Амин дэмийн эх булаг ХҮНСНИЙ НОГОО

Өнөөдрөөс эхлэн бид хүнсний ногоо гэж юу болох, тэдгээрийн эрүүл мэндэд үзүүлэх ашиг тусын талаар цувралаар танилцуулахаар бэлтгэлээ. Нийтлэлийнхээ эхэнд уншигч таныг бяцхан “сонжъё”. Энэхүү сонжоогоор таныг “махчин уу эсвэл ногоочин уу” буюу өдөр тутмын хоолондоо хангалттай ногоо хэрэглэж чаддаг уу гэдгийг багцаалан тодорхойлох болно.

  • Та болон таны гэр бүлийн гишүүд өдөр бүр шинэхэн ногоо хэрэглэдэг үү?

Энэ асуултад хариулахдаа төмсний хэрэглээгээ ногооны хэрэглээнд оруулан тооцохгүйг анхаараарай. Учир нь төмс гурил, будаатай ойролцоо нүүрс ус агуулж байдаг учир хүнсний ногооны биш үр тарианы ангилалд багтдаг.

  • Гишүүн бүрийн хоолны таваг дахь ногоог баримжаалбал ааруул хурууд тосож авдаг шиг хүн тус бүрийн 2 гарын алгыг дэлгэн дүүргэхээр хэмжээнд байдаг уу?
  • Нэг хоолны орцонд 2 буюу түүнээс дээш өнгийн ногоо алаглан харагддаг уу?

Дээрх 3 асуултад бардам тийм гэж хариулж байгаа бол танд баяр хүргэе. Ийм өргөн сонголттой айл маш олон байх аваас бидний эрүүл мэнд, өвчинд өртөмтгий байдал эрс өөрчлөгдөнө.

Хүнсний ногооны эрүүл мэндэд үзүүлэх ач тусын талаар авч үзье.

     Хүнсний ногоонд хүний эрүүл мэндэд асар чухал үүрэгтэй шимт бодисууд болох УС, АМИНДЭМ, ЭРДЭС БОДИС, ЭСЛЭГ хамгийн ихээр агуулагддаг тул бидний өдөр тутамдаа тогтмол их хэмжээгээр хэрэглэх шаардлагатай хоол тэжээлийн нэг. Ногоо нь бусад хүнсний бүлгүүдтэй харьцуулбал хамгийн их ус буюу ойролцоогоор 70%-90%-ийн ус агуулж байдаг. Олон төрлийн аминдэм, эрдэс бодис сүүлийн үед хошуурах болсон эслэгийг их агуулдаг бол бидний таргална хэмээн айгаад байдаг нүүрс ус, уураг, өөх тос бага хэмжээгээр байна. Хүнсний ногоонд агуулагдах шимт бодисууд нь өвөрмөц өнгө, үнэр, амтыг бий болгохоос гадна биед дараах ач холбогдолтой.

Үүнд:

  • Дархлаа дэмжих
  • Хоолны шингэцийг сайжруулах
  • Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, таргалалтаас сэргийлэх
  •  Хүүхдийн өсөлт хөгжилтийг дэмжих
  • Нүдний хараа сайжруулах
  • Үрэвсэл, нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлэх
  • Хорт хавдар, чихрийн шижин, зүрх судасны өвчнөөс сэргийлэх зэрэг чухал ач холбогдолтой.

Иймд хүнсний ногоог өдөрт хамгийн багадаа 200 г – 400 г ногоо идэж чадвал бие эрчтэй, ухаан саруул байх боломжтой.

Энэхүү нийтлэлээр хүнсний ногооны эрүүл мэндэд үзүүлэх ач тусын талаар ерөнхийлөн авч үзлээ. Дараагийн нийтлэлүүдээр хүнсний ногооны хэрэглээ, бүрийн эрүүл мэндийн ач холбогдол, зэргийн талаар цувралаар хүргэж таны мэдлэгт дусал нэмэх болно.

Танд санал болгох

Тиби аппликeйшн
Таны халаасны Хоолзүйч

Эрүүл зөв зохистой хооллолтын хөтөч