Махыг “мэдэж” идье

Бүх л зүйлд ангилал зэрэг байдгийн адилаар махыг дотор нь

  • Малын /Таван хошуу мал/
  • Тэжээвэр амьтны /тахиа, гахай, нугас, тэмээн хяруул, өндөг/
  • Далайн амьтны /хавч, наймаалж, дун, сам хорхой/
  • Ангын /Тарвага, гөрөөс, зэрлэг гахай, / гэх мэтээр ангилдаг.

Махыг тураг мах, дотор мах гэж ангилан хэрэглэдэг. Ясан дээр тулгуурласан, эх биеийн махыг тураг мах гэдэг. Аль ч малын махны гуя, нуруу, дал, хонгоны мах нь зөөлөн байдаг болохоор шөлтэй хоол, зутан хийх, жигнэсэн махан хоолонд тохиромжтой. Харин богтос эрээн булчин, сээр, хүзүүний мах хатуу учир машиндаж бэлтгэсэн хоолонд илүү зохимжтой.

Таван хошуу малын мах өөр хоорондоо хэлбэрээр ижил боловч, шимт чанар, хүний биед үзүүлэх ашиг тусаараа ялгаатай. Иймд өдөр тутмын хоолондоо махаа зөв зохистой хэрэглэх нь эрүүл мэндийн эх суурь болно. Манай улсын хувьд бэлчээрийн мал аж ахуйтай тул малын мах нь төрөл бүрийн амин дэмээр маш баялаг учраас Монгол малын мах экологийн цэвэр бүтээгдэхүүнд тооцогддог.

Хонины мах

Монгол хонины махны жин, гарц нь хонины нас, тарга тэвээрэг, хүйснээс ихээхэн хамаарна. Хонины нас ахих тусам мах, өөхний эзлэх хувь ихэсдэг ч хатуу болдог. Хонины мах амт чанар сайтай байдаг махны ширхэг нарийн байдагтай холбоотой ажээ. Хонь нь 80 гаруй төрлийн ургамлаар хооллодгоос 30 орчим зүйл нь эмийн ургамал байдаг нь судалгаагаар тогтоогджээ. Ийм учраас Монголчууд амаржсан эхэд шинэ хонины шөл уулган, нярай хүүхдийг хонины ясны шөлөөр угааж, уураг сүүл хөхүүлдэг уламжлалтай. Хонины мах илчлэг ихтэй  тул ихэнхдээ намар өвлийн хатуу хүйтэн улиралдаа тохируулан хэрэглэж ирсэн.

Ямааны мах

Ямаа зуны эхэн сард цэцэг, элдэв шимт ургамлаар хооллож ургамлын шимийг биедээ шингээдэг тул мах нь эмчилгээ сувилгааны чанартай. “Цэцгийн ямааны шөл” ууж биеэ тэнхрүүлдэг нь үүнтэй холбоотой юм. Ямааны махны уураг хялбар шингэдэг, хүний бие махбодоос шингэнийг хөөх өвөрмөц бүтэцтэй, царцамтгай, сэрүүн чанартай гэж үздэг тул түүнийг зөвхөн дулааны улиралд хэрэглэх нь илүү тохиромжтой. Бусад махаа бодвол ямааны махны өөх тосны хүчил нь өндөр молекулд ханасан хүчлүүдээс бүрддэг учраас амархан царцдаг байна. Махны шимт бодисын агууламжаараа бусад малын махтай ойролцоо ч уургийг арай илүү агуулдаг онцлогтой.

Үхрийн мах

Үхрийн маханд үл орлогдох амин хүчлийн хэмжээ, тосонд уусдаг аминдэмүүд илүү байна. Үхрийн махыг өвлийн улиралд зонхилон хэрэглэдэг. Том бүдүүн ширхэгтэй учир хатуувтар байдаг. Тиймээс удаан зөөлөн галаар чанаж болгох нь бий. Мөн машиндаж жижиглэн хоол хийхэд тохиромжтой.

Адууны мах

Адууны мах халуун чанартай учир өвлийн эхэнд хэрэглэх нь хүйтнийг ажрахгүй давах үндэс болж өгдөг. Мөн хонь, үхрийн махыг бодвол чийг ихтэй бөгөөд усанд уусдаг амин дэмийн хувьд бусад махнаас давуу, халуун чанартай тул янз бүрийн ханиад томуу зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэх, анагаах чадалтай. Адууны наснаас хамаарч махны ширхэг нь янз бүр байх бөгөөд тосорхог махтай гүн шар өнгийн өөхтэй, өвөрмөц үнэр амттай байдаг. Адууны өөхний тосны хүчилд ханаагүй хүчил агуулагдаж байдаг тул өөх нь царцдаггүй.

Тэмээний мах

Тэмээний мах найрлагын хувьд үхрийн махтай төстэй боловч цайвардуу, бүдүүвтэр ширхэгтэй, өөх нь шаргалдуу цагаан, бага зэргийн таана амтагдсан амттай. Бусад маханд нүүрс ус болон гликоген бараг байдаггүй бол тэмээний маханд бага зэргийн агуулагдаж байдаг. Энэ агууламжаараа бусад махаа бодвол хоол боловсруулах зам, ходоодонд шингэхэд ачаалал бага өгдөг байна.

Танд санал болгох

Тиби аппликeйшн
Таны халаасны Хоолзүйч

Эрүүл зөв зохистой хооллолтын хөтөч