Алим, лийрийн хамаатнууд буюу үрт жимс

Үрт жимс нь хальс, шүүслэг зөөлөн эд, үрийн саваас тогтоно. Энэ төрөлд алим, лийр, анар, тэс зэрэг жимс багтана. Үрт жимс нь энгийн болон дисахарид, органик хүчил, аминдэмээр баялаг, хадгалалт даах чадвар сайтай, үйлдвэрийн аргаар боловсруулж төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хэрэглэдэг.

Алим

Алим нь ургац ихтэй, хүйтэнд тэсвэртэй, хадгалалт даах чадвар сайтай, исгэлэн бөгөөд чихэрлэг амттай жимс юм. Нүүрс уснаас энгийн нүүрс ус фруктоз, органик хүчлээс алимны хүчил зонхилно. Алимны хальсанд эслэг, аминдэм ихээр агуулагддаг. Бусад жимстэй харьцуулахад С аминдэмийг бага агуулдаг боловч антиоксидантаар баялаг.

       Алимны эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг түүний найрлага дахь флавонойдуудын үйлчлэлтэй холбон тайлбарладаг. Жишээ нь алимны найрлагад агуулагддаг флоридзин гэх флавонойд нь эмэгтэйчүүдийн цэвэршилтийн дараах яс сийрэгжилтээс урьдчилан сэргийлдэг байна. Мөн Корнелийн Их Сургуулийн эрдэмтдийн судалснаар кверцетин хэмээх флавонойд нь тархины эсийн чөлөөт радикалын гэмтлээс хамгаалснаар альцгеймерийн өвчнөөс урьдчилан сэргийлдэг нь тогтоогдсон байна.

Алимны эрүүл мэндийн ач холбогдлыг дурдвал: 

  • Цэвэршилтийн дараах яс сийрэгжилтээс урьдчилан сэргийлэх
  • Альцгеймерийн өвчнөөс урьдчилан сэргийлэх
  • Цусны холестерин бууруулах
  • Бага нягттай липопротейн бууруулах
  • Бүдүүн гэдэсний хорт хавдрын эрсдэлийг бууруулах
  • Түрүү булчирхайн хавдрын эрсдэлийг бууруулах
  • Уушгины хорт хавдрын эрсдэлийг бууруулах үйлчлэлтэй

      Түүнчлэн биеийн жин бууруулах хоолны дэглэм барих үед өдөрт 3 ширхэг алим идэх нь хурдан жин хасахад нөлөөлдөг байна. Алимыг хатаахаас гадна чанамал, компот, шүүс, нухаш хийж болно. Алим механик гэмтэлд орж дарагдан, шахагдсанаас зөөлөн эд нь ил гарч улмаар исэлдэн ангижрах урвалд орсноор харлаж муудна. Тиймээс алимыг тээвэрлэхдээ механик гэмтэл авахгүй байхад анхаарах хэрэгтэй. Алимыг 0 – 4ºС-ын температуртай, 90 – 95%-ийн чийглэгт 7 – 8 сар хадгална. Цаасанд боож хөргөгчиндөө хадгалах үед чийг болон аминдэмийн алдагдал хамгийн бага байна.

Лийр

Лийр цагаан, ягаан, шаргал, ногоовтор өнгөтэй, хүйтэнд тэсвэргүй, хадгалалт даах чадвар муутай жимс юм. Уусдаг эслэгээр нэн баялаг, фолийн хүчил, ниацин, А, В1, В2, С, Е аминдэм, зэс, фосфор, кали нилээд хэмжээгээр, кальци, төмөр, магни, селен бага хэмжээгээр агуулдаг. Лийр нь харшил бага үүсгэдэг жимсэнд тооцогдох учир нярай болон бага насны хүүхдийн хоолонд тохиромжтой. Антиоксидант болон хавдрын эсрэг глутатион агуулах учир цусны даралт ихдэх болон цус харвалт, зарим төрлийн хорт хавдраас сэргийлэх үйлчлэлтэй.

Лийр жимсний ашиг тус:

  • Зүрх судасны үйл ажиллагааг дэмжиж өгдөг бөгөөд өдөрт 1 ширхгийг идсэнээр зүрхний өвчин болон цус харвалтаас урьдчилан сэргийлнэ.
  • Антиоксидант болон аминдэмээр баялаг учир нүдэнд тэжээл өгч, хамгаалах хамгийн сайн хүнсний нэгд тооцогддог.
  • Өдөр тутам лийр идэх нь хөгшрөлтөөс үүдэн арьсан дээр толбо үүсэхээс сэргийлдэг.
  • Тархины сэтгэх үйл ажиллагааг сайжруулж, эрч хүч нэмдэг бөгөөд фруктоз ба глюкозийг ихээр агуулдаг тул цусан дахь глюкозийн хэмжээг хянаж сахарын хэмжээг бууруулна.
  • Илчлэг багатай, шим тэжээл ихтэй учир биеийн жинг бууруулах ач тустай.
  • Бүдүүн гэдэс, хөх, ходоод болон уушгины хорт хавдраас урьдчилан сэргийлдэг.
  • Уусдаг эслэгийг ихээр агуулдаг учир гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг нэмэгдүүлж өтгөн хатахаас сэргийлнэ.

     Лийрийг шинээр нь хэрэглэхээс гадна хатааж нөөшлөнө. Мөн компот, чанамал, шүүс хийж хэрэглэж болно. Намрын болон өвлийн сортын лийрийг 4-6 сар, зарим эрт ургацын сортын 1.5-2 сар 0º-+2ºС-ын температур, 85-90%-ийн харьцангуй чийглэгтэй орчинд хадгалахад тохиромжтой.

Танд санал болгох

Тиби аппликeйшн
Таны халаасны Хоолзүйч

Эрүүл зөв зохистой хооллолтын хөтөч