НАРИЙН НОГОО буюу Шанцай – Юуцай – Бууцай

Бидний нарийн ногоо хэмээн нэрлэдэг шанцай, бууцай зэргийг навчит ногоо гэдэг.

Навчит ногоо нь шим тэжээлийн чухал эх үүсвэр юм. Ихэнх навчит ногоо тос бараг агуулдаггүй, эслэг фолийн хүчил, С аминдэм, магни, кали зэрэг эрдэс бодис, лютейн, бета-каротин зэрэг ургамалд л зөвхөн байх шимт нэгдлүүдийн эх үүсвэр болдог. Судлаачид хүний хоногт хэрэглэх навчит ногоог нэг нэгжээр нэмэгдүүлэхэд зүрх судасны өвчний эрсдэлийг 11% бууруулах боломжтойг баталжээ. Нэг нэгж ногоо гэдэг нь ойролцоогоор 70 орчим граммыг хэлдэг. Навчит ногоо нь маш бага илчлэгтэй тул жингээ барих, жингээ бууруулахад хамгийн тохиромжтой.

Шанцай буюу цоохор майлз

Энэ ногоо нь эслэг фолийн хүчил, С, Е, В2, В6 аминдэм болон, фосфор, кальци, магни, төмөр, манган зэрэг эрдэс бодисын эх үүсвэр болдог. С аминдэмээр нэн баялаг учир уламжлалт анагаах ухаанд үрэвсэл намдаах, дархлаа дэмжих зорилгоор хэрэглэж иржээ. 

Илчлэг багатай, нэг урт том шанцайнд ердөө 9ккал илчлэг л байх ба 1 г эслэг агуулах ба өдрийн К витамины 23%-г хангана. Эфирийн тос 10% хүртэл байдаг учраас анхилуун сайхан үнэртэй. Шанцайн дийлэнх хэсэг буюу 95 орчим хувь нь ус байдаг тул жиндээ санаа зоволгүйгээр энэ ногоог хөнгөн зуушаар идэж болно. Шанцайны шүүс, шөл нь цөсний хүчлийн ялгарлыг нэмэгдүүлэх замаар цусан дахь холестеринийг бууруулдаг.

Хэрэглээ: Чанаж болгоход ажрахгүйгээр шим тэжээллэг чанараа авч үлдэж чаддаг цөөн төрлийн ногооны нэг юм. Иш болон навчсыг бүхэл төрлийн хоолонд хэрэглэж болох боловч ихэвчлэн хөнгөн зууш маягаар хэрэглэхэд тохиромжтой. Мөн шүүс маягаар хэрэглэнэ.

Сонголт: Сонгож авахдаа аль болох сэгсгэр сэргэг байгааг авах нь зүйтэй. Навч нь налж унасан, иш нь хугарч гэмтсэн, шарлаж цайрсан бол авах хэрэггүй гэж зөвлөе.

Хадгалалт: Хадгалалтыг харьцангуй даадаг ногоо учраас хүнсний цаас, даавуунд боогоод хөргөгчний ногооны хэсэгт 7-10 хоног байхад шинээрээ байх чадвартай.

Юуцай /тост байцаа/

Энэхүү байцаа нь Ази хоолны нэг гол орц бөгөөд Солонгос, Хятад хоолонд хамгийн их хэрэглэгддэг. Кальци, кали, С, А аминдэмүүдийг хамгийг ихээр агуулдаг учраас кальци нөхөх, яс бэхжүүлэхэд өндөр ач холбогдолтой. Антиоксидант чанартай тул аливаа үрэвслийн эсрэг, хорт хавдраас сэргийлэх үйлчлэл бүхий биологийн идэвхт бодисуудаар баялаг. 

Цусны бүлэгнэлтэд оролцож, кальцийн шимэгдэлтийг дэмжиж, ясны эрдэсжилтийг хэвийн байлгах замаар яс сийрэгжилтээс урьдчилан сэргийлэхэд тусална. Хүн эрч хүчтэй байхад хамгийн хэрэгтэй аминдэмүүд нэг дор байна гэсэн үг. Бага насны хүүхдэд байнга хоолонд нь өгөхөд шүд болон ясны хэвийн өсөлт хөгжилтөд эерэг нөлөө үзүүлдэг. Ходоод гэдсийг цэвэрлэн, хорыг тайлж, архийг гарган, хоол шингээж, хийг доошлуулж, өтгөн шингэнийг гадагшлуулна.

Хэрэглээ: Маш хурдан болдог. Ихэвчлэн болгож боловсруулж, шөлтэй хоол үндсэн хоолны хачирт хэрэглэнэ. Ердөө 5 хүртэлх минутад жигнэх, чанах ёстойг анхаарна уу. Минутаас дээш чанах жигнэх шарах явцад шим тэжээлээ алдаж зүгээр ногоо болон хувирна. Битүүмжлэгчтэй хүнсний уутанд хийгээд хөргөгчид 7 хоног хүртэл хадгална. Хатааж, нунтаглаад 12 сар хүртэлх хугацаанд хэрэглэнэ. Мөн гүн хөлдөөгөөд 10-12 сарын хугацаанд амин дэмийг нь шинээр нь хэрэглэх боломжтой.

Хадгалалт: Харьцангуй хадгалалт даадаг учраас худалдаж авахад санаа зовохгүй байж болно. Гэхдээ л ногоо учраас аль болох шинэхэн соргог өнгө сайтайг сонгоорой.

Бууцай

Шимт чанар сайтай хүнсний ногоо бөгөөд олон давуу талтай. Нэг аяга бууцайнд хүний нэг өдөрт авах шаардлагатай К витамины агууламж ойролцоогоор 108% байдаг. 

Мөн А, С, Е, К, В2, В6, фолийн хүчлийн агууламж өндөртэй. Магни, манган, төмөр, кальци, кали, зэс, фосфор, селен зэрэг эрдэс бодисоор маш баялаг хамгийн эрүүл навчит ногооны нэг юм. Олон төрлийн антиоксидант флавинойд каротинойдоор баялаг тул үрэвсэл намдаах, хорт хавдрын эрсдэлийг бууруулах үйлчлэлтэй.

Хэрэглээ: Бууцайгаар маш олон төрлийн салат зууш, ундаа хийж болдог хамгийн гайхалтай ногоо. Олон төрлийн усанд уусдаг аминдэмүүд агуулах учраас дулааны аргаар боловсруулахад хамгийн хурднаар шимт бодисоо алдаж байдаг. Тиймээс бууцайг түүхийгээр нь салат, зууш, смүүти байдлаар хэрэглэх нь тохиромжтой. Хэрэв болгож хэрэглэх тохиолдолд буцалж байгаа усанд 1-2 минут орчим таггүй буцалгаад хүйтэн усанд хурдан сойж хөргөвөл өнгө нь гүн хар, ногоон өнгөтэй болж шим тэжээллэг чанар нь нэмэгдэнэ. Шөлтэй хоолонд хэрэглэхдээ хоолыг яг гарахын өмнө хийгээд таггүй 1-2 минут буцалгахад болно.

Сонголт: Шинэлэг байдлаа алдаагүй, навч нь сэтэрч гэмтээгүй, иш нь шарлаж зөөлрөөгүй, сэвсгэр, гүн ногоон өнгөтэйг сонгож аваарай. Мөн жижигхэн байх тусмаа шинэхэн, навч нь том далбагар байх тусмаа хөгширсөн байдаг. Хөгширсөн бууцай жаахан гашуун амттай байдаг. Бууцайг хадгалахдаа гаднын шорооноос нь салгаад хүнсний цаас юм уу алчууранд боож хийнэ. Яг хэрэглэхийн өмнө хүйтэн усаар сайн зайлж угаагаад, усыг хатаасны дараа хэрэглэнэ. Мөн гүн хөлдөөж хэрэглэж болно. Хөлдөөсөн тохиолдолд гэсгээхгүйгээр шууд хоолондоо хийгээрэй.

Танд санал болгох

Тиби аппликeйшн
Таны халаасны Хоолзүйч

Эрүүл зөв зохистой хооллолтын хөтөч