Жимс үү?  эсвэл Хүнсний ногоо юу?

Ботаникийн хувьд жимсний ангилалд багтдаг боловч хоолны ертөнцөд хүнсний ногоо болгон өдөр тутамдаа хэрэглэдэг, бидний хамгийн сайн мэдэх “жимсэн ногоо”-той өнөөдрийн нийтлэлээр танилцах болно.

Улаан лооль

Жижиг интоорын буюу давжаа улаан лооль, дунд хэмжээтэй чавган улаан лооль, том хэмжээтэй улаан лооль гэх мэт хэмжээ, өнгөөрөө ялгаатай олон төрлийн соорт бий. Улаан лоолийн зарим соорт нь алтан шаргал харин бусад нь боловсорч гүйцэхээрээ улаан өнгөтэй болдог.

Улаан лооль нь А, С, Е, К, ихэнх В-ийн төрлийн аминдэм агуулдаг. Бүх төрлийн улаан лоолинд маш хүчтэй ликопин антиоксидант агуулдаг бөгөөд энэ нь эсийн устөрөгчийн хэт ислийн гэмтлээс хамгаалдаг. Мөн муу өөх тосны хэмжээг бууруулснаар сайн өөх тосны хэмжээг өсгөж зүрх судасны өвчлөлөөс сэргийлэх, мэдрэлийн өвчин, цус багадалтаас сэргийлнэ. К аминдэм нь ясны эрдэсжилтэд чухал ач холбогдолтой. Хромын сайн үүсвэр тул чихрийн шижинтэй хүмүүс хэрэглэхэд зохимжтой.

Хэрэглээ: Соортоос хамаарч чихэрлэг, бага зэргийн гашуун амттай байдаг. Шарж, жигнэж, түүхийгээр нь бүх төрлийн хоолонд хэрэглэнэ. Мөн шүүсийг нь шахаж шинэхэн сайхан амтат шүүс ч бэлтгэн ууна. Нөөшилсөн нухшийг шпаггети, пиццаны сүмсэнд ашиглана. Улаан лоолийг чанах, шарсны дараа биед шингэх чанар нь нэмэгддэг. Иймээс улаан лоолийг шөлтэй хоол, сүмсэнд хэрэглэх нь илүү тохиромжтой.

 

Сонголт:  Шинэхэн улаан лооль чилгэр, хальс нь гялтгар байдаг тул худалдаж авахдаа энэ шинжийг харгалзаж үзээрэй.

Хадгалалт:  Болц нь гүйцээгүй улаан лоолийг тасалгааны хэмд 3-4 хоног, харин гүйцэд болсон улаан лоолийг хөргөгчинд 1-2 хоног хадгалах нь тохиромжтой. Гэхдээ удаан хадгалбал усаа алдаж чанаргүй болно. Удаан хугацаагаар хадгалах нэгэн арга бол нөөшлөх юм.

Өргөст хэмх

Өргөст хэмхийн 100 гаруй соорт байдаг гэж үздэг. Өдрийн турш хангалттай ус ууж амжаагүй бол өргөст хэмх ид гэсэн үг байдаг.

Учир нь өргөст хэмхийн бүтцийн 90% -г ус эзэлдэг тул биеийн алдсан усыг нөхөж, чийгшүүлж чадна. А, В, С аминдэм агуулах учир өдөр тутамдаа хэрэглэж заншвал эрч хүчээ алдахгүй. Ус ихтэй, бага калортой учраас жингээ зохицуулж байгаа хүмүүст хамгийн их тусалж чадах ногоо.

Өргөст хэмх хоолны шингэцэд сайнаар нөлөөлдөг. Гиалуроны хүчил агуулдаг учир өргөст хэмхийг арьсны гүний чийг алдагдаж, хуурайших үед шууд арьсан дээрээ тавьж хэрэглэж болдог. Шүүс нь холестеринийг бууруулдаг бөгөөд цусны даралтыг хянаж, чихрийн шижин өвчтэй хүмүүст эерэг нөлөө үзүүлнэ. Мөн шээсэн дэх хүчлийн хэмжээг бууруулдаг тул бөөрийг эрүүл байлгахад тустай.

Хэрэглээ:  Шинэхэн өргөст хэмхийг зууш, салат, ногооны смүүтинд голлон хэрэглэдэг. Мөн даршилж хэрэглэнэ. Эслэгийн хэмжээг нь бууруулахгүйгээр идэх хамгийн сайн арга бол хальстай нь идэх юм.

Танд санал болгох

Тиби аппликeйшн
Таны халаасны Хоолзүйч

Эрүүл зөв зохистой хооллолтын хөтөч