Таргалалт ба хооллох зуршил

Таргалалт нь удамшил, орчин, дасгал хөдөлгөөн, сэтгэл санааны байдал зэрэг маш олон шалтгааны улмаас үүсдэгч хамгийн том голлох шалтгаан нь ХООЛЛОХ ЗУРШИЛ байдаг. Хоосон илчлэгтэй, чихэрлэг амттан, хэт боловсруулсан хоол хүнс зэргийг бүрэн шингээж, шатааж чадалгүй өөх болгон биедээ хадгалснаар булчин болон өөхлөг эдийн харьцаа алдагдан таргалалт үүсдэг.

Энгийн хэдэн асуултаар өөрийнхөө таргалах зуршилд хэр автсаныг нэг шалгаж үзэцгээе. Таньд дараах зуршлуудаас хэд нь байна вэ?  

  • Олон төрлийн хүнс хэрэглэдэггүй. Гурил, будаа, мах, тос голлон хэрэглэдэг.
  • Цагаан гурил будаа, түүгээр хийсэн нарийн боов ихэвчлэн иддэг.
  • Хүнсний ногоо болон жимс, жимсгэнийг 7 хоногт 3-4 удаагаас бага хэрэглэдэг.
  • Шарсан, хуурсан, чихэрлэг зүйлс, чипс, бэлэн гоймон, пицца, шарсан тахиа зэрэг өөх тос ихтэй түргэн хоол, хүнс байнга хэрэглэдэг.
  • Өглөөний цайгаа уудаггүй.
  • Тогтмол цагт хооллодоггүй.
  • Ус хангалттай уудаггүй. Усны оронд хийжүүлсэн ундаа, жүүс, кофе зэргийг уудаг.
  • Хэт оройн цагаар болон шөнө хоол иддэг (ундаа, печень, чипс). Судалгаагаар илүүдэл жинтэй хүмүүсийн 60% нь шөнө хэтрүүлж иддэг зуршилтай байдаг байна.
  • Гэнэт нэг дор их хэмжээгээр хурдан иддэг.
  • Зурагт үзэх, компьютер дээр суух болон ном, сэтгүүл уншихдаа юм иддэг.

       Та хэдэн асуултанд тийм гэж хариулсан бэ? 5-аас олон зуршил байвал даруй засаж залруулахыг хичээгээрэй. Ингэхдээ өөрт хамгийн амарханаас нь эхлээд бага багаар 2-3 буруу зуршлаа өөрчлөхөд л таны биед эерэг өөрчлөлт эрс мэдэгдэж эхэлнэ. Мэдээж танд зөв зохистой хооллолт, дасгал хөдөлгөөн, тодорхой цаг хугацаа шаардагдана. Учир нь жингийн илүүдэл болон таргалалт нь нэг өдөр их идээд л гэнэт бий болчихсон зүйл биш байдаг. Таны урт хугацааны зохисгүй хооллолт, биедээ хуримтлуулсан илүүдэл илчлэг, идэвхгүй амьдралын хэв маягаас үүсдэг.

       Эр, эм хүмүүсийн бие физиологийн онцлог, биеийн галбиртай нь холбоотойгоор дийлэнх хүмүүст өөхний тархалт 2 янзын хэлбэрээр илэрч байдаг. Биед хуримтлагдсан өөхөн эдийн хэмжээ ба байрлалаар нь олон янзаар ангилах боловч дийлэнх тохиолдолд алим, лийр хэлбэрийн таргалалт их байдаг. Эрэгтэй буюу алим хэлбэрийн таргалалт нь хэвлий, хэвлийн урд хана, их бие, нүүр, хүзүү хэсгээр байрладаг. Энэ хэлбэрийн таргалалт эрүүл мэндийн байдалд хамгийн хор уршигтай. Учир нь дотор өөхлөлт давхар явагддаг. Эмэгтэй буюу лийр хэлбэрийн таргалалтаар гуя, өгзөгний хэсэгт өөх хуримтлагддаг. Хэдий таны биеийн нийт өөхний хувь их боловч бэлхүүсний тойргоороо хэвийн нарийхан бол та азтай байна. Таны өөхний ихэнх хэсэг өгзөгний хэсэгт байрлаж байгаа бөгөөд энэ нь эрүүл мэндэд эрсдэл багатай байдаг.

     Таргалалт даамжирвал чихрийн шижин, зүрх судасны эмгэг, хоол боловсруулах замын эмгэг, хавдар зэрэг өвчлөлд хүргэх ба унтаж байхдаа амьсгал тасалдах, яс үрэвсэх, бэлгийн хямралд орох зэрэг хүндрэлүүдийг үүсгэдэг. Иймд та өөрийн эрүүл мэнд, гоо сайхныхаа төлөө өнөөдрөөс эхлэн буруу  зуршлуудаа өөрчлөөрэй. Ямар хоол хүнс хэрэглэвэл зохистойг мэдэхийг хүсвэл халаасны хоол зүйч Tibi app-г татаж аваад хэрэглээрэй.

Танд санал болгох

Тиби аппликeйшн
Таны халаасны Хоолзүйч

Эрүүл зөв зохистой хооллолтын хөтөч