Хүнсний ногоог өнгөөр нь уншихуй

Таны өдөр тутмын хоолны цэсэд төрөл бүрийн хүнсний ногоо багтдаг гэдэгт эргэлзэхгүй байна. Ногоон байцай, шар лууван, улаан лооль гэхчлэн хүнсний ногоо бүр өөр өөр өнгөтэй байдаг. Харин та эдгээр ногоо яагаад ийм өнгөтэй байдгийг мэдэх үү?

Хүнсний ногооны өнгө нь зүгээр л нэг “байгаль эхийн хайрласан хишиг” бус тэдгээрт агуулагдах аминдэм, эрдэс бодис, эрүүл мэндийн ашиг тусыг тайлж унших “нууц түлхүүр” ажээ.

Эрхэм уншигч таны мэдлэгт зориулж, өнгөөр нь тэдний “дотоод ертөнц рүү өнгийж, танин мэдэх” чухал мэдээллийг өргөн баръя. Нийтлэлээ уншсаны хойно өнгөний кодоор хүнсний ногоог хэрхэн сонгох талаар мэдлэгтэй болно гэдэгт итгэлтэй байна.

Улаан:

Ликопин (lycopene) хэмээх пигмент буюу будагч бодис нь хүнсний ногоог улаан өнгөтэй болгодог “гол нууц”. Улаан өнгөнд агуулагдах каротиноид, ликопин нь хорт бодисын эсрэг хүчтэй исэлдүүлэгч (antioxidant) бөгөөд зарим хорт хавдар, ялангуяа түрүү булчирхайн хорт хавдрын эрсдэлийг бууруулж, зүрхний шигдээсээс хамгаалдаг.

Шар:

Шар өнгөтэй хүнсний ногоо, жимс нь бета-каротин (А амин дэмийн урьдал бодис) болон С амин дэмээр баялаг. Шар өнгийн хүнс нь дархлааг дэмжих, судасны ханыг бэхжүүлэх, нүдний харааг сайжруулах, ясны нягтралыг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой. Түүнээс гадна өөх задалж биеийн жинг бууруулахад оролцдог учраас гуалиг болгодог супер хүнс ч гэж нэрлэдэг.

Нил ягаан:

Антицианин (anthocyanin) хэмээх бодисын агууламжаас шалтгаалж ногоо, жимс нил ягаан өнгөтэй байдаг. Нил ягаан өнгө гүн байх тусмаа фитохимийн агууламж өндөр байна. Эдгээр ногоог хүнсэндээ хэрэглэснээр тархи мэдрэлийн цусан хангамж сайжирч, зүрхний өвчний эрсдэлийг бууруулж, нүдний харааг сайжруулна.

Ногоон:

Хлорфилл нь ногоог ногоон өнгөтэй болгодог. Эдгээр ногоонд маш олон төрлийн амин дэм, эрдэс бодис байдаг. Жишээ нь брокколи, байцаа зэрэг ногоонд хавдрын эсрэг фитохимийн нэгдэл байж болох талаар олон тооны судалгаа байдаг. А,С,Е аминдэм болон бета-каротин зэргээр баялаг тул бие махбодод үрэвсэл намдаах, хорт хавдраас сэргийлэх нөлөө үзүүлдэг.

Цагаан:

Цагаан өнгөтэй ногоонд антиоксидант хамгийн ихээр агуулагддаг тул халдварыг эсэргүүцэж, дархлааг сайжруулахад чухал нөлөөтэй. Бактери болон үрэвслийн эсрэг шинж чанар нь эдгээр хүнсний эрүүл мэндийн ач холбогдлыг нэмэгдүүлдэг.

Танд санал болгох

Тиби аппликeйшн
Таны халаасны Хоолзүйч

Эрүүл зөв зохистой хооллолтын хөтөч