Байцаа ба түүний “садан төрлүүд”

Манай оронд бөөрөнхий цагаан байцааг өргөн дэлгэр хэрэглэсээр ирсэн. Ногоон байцаа, улаан байцаа, савай байцаа, кимчиний байцаа, Хятад байцаа зэрэг олон төрөл бий. Байцааны төрөлд брокколи, цэцэгт байцаа зэрэг нь багтдаг.

Бөөрөнхий байцаа

Нэг аяга хэрчсэн бөөрөнхий байцаад ойролцоогоор ердөө л 22 ккал илчлэг, 5 гр нүүрс ус, 2,2 гр эслэг агуулагддаг. Мөн маш их хэмжээний К аминдэм агуулах ба нэг аяга хэрчсэн байцаа идэхэд өдөрт авах ёстой К аминдэмийн 85 орчим хувийг биедээ авна.

Мөн С, В, В2, В6, А, Е зэрэг аминдэмээр, кальци, фосфор, цайр, кали, натри, төмөр зэрэг эрдэс бодисоор тун баялаг.

Байцаа нь бараг тэр чигээрээ эслэг тул гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг маш сайн нэмэгдүүлдэг. Гүрвэлзэх хөдөлгөөн хэдий их байна төдий чинээ хоол боловсруулах замын үрэвсэл, өвчлөлөөс урьдчилан сэргийлж чадна. Иймд өдөр тутамдаа байцааг хэрэглэх шаардлагатай.

Хэрэглээ: Дулааны боловсруулалт хийх буюу чанаж идэх үед шимт бодисын алдагдал хамгийн ихтэй. Тийм учир аль болох шууд хэрэглэх буюу зууш, салат хийж идвэл биед илүү тустай байдаг. Байцааны салат шинэ дээрээ хамгийн амттай, чийглэг байдгийн учир энэ. Хэр хэмжээний махан хоол иднэ төдий чинээ байцааны салат идвэл жингээ барих, бууруулахад хамгийн зохистой гэж үздэг. Байцааг хөргөгчид хадгалбал хамгийн түрүүнд чийгээ алдаж хатуурдаг. Тиймээс аль болохоор хэрэгцээндээ тохируулан авч хэрэглэвэл шинэ байцаа идэх үндэс болно. Удсан байцаагаар салат хийхэд амт муутай, гашуувтар болно. Намар шинэ ургацын  байцаа хамгийн сайхан амттай байдаг боловч тэр байдлаа удаан хадгалж чаддаггүй.

Сонголт: Байцааг сонгохдоо дунд зэргийн хэмжээтэй, хатууг нь сонгоорой. Том байх тусмаа хальс нь хатуу болдог. Ийм байцааг шөлөнд хэрэглэж болно.

Хадгалах: Хуурай, сэрүүхэн газар хадгалах нь хамгийн тохиромжтой. Тасалгааны дулаан орчинд удвал  чийгээ алдаж хуурай болдог.

Брюссель байцаа

Энэхүү жижигхэн навчит байцаа нь дотроо аминдэм, эрдэс бодис, эслэг агуулдаг.

Нэг аяга брюссель байцаад ойролцоогоор 3,3 гр эслэг агуулагдах ба энэ нь хүний нэг өдөрт авах шаардлагатай хэмжээний 13%, харин С аминдэмийн өдрийн хэрэгцээний 125%-г хангана. Үүнээс гадна энэ ногоо маш их хэмжээний уураг, В, Е бүлгийн аминдэм, кальци, төмөр, кали, манган зэрэг эрдэс бодис агуулдаг.

Хэрэглээ ба хадгалалт: Бүх төрлийн хоол хүнсэнд хэрэглэж болно. Бусад байцааны төрлөө бодвол харьцангуй хадгалалт даадаг. Хөргөгчид 7-10 хоног хадгалж болох бөгөөд мөн гүн хөлдөөж болно. Хэрэглэхдээ гэсгээлгүй шууд хоолондоо хийгээрэй. Ямар ургацын гэдгээсээ хамаараад амт нь өөр өөр байдаг. Эрт ургацын бол бага зэрэг чихэрлэг байдаг бол хожуу үеийнх нь гашуувтар амттай. Бүх төрлийн салат, шөл, үндсэн хоолны хачирт хэрэглэх ба зарим тохиолдолд тавагны чимэглэл маягаар ашиглана. Брюссель нь будаа, төмстэй сайхан зохицдог. Сүүн сүмс, шинэхэн цөцгийнд жигнэсэн брюссель дангаараа ч амттай зууш болж чаддаг.

Сонголт: Сонгож авахдаа жигд хэлбэртэй, гүн ногоон өнгөтэйг аваарай.

Салатны навч

Салатны навч нь усархаг, илчлэг багатай тул жингээ хасах зорилгоор идэхэд гайхалтай хүнсний ногооны тоонд зүй ёсоор ордог.

Нэг аяга хэрчсэн салатны навчинд ойролцоогоор 5,4 калори илчлэг байх ба 2665 ОУН витамин А /53%/, 6,5 мг витамин С /11%/ агуулагддаг. Мөн К аминдэм, фолийн хүчил, манган, кали, магни, кальци, төмрийн сайн эх үүсвэр. С ба А аминдэм нь холестериний исэлдлээс сэргийлэх, эслэг нь цусны холестеринийг бууруулах нөлөө үзүүлдэг тул зүрх судасны хэвийн үйл ажиллагаанд сайн нөлөөтэй.

Түүний найрлагад байгаа фолийн хүчил, кали зэрэг нь зүрхний шигдээс, цус харвалтын эрсдэлийг бууруулах, цусны даралт тогтворжуулахад сайн. Эслэг агуулдаг тул гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжирч өтгөн хаталтаас сэргийлж, жингээ зохицуулахад маш тустай.

Хэрэглээ: Салатны навчыг бараг болгож хэрэглэдэггүй. Ихэвчлэн зууш, салатанд хэрэглэнэ. Мөн сендвич болон бусад хоолны хачирт маш сайхан зохицдог.

Хадгалалт: Хөргөгчид хадгалж болно. Ингэхдээ хүнсний цаас болон алчууранд боож хийвэл 7 хоног ч байж чадна. Харин хэзээ ч хөлдөөж болохгүй санаарай. Сэвсгэр, шинэлэг байдлаа алдаагүй, навчны ирмэг хэсэг нь харлаагүйг нь сонгох нь сайн.

Кале байцаа

Кале нь супер хэмээн ангилагдсан хүнсний жагсаалтад багтсан шаржигнуур бүтэцтэй ногоон навчит хүнсний ногоо юм.

Нэг аяга жижиглэсэн кале байцаанд ойролцоогоор 547 мг витамин К /684%/, 10,302 ОУН витамин А /206%/, 80,4 мг витамин С /134%/, 1,3 гр эслэг агуулагддаг. Энэхүү асар их шим тэжээллэг супер хүнсэнд ердөө л 33 ккал илчлэг байдаг. Эслэг, зүрхний өвчинтэй тэмцэх чадвар зэрэг нь эрүүл мэндэд үзүүлэх олон ашиг тустай.

Таны бодисын солилцоог зохицуулах бамбай булчирхайн дааврын нийлэгжилтийг дарангуйлдаг тул өдөрт 1-2 нэгжээс хэтрүүлэх хэрэггүй.

Хэрэглээ: Ихэнхдээ түүхий байдлаар шууд хэрэглэнэ. Заримдаа бусад ногоо жимстэй хольж смүүти хийдэг.

Сонголт: Сэвсгэр шинэлэг байдлаа алдаагүй, навчны ирмэг хэсэг нь харлаагүйг сонгоорой.

Брокколи

Энэ ногоо нь маш олон төрлийн шимт бодис агуулдаг тул супер хүнсний бүтээгдэхүүний жагсаалтад багтсан байдаг.

Хагас аяга чанаж, жижиглэсэн брокколид кальци, төмөр, кали зэрэг эрдэс бодис агуулах ба таны нэг өдөрт авах шаардлагатай А витамины 24%, С витамины 80-аас их хувь, К витамины хэрэгцээний 138%-г хангана. Бие махбодын дархлааг дэмжих шинж чанартай бөгөөд ингэснээр вирус, нян, бактери, хорт хавдрын эсрэг үйлчлэл үзүүлдэг. Байцааны төрлөөс хамгийн их каротинойд агуулдгаараа ялгаатай.

Брокколиг хоолондоо тогтмол хэрэглэснээр эрчүүдийн түрүү булчирхайн хорт хавдраас урьдчилан сэргийлдэг байна.

Хэрэглээ: Бүх төрлийн хоолонд ууранд жигнэх, шазлах аргаар хэрэглэнэ. Чаналтын хугацаанаас хамаарч С болон В төрлийн аминдэм, хорт хавдрын үйлчлэлтэй шимт бодисуудын ихээхэн алдагдал явагддаг. 5 минут орчим чанахад 20-30%, 10 минут чанахад 40-50%, 30 минут чанахад 77%-р шим тэжээллэг байдлаа алддаг. Ууранд жигнэх, богино хугацаанд хуурч жигнээд шарах аргаар хоол хийхэд алдагдал маш бага.

Хадгалалт: Хамгийн тохиромжтой аргад брокколигоо цэвэрлэж угаагаад, салаа салаагаар нь жижигхэн болгоод, буцалж байгаа усанд хийж 3-4 минут шазлаад хүйтэн усаар зайлж хөргөөд хэрэглэх юм. Ингэж бэлтгэсэн ногоогоо хэрэглэх хэмжээгээрээ хүнсний уутанд хийгээд гүн хөлдөөж хэрэглэж болно. Мөн түүхийгээр нь мөчир салаагаар нь салгаж хөлдөөж болно.

Цэцэгт байцаа

Цэцэгт байцаа нь ногоон, улбар шар, Романеско, ягаан гэх мэт цэцэгт байцааны соортууд байх ба хамгийн өргөн хэрэглэгддэг нь цагаан цэцэгт байцаа.

Цэцэгт байцаа нь эслэг, фолийн хүчил, С аминдэмээр нэн баялаг. Уг байцаанд агуулагдах сульфорафин нь хорт хавдраас сэргийлэх үйлчилгээтэй. Гэвч энэ бодис нь чанах явцад хамгийн их алдагддаг. 100 гр болгосон цэцэгт байцаанд 23 гр нүүрс ус агуулагдах ба ер нь нүүрс ус багатай, өөх тос эслэг ихтэй хүнс юм.

Хэрэглээ: Бүх төрлийн хоолонд ууранд жигнэх, шазлах аргаар хэрэглэнэ. 5 минут чанахад 20-30%, 10 минут чанахад 40-50%, 30 минут чанахад 75%-р шим тэжээллэг байдлаа алддаг. Ууранд жигнэх, богино хугацаанд хуурч жигнээд шарах аргаар хоол хийхэд алдагдал маш бага. Хамгийн тохиромжтой аргад цэцэгт байцаагаа гадна талын навч бүдүүн ишнээс цэцэгт хэсгийг ижил хэмжээтэй жижиглэж хэрчээд ууранд 10 минут жигнэх, усанд 5 минут чанахад зөөлөрч болдог. Ингэж бэлтгэсэн ногоогоо хэрэглэх хэмжээгээрээ хүнсний уутанд хийгээд гүн хөлдөөж хэрэглэж болно. Мөн түүхий байхад нь мөчир салаагаар нь салгаж хөлдөөнө. Цэцэгт байцааг ихэвчлэн баяслагны сүмстэй хэрэглэхэд амт нь сайхан тохирдог.

Сонголт: Цэцэгт байцааг сонгохдоо цэцэг буюу толгойн хэсэг нь өнгөө алдаагүй цагаанаараа, иш хэсэг нь зөөлөрч муудаагүй, үнэр нь шинэхэн байгааг сонгон аваарай.

Хадгалалт: Энэ байцаа нь бурзайсан хэлбэртэй учраас элдэв хортон, шороо тоос агуулсан байдаг тул хадгалахаасаа өмнө сайн цэвэрлэнэ. Буруу хадгалах, наранд удаан байвал толгойн хэсэг нь харлаж, гашуун муухай амттай болдог учраас зөв хадгалах хэрэгтэй. 2 янзаар хадгалж болно. Толгой хэсгийг мөчир мөчрөөр нь салгаад хүнсний уутанд хийгээд гүн хөлдөөж болно. Мөн буцалсан усанд 3-5 минут шазлаад хүйтэн усаар сойсны дараа хүнсний уутанд хийгээд гүн хөлдөөж хэрэглэнэ.

Брокколиг хоолондоо тогтмол хэрэглэснээр эрчүүдийн түрүү булчирхайн хорт хавдраас урьдчилан сэргийлдэг байна.

Танд санал болгох

Тиби аппликeйшн
Таны халаасны Хоолзүйч

Эрүүл зөв зохистой хооллолтын хөтөч