулааныг зохицуулж байдаг. Харин биед байх өөхний хэмжээ хэвийнээсээ ихсэж хуримтлагдахыг таргалалт гэнэ. Таргалалт гэхээр өөх болон өөхний эсийн тухай л яригдана. Хуримтлагдсан өөхөн эс нь ухаантай бөгөөд муу санаатай гэхэд болно. Өөхний эс нь хүний биед эсийн тоогоо өсгөх, эсийн хэмжээгээ томруулах гэсэн 2 замаар хуримтлагддаг хирнээ жингээ бууруулах явцад олон болсон өөхөн эс тоогоо хэзээ ч цөөрүүлдэггүй ба зөвхөн хэмжээгээ л багасгаж нуугддаг.
Айхтар байгаа биз. Аливаа зүйл байх хэмжээнээс ихсэх, багасах нь асуудал болж байгаа юм. Эсрэгээрээ биеийн өөх багасах нь нэлээдгүй олон хямрал жингийн алдагдал зэрэгт хүргэдэг. Гэвч энэ нь өөх ихсэхээс харьцангуй бага тохиолддог.
Таргалалтын олон хэлбэрийн тодорхойлолт байх ажээ. Эр, эм хүмүүсийн бие физиологийн онцлог, биеийн галбиртай нь холбоотойгоор дийлэнх хүмүүст өөхний тархалт 2 янзын хэлбэрээр илэрч байдаг. Биед хуримтлагдсан өөхөн эдийн хэмжээ ба байрлалаар нь алим, лийр хэлбэрийнх гэж ангилна.
Эрэгтэй буюу алим хэлбэрийн таргалалт нь хэвлий, хэвлийн урд хана, их бие, нүүр, хүзүү хэсгээр байрладаг. Энэ хэлбэрийн таргалалт эрүүл мэндийн байдалд хамгийн хор уршигтай. Учир нь дотор өөхлөлт давхар явагддаг. Эмэгтэй буюу лийр хэлбэрийн таргалалтаар гуя, өгзөгний хэсэгт өөх хуримтлагддаг. Хэдий таны биеийн нийт өөхний хувь их боловч бэлхүүсний тойргоороо хэвийн нарийхан бол та азтай байна. Таны өөхний ихэнх хэсэг өгзөгний хэсэгт байрлаж байгаа бөгөөд энэ нь эрүүл мэндэд эрсдэл багатай байдаг. Мөн стрессээс, хооллолтоос, даавраас, удамшлаас гаралтай гэж хуваан үзнэ.
Энэ мэт таргалалтыг тойрсон асуудал маш олон. Дараагийн нийтлэлүүдээрээ бид “та үнэхээр тарган уу? Тийм бол хэрхэн жингээ бууруулах вэ? гэдэг талаар дэлгэрэнгүй мэдээллүүдийг хүргэх болно.