Нөөшилсөн махан бүтээгдэхүүн амттай, гэвч….

Эрүүл мэнддээ анхаардаг хүмүүсийн өдөр тутмын хоолонд нитрит агуулсан бүтээгдэхүүн хэзээ ч байдаггүй. 

Консерв буюу нөөшилсөн бүтээгдэхүүнийг мэдэхгүй, хэрэглэж үзээгүй хүн байхгүй гэдэг нь тодорхой байх. Нөөшилсөн бүтээгдэхүүнд дургүй гэж хэлэх хүн ч өдрийн од шиг биз ээ. Харин амт, савалгаа зэргээрээ хэн бүрийг “соронздон татагч” “увдистан” мэт тэрхүү хүнсийг мэддэг хүн хир бол?

Өнөөдрийн нийтлэлээрээ нөөшилсөн бүтээгдэхүүний талаарх мэдээллийг эрхэм уншигч тантай хуваалцахаар шийдлээ. 

Амт нэмэх, хадгалалтын хугацааг уртасгах зорилгоор давсалсан, утсан, лаазалсан махыг “Нөөшилсөн мах, махан бүтээгдэхүүн” хэмээнэ. 

Хүнсийг удаан хадгалахын тулд олон төрлийн химийн бодисууд нэмэх шаардлагатай байдаг. 

Нөөшилсөн махан бүтээгдэхүүнд:

  • Хиам, зайдас, салями
  • Утсан гахайн мах
  • Хатаасан гахайн мах
  • Давсалж хатаасан мах
  • Лаазалсан мах орно.

Нөөшилсөн бүтээгдэхүүнийг ерөнхийдөө эрүүл бус хүнс хэмээн үздэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нөөшилсөн бүтээгдэхүүнийг хавдар үүсгэх хамгийн өндөр магадлалтай бүтээгдэхүүний ангилалд оруулсан байдаг.

Өмнө дурдсанаар нөөшлөх арга нь бүтээгдэхүүний хадгалагдах хугацаатай шууд хамааралтай. Тухайлбал: 

  • чанамал хиам 7-14 хоног
  • утсан хиамыг 14-30 хоног
  • лаазалсан бүтээгдэхүүн үүнээс ч урт хугацаатай хадгалах боломжтой байдаг.

Хадгалах хугацаа урт байх тусам тухайн бүтээгдэхүүн илүү их нөөшлөгч, муутгахгүй байх зорилготой олон нэмэлт химийн бодис агуулсан байна гэсэн үг. Судалгаагаар жимс, хүнсний ногоо иддэггүй, дээр нь тамхи татдаг хүмүүс нөөшилсөн бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэдэг нь батлагдсан байна. Мөн нөгөөтээгүүр нөөшилсөн бүтээгдэхүүн нь олон химийн бодисыг агуулж, шинэ, эрүүл гэх болзлыг хангадаггүй бөгөөд олон судалгаагаар зүрх судасны өвчлөл, хорт хавдар зэрэг өвчлөлд хүргэдэг  байна.

Нөөшилсөн бүтээгдэхүүнд агуулагдах нэмэлт орцууд: 

  • Цусны даралт ихсэх
  • Зүрхний өвчин
  • Уушгины архаг бөглөрөлт өвчин
  • Ходоод, гэдэсний хорт хавдар өвчин үүсэхэд нөлөөлдөг байна.

Хиам, зайдас гэж бодмогц өвөрмөц нэгэн өнгө нь нүднээ дурайн харагдах байх. Энэ өнгийг үүсгэгч нөөшлөх бүтээгдэхүүний гол орц бол нитрит юм. Нитритийг бүтээгдэхүүний өвөрмөц өнгийг гаргах, өөхний исэлдлийг бууруулах, бактери үржих, хоолны хордлого үүсэхээс сэргийлж ашиглана. Харин хиам, зайдас, гахайн мах зэргийг утах чанах явцад нитрозамин хэмээх хорт нэгдлийг үүсгэнэ. Энэ нь хорт хавдрыг үүсгэхэд хамгийн их үүрэг гүйцэтгэдэг гэж үздэг. Түүнчлэн утсан хүнсэнд бензпирен гэх хорт хавдар үүсгэх бодис үүсдэг.

     Нөөшилсөн бүтээгдэхүүнд хэтэрхий их давс агуулагддаг. Олон мянган жилийн турш давсыг бүтээгдэхүүнийг урт хугацааны турш хадгалах зориулалтаар ашиглаж ирсэн. Одоо үед ихэвчлэн амт оруулах зорилгоор ашиглаж байна. Нөөшилсөн махан бүтээгдэхүүнээс өдөрт авч буй давсны ихээхэн хэсгийг авдаг. Давсны хэт их хэрэглээ нь цусны даралт ихсэх өвчин, зүрх судасны өвчин үүсэхэд тодорхой үүрэг гүйцэтгэж байна.

Сүүлийн үеийн судалгаагаар давс ихээр агуулсан хоол хүнс нь ходоодны хавдраар өвчлөх эрсдэл болох ходоодны шархлаа, хелико бактерийн өсөлтийг нэмэгдүүлж байгааг тогтоосон.

Иймд нөөшилсөн бүтээгдэхүүнийг өдөр тутам хэрэглэхээс татгалзаж, үүний оронд малын махаа хэрэглэж дадах нь бидний эрүүл мэндэд илүү ашигтай.

composition of cold cuts on wooden board with different type of cheese

Худалдан авахдаа юуг анхаарах вэ?

Хэдий эрүүл хооллолттой байсан ч нөөшилсөн бүтээгдэхүүн хэрэглэх шаардлага тулгарч таарна. Энэ тохиолдолд бүтээгдэхүүний үйлдвэрлэгч түүний найдвартай байдал, орц найрлагад буй Е тэмдэглэгээг шалгаж аваарай.

Консервантууд /Е200-299/ бүтээгдэхүүний хадгалалтын хугацааг уртасгах, төрөл бүрийн нян, бактери мөөгөнцрөөс хамгаалах зорилгоор үйлдвэрлэлийг явцад нэмдэг.

  • Е200, 201-харшил өгч болзошгүй.
  • Е210-219 загасны консервд ихэвчлэн ашигладаг.
  • Е210 астмыг хурцатгаж болзошгүй
  • Е214, 215, 217 олон оронд, Е213-ОХУ-д хориотой.
  • Е218-харшил өгч болзошгүй. Е
  • 220-лаазалсан загасны төрлийн бүтээгдэхүүнүүд агуулагддаг. Энэ нь кальцийг биеэс хөөн гаргаж В1, В12 аминдэмийг задалдаг. Бөөрний дутагдалтай хүмүүс болгоомжтой хэрэглэх хэрэгтэйг анхаарна уу.
  • Е221, 222, 223, 224, 226, 227, 228 ихэвчлэн лаазалсан махан бүтээгдэхүүнд агуулагддаг.
  • Е226, 227-олон оронд хориотой. Их хэмжээгээр хэтрүүлж хэрэглэсэн тохиолдолд дотор муухайрах, бие сул байх, амьсгалахад хүндрэлтэй болж ханиалга үүсгэдэг.
  • Е235-харшил өгч, огиулж, гүйлгэж болзошгүй.
  • Е236, 237, 238, 239-олон оронд хориглосон.
  • Е249, Е250 нитрит – Бичил биетний өсөлтийг саатуулах, махан бүтээгдэхүүний өвөрмөц улаан өнгийг сэргээх, амтлаг чанар бий болгох, ханаагүй тосны хүчлээс үүсэх зохисгүй үнэрийг дарах зорилгоор хиамны үйлдвэрлэлд өргөн хэрэглэдэг.

Нитритийн давс хүний эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлдэг тул хэрэглээг хязгаарлаж, бүтээгдэхүүнд агуулагдах зөвшөөрөгдөх дээд хэмжээг стандартаар хуульчлан тогтоож, хатуу хяналт тавьдаг байна.

Хоногт зөвшөөрөгдөх нитритийн дээд хэмжээ биеийн жингийн 1 кг тутамд 0.4 мг-аас хэтрэхгүй байх ёстой.

Хэрвээ танд эдгээр олон тоог цээжлэхэд хэцүү байвал ганц л зүйлийг маш сайн санаарай. “Органик бүтээгдэхүүн хэзээ ч “Е” тэмдэглэлтэй байдаггүй”.

Танд санал болгох

Тиби аппликeйшн
Таны халаасны Хоолзүйч

Эрүүл зөв зохистой хооллолтын хөтөч