Хэтрүүлж идэх хэрэггүй
Жимс нь энгийн нүүрс ус ихтэй учраас хязгааргүй идэж болохгүй. Хэмжээгээ анхаарч хэд, хэдэн энгийн дүрмийг мөрдвөл жимс нь таны эрүүл мэндэд “эм” болно.
Цагаа хар
Жимсийг 17:00 цагаас өмнө идэх нь тохиромжтой. Гэвч тавагтай жимс нь амттан бус хоолны дуршил хөдөлгөх зууш болох ёстой юм. Тиймээс үндсэн хоолноос 30 минутын өмнө эсвэл тусад нь зууш болгон идэхийг зөвлөе.
Ухаалгаар хослуул
Жимс үр тариатай (жимсгэнийг кашатай хольж болно) эсвэл тарагтай маш сайхан зохицдог. Чихэргүй тарган дээр бага зэрэг нэрс хийгээд идэхэд амт тааламжтай болдог. Махан хоолонд жимсгэний сүмс хийх нь тийм ч сайхан санаа биш гэдгийг анхаарууштай.
Хоолыг жимсээр орлуулж болох уу?
Өглөөний цай эсвэл зуушны оронд жимс идэж болно. Харин жимсээр өдрийн хоолоо орлуулж болохгүй. Ингэсэн тохиолдолд чихэрлэг зүйлс идэх хүсэл төрөх, эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн мөчлөг алдагдах зэрэг муу үр дагаврууд илэрнэ. Өдрийн хоол бол хамгийн чухал, өег хооллолт байх учиртай. Үд дунд бол хоол боловсруулах системийн оргил үе юм.
Жимсний шүүс детокс хийдэг үү?
Энэ ойлголтоос харин болгоомжлох хэрэгтэй. Учир нь бие организмоо “эрүүлжүүлэх” гэж байгаад гастрит буюу ходоодны салст бүрхэвчийн үрэвсэл болон инсулинд тэсвэртэй болох эрсдэлтэй. Өөрийгөө хуурах хэрэггүй. Яагаад гэвэл ийм төрлийн хоолны систем нь ямар ч тохиолдолд детокс болохгүй. Хүний дотоод эрхтэн (элэг, бөөр, ходоод) шүүс шахагчийн тусламжгүйгээр хорыг биеэс гадагшлуулах бүрэн чадвартай. Детоксикаци хоргүйжүүлэх нь хортой бодисыг устгадаг удаан хугацааны үйл явц юм. Энэ үйл явц нь 1-3 өдрийн дотор хийгдэх боломжгүй. Тиймээс интернетэд танд санал болгож буй детокс бол детокс биш. Харин зүгээр л ходоодны үйл ажиллагааны ачааллыг л бууруулж байгаа хэрэг юм. Ийм төрлийн хөтөлбөрийг зөвхөн хоол зүйч л боловсруулж өгөх ёстой. Гэрийн нөхцөлд хийх хамгийн аюулгүй бөгөөд хөнгөн детокс бол цагаан хоолны өдөр юм шүү.