Монголчуудыг махгүйгээр төсөөлөхөд бэрх

     Монголчууд махны хэрэглээ өндөртэй тул дэлхий даяар “махчин Монголчууд” гэсэн албан бус алдрыг хүртдэг. Үүнээс дүгнэвэл уургийн байнгын илүүдэлтэй ард түмэн мэт. Гэхдээ уламжлалт хооллолтыг судлаад үзэхэд зун, намрын улиралд махны хэрэгцээгээ багасган, цагаан идээгээ түлхүү хэрэглэж гэдэс дотроо амраадаг, сэрүүхэн өдөр ямаа, тэмээний борц голдуу иддэг. Харин өвөл, хаврын улиралд хүйтэн сэрүүн учир илчлэг, өөх тос ихтэй хонь, үхэр, адууны махыг хэрэглэдэг байжээ. Үүнээс үзвэл Монголчууд бид таван хошуу малынхаа махыг хэзээ, яаж хэрэглэх тал дээр мундаг мэдлэгтэй ард түмэн бөгөөд уламжлалаараа бол жилийн 4 улирал дамнан махаа идээд байдаггүй байж.

Нүүдэлчин аж ахуйтай амьдралын хэв маягт тохируулан нэг мөсөн сайн хооллож аваад мал ахуйгаа янзлан, малаа дагаад өглөө гараад орой ирдэг, дундуур нь ганц нэг ааруул ээзгийхэн хүлхэх зэргээр идсэн илчлэг ихтэй махан хоолоо ажралгүй шингээдэг нь уламжлалаа дагасан малчны амьдралд бий. Харин уншигч та сайхан хооллочхоод малаа хариулах, хотлуулах, бэлчээх зэрэг ажил хийж байна уу? Эсвэл шатаар өгсөж уруудаж, хашаа хороогоо шүүрдэж, ойр зууртаа алхаж байна уу?

Хот суурин хөгжиж, нүүдэлчин амьдралын хэв маяг өөрчлөгдөн, махны хэрэглээний уламжлал бага багаар алдагдаж байгаа гэдэгтэй уншигч та санал нийлэх биз. Биеийн дасгал хөдөлгөөн хийхгүй, ойр зуурдаа явган явахгүй машинаар сүнгэнүүлэн, орон сууцнаасаа орж гарахдаа цахилгаан шатаар гялалзуулаад байхад өнөө идсэн мах ихтэй, илчлэг өндөртэй хоол маань яаж шингэх вэ дээ.

      Хүн өдөрт авах нийт илчлэгийнхээ 15-18 хувийг л уурагнаас буюу мал амьтны гаралтай хүнснээс авах ёстой. Хэмжээгээр тооцвол 160-200 г орчим махыг 1 өдөрт хэрэглэнэ гэсэн үг. Гэтэл бидний зарим нь жилийн дөрвөн улиралд, өдөрт гурван удаа махан хоолыг хүртэж байгаа нь махны хэрэглээ ихдэхэд хүргэж байна. Мэдээж аливаа зүйл хэчнээн сайн байсан ч хэмжээ нь хэтрэхээр мөн л асуудал болно.

Махны хэт хэрэглээгээр уургийн илүүдэл үүснэ. Уургийн илүүдэл хамгийн түрүүнд бидний ялгаруулах систем буюу бөөрөнд ачаалал өгнө. Дараа нь элэгний хоргүйжүүлэх чадварт нөлөөлж эхэлнэ. Мэдээж өөх ихтэй тарган махан хоол амт сайтай байдаг ч хэтрүүлэн идээд байвал буяны таргалалттай болно. Үүний хариуд нойр булчирхай, цөсний үрэвсэл, ходоод гэдэсний хямралууд ар араасаа цуварна.

Уншигч та өөрөөсөө нэг л асуулт асуугаарай. Суурин амьдралтай, биеийн хөдөлгөөн эрс багассан энэхүү амьдралын хэмнэлд жилийн 4 улиралд, өдрийн 2-3 махан хоолтой “Махчин Монгол” байсаар байх нь эрүүл мэндэд хэр сайн талаар заавал бодож үзээрэй.

Танд санал болгох

Тиби аппликeйшн
Таны халаасны Хоолзүйч

Эрүүл зөв зохистой хооллолтын хөтөч