Амин дэмээр баялаг – Жимс, жимсгэнэ яагаад чухал вэ?

    Эрүүл, зохистой хооллолтын заавал байх шалгуурын нэг нь өдөр бүр өөрт тохирсон хэмжээний жимс, жимсгэнийг идэж буйг тодорхойлох явдал байдаг. Шалгуурыг хангаж байвал эрүүл хооллож байна гэж дүгнэж болно. Олон улсад хүн хоногт 200 гр-аас доошгүй, жилд 109-112 кг жимс, жимсгэнэ, түүний бүтээгдэхүүнээр хийсэн хүнс тэжээл, ундааны зүйл хэрэглэх шаардлагатай гэж эрдэмтэд үздэг байна.

Жимс, жимсгэнэ нь глюкоз, фруктоз, сахароз зэрэг нүүрс уснаас гадна ус, А, С, В1, В2, В6, РР амин дэм, кали, кальци, магни, төмөр зэрэг микро ба макро эрдсүүд, жимсний хүчил, антиоксидант, эслэг гэх мэт бусад бодисыг агуулдаг. Шинэхэн, эрүүл ахуйн шаардлага хангасан жимс жимсгэнийг өдөр бүр идсэнээр бие махбодын үйл ажиллагаа хэвийн явагдаж, дархлаа сайжирч, гоо үзэсгэлэнтэй, эрүүл чийрэг байж, ажлын эрч хүч нэмэгдэнэ. Энэ тохиолдолд заавал нэмэлтээр аминдэм авч уух ч шаардлагагүй болох учир амин дэмд зарцуулах мөнгөөрөө жимс, жимсгэнэ авч байхыг зөвлөе.

     Монгол улсад хийгдсэн STEPS-2019, Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын үндэсний IV судалгааны тайланд манай нийт хүн ам 7 хоногийн 1.8 өдөрт нь л жимс хэрэглэж байгаа нь Монгол хүний жимс эрүүл, зөв хооллолтын зөвлөмжөөс доогуур байна гэсэн дүгнэлт гарчээ. Үүний үр дүн нь Монгол улсын Эрүүл мэндийн үзүүлэлтэд 2019 онд зүрх судасны өвчин, хавдар, чихрийн шижин, амьсгалын замын архаг өвчлөл нийт нас баралтын 62.0 хувийг эзэлж байгаа ба үүнээс 60.7 хувь нь 30-70 насныхан байна. Энэ судалгааны дүнгээс харахад идэр насны иргэдээ урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой өвчнөөр алдаж байгаа нь харамсалтай.

       Жимс ногоог өдөр бүр бөгөөд заавал идэж байх нь өсөлт хөгжил сайтай, эрүүл, эрч хүч дүүрэн байхын үндэс гэдгийг ойлговол зохилтой.

Бид яагаад жимс жимсгэнэ хэрэглэхгүй байна вэ?

     Халдварт бус өвчний талаарх хүн амын мэдлэг, хандлага, дадлын түвшин тогтоох талаар 2013 онд хийсэн судалгаанд жимс, хүнсний ногооны хэрэглээ хязгаарлагдмал байгаад нөлөөлж буй үндсэн хүчин зүйлс нь өндөр үнэ (69.8%), импортын жимс, хүнсний ногооны чанар, аюулгүй байдалд итгэлгүй байдал (36.9%) байна гэсэн дүгнэлт дурдагджээ. Үнэ өндөр байж болох ч зохистой хэрэглээнд дадаж, эрүүл хооллолтын хэв маягт суралцахын тулд  ирэх 5-10 жилийг харж, эрүүл мэнддээ өнөөдөр оруулсан 1 төгрөгийн хөрөнгө оруулалт 17 төгрөгний ашиг авч ирнэ гэсэн тооцоог гаргаад байгаа билээ. Эдийн засгийн үр өгөөжөөс гадна эрүүл, чанартай амьдрал хэмээх “алтаар ч үл үнэлэгдэх шагнал” хүртэнэ гэдэгт итгэлтэй байж болно. Хэрэв та импортын бүтээгдэхүүнд үл итгэгч бол Монгол оронд ургадаг жимс, жимсгэнийг нөөцлөн авч жилийн хэрэглээгээ хангах боломжтой. Манай оронд ургадаг жимсгэнэ шим тэжээлийн чанар өндөртэй.

        Жишээ нь:

С аминдэм нь үхрийн нүдэнд амтат жүржнээс 4 дахин их, чацарганад нимбэгээс 5 дахин их агуулагддаг. Мөн чацаргана, нэрс, улаалзганыг халуун орны жимс гадил, хан боргоцой, инжиртэй харьцуулахад 6 дахин их органик хүчил агуулдаг байна. Бидний хүүхдүүддээ авч өгч буй мульти-витамин 1 ширхэг нь дунджаар 450 төгрөг болдог. Тэгвэл өдөрт 5-6 ширхэг чацаргана хүүхдэдээ өгөхөд л хоногт авах аминдэмийг нь хангалттай хэмжээгээр нөхөх боломжтой. 1 ширхэг мульти-витамин худалдаж авах мөнгөөр 50г чацаргана худалдаж авах боломжтой бөгөөд энэ нь насанд хүрсэн хүний хоногийн С аминдэмийн хэрэглээг 250% иар хангах боломжтой байдаг. Чацарганад зөвхөн С аминдэм бус маш олон төрлийн бусад аминдэмүүд, тосны хүчил, органик нэгдэл, 190 гаруй төрлийн биологийн идэвхт бодис байдаг.

Олон төрлийн шимт бодис агуулдаг тул цусны даралт ихсэх, зүрх судасны өвчин,тархинд цус харвах өвчний эрсдэлийг бууруулж, зарим төрлийн хорт хавдраас сэргийлж, хараа сайжруулан, ходоод гэдэсний үйл ажиллагааг дэмжин, цусан дахь сахарын хэмжээг зохицуулж, хоолны дуршлыг бууруулах ач холбогдолтой.

Танд санал болгох

Тиби аппликeйшн
Таны халаасны Хоолзүйч

Эрүүл зөв зохистой хооллолтын хөтөч