“Лусын амьтны” лут их үр шим

Монголчууд эрт үеэсээ загасыг “лусын амьтан” хэмээн дээдэлж, түүнийг хүнсэндээ хэрэглэх соёл байгаагүй нь тодорхой. Орчин үед бидний хоолны нэр төрөл, сонголт олширч байгаа хэдий ч загасыг түгээмэл хэрэглэдэг, загас идсэн ч “хоолшдоггүй” хүн олон. Гэтэл далайн бүтээгдэхүүний охь болсон загас дэлхий дээрх хамгийн эрүүл хоол хүнсний тоонд зүй ёсоор ордог.

Д аминдэмээр баялаг бөгөөд хүний бие болон тархинд чухал ач холбогдолтой омега-3 тосны хүчлүүдийн гайхалтай эх үүсвэр юм. Мөн уургийн маш сайн эх үүсвэр тул булчин, эд эрхтэн, судас, эсийн хуваагдал, үсний ургалт, дааврын дохиолол зэргийг эрүүл байлгахад өндөр ач холбогдолтой. Түүнчлэн бие махбодод зайлшгүй шаардлагатай амин чухал эрдэс болох иодоор баялаг. Иод нь хоолны дуршил, дархлаа зэргийг удирддаг бамбай булчирхайн үйл ажиллагаанд чухал үүрэгтэй.

Загасанд ерөнхийдөө дараах төрлийн шим тэжээл агуулагддаг ба эдгээрийн сайн эх үүсвэр байдаг:

  • Д аминдэм
  • B 12 аминдэм
  • Төмөр
  • Фосфор
  • Ниацин

Зүрхний эрүүл мэндээс эхлээд сэтгэл гутралын шинж тэмдгүүд хүртэл эрүүл мэндэд олон талын ач тустай тул загасыг хүнсэндээ хэрэглэх нь сайн бөгөөд сайхан сонголт болно.

Ингээд судалгааны ажлын үр дүнгээр батлагдсан дараах эрүүл мэндийн 10 ашиг тусыг өнөөдрийн нийтлэлээрээ хүргэхээр бэлтгэлээ.

  1. Шим тэжээлийн агууламж өндөр

Өндөр чанартай уураг, иод, төрөл бүрийн аминдэм, эрдэс бодис зэрэг дийлэнх хүмүүсийн биед дутагдаж байдаг олон төрлийн шимт бодисыг загас агуулж байдаг. Салмон, хар амар, хулд, сардин, туна зэрэг загасанд агуулагдах өөх тос нь өөхөнд суурилсан шимт бодисоор нэн баялаг бөгөөд загасны өөх тосыг хамгийн эрүүл өөх тос гэж үзэх нь бий. Тосонд уусдаг Д аминдэм чухам эдгээр загасанд ихээр агуулагддаг. Омега-3 тосны хүчил өөхлөг загасанд ихээр агуулагдах ба бие махбод, тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлж, зарим өвчний эрсдэлийг бууруулдаг. Мөн загасанд агуулагдах В12 аминдэм нь цусны улаан эсний өсөлт, ДНХ-н нөхөн үржихүй, мэдрэлийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. В12 аминдэмийг хангалттай хэмжээгээр хэрэглэснээр сэтгэцийн олдмол өвчин зүрхний өвчний эрсдэлийг бууруулдаг байна. Харин В12 дутагдсанаар архаг ядаргаа, цус багадалт өвчний шалтгаан болдог.

2. Зүрхний шигдээс, цус харвах эрсдлийг бууруулдаг

Зүрхний шигдээс, цус харвалт нь дэлхий дээрх өвчнөөс үүдсэн үхлийн хамгийн түгээмэл 2 шалтгаан. Загасыг зүрхийг тэтгэх хамгийн эрүүл хоол гэж үздэг. Загас тогтмол иддэг хүмүүс зүрхний шигдээс, цус харвалт, зүрхний өвчнөөр өвчлөх эрсдэл хамгийн бага байдаг. Загас нь омега-3-ын агууламж өндөр тул зүрхний эрүүл мэндэд үлэмж ач тустай гэж судлаачид үздэг. Омега-3 тосны хүчлийг тогтмол авснаар зүрхний титэм судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх ба өвчлөх эрсдэлийг бууруулна. Учир нь тосны хүчил нь судасны хананд үүссэн өөх тосыг багасгаж, триглицеридын /муу өөх тос/ түвшинг бууруулж, цусны даралтыг багасгахад тусалдаг.

3. Ургийн хөгжилд шаардлагатай чухал шим тэжээлээр баялаг

Омега-3 тосны хүчил нь ургийн болон нярайн өсөлт хөгжилд чухал үүрэгтэй. Омега-3 өөх тосны бүрэлдэхүүн хэсгийн нэг доксахексоны хүчил (DHA) нь тархи болон нүдний хөгжилд онцгой ач холбогдолтой. Иймд жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд хангалттай хэмжээний омега-3 агуулсан хоол хүнс хэрэглэхийг зөвлөдөг. Гэсэн хэдий ч зарим загасанд мөнгөн ус ихээр агуулагддаг тул жирэмсэн эхчүүд зөвхөн салмон, сардина, хулд зэрэг мөнгөн усны агууламж багатай загасыг долоо хоногт 340 граммаас ихгүйгээр хэрэглэх шаардлагатайг анхаараарай. Мөн урагт сөрөг нөлөө үзүүлж болохуйц бичил биет агуулдаг тул түүхий болон болгоогүй загас идэхээс зайлсхийх хэрэгтэй.

4. Тархины эрүүл мэндэд тустай

Хөгшрөлтөөс үүдэн тархины үйл ажиллагаа буурдаг. Нас даган сэтгэцийн эрүүл мэнд бага зэрэг өөрчлөгдөх нь хэвийн боловч Альцгеймерийн өвчин зэрэг сэтгэцийн ноцтой эмгэгүүд тусах нь бий. Олон ажиглалт судалгаанаас харахад тогтмол загас иддэг хүмүүсийн сэтгэцийн үйл ажиллагаа муудах нь удаан байдаг нь тогтоогдсон байна. Судалгаагаар 7 хоног бүр загас хүнсэндээ хэрэглэдэг хүмүүсийн тархины сэтгэл зүй болон ой санамжийг зохицуулдаг хэсгүүдэд нь илүү их саарал бодис /gray matter/ ялгарч байжээ. Хүний цусанд агуулагдах омега-3 тосны хүчлийн түвшин бага байх нь тархи хөгшрөх, ой санамж муудах, танин мэдэхүйн чадвар буурах зэрэг шинж тэмдгүүдийн шалтгаан болдог. Мөн хөгшрөх явцад биед агуулагдах омега-3 тосны хүчил буурсаар хүний тархи агшдаг байна.

assortment-healthy-sea-food

5. Сэтгэл гутралаас сэргийлэх, эмчлэхэд тустай

Сэтгэл гутрал нь нийтлэг тохиолддог сэтгэцийн эмгэг юм. Сэтгэлээр унах, гуниглах, эрч хүч буурах, амьдралын идэвхгүй болох, амьдралаас уйдах зэргээр тодорхойлогддог. Энэ өвчин зүрх судас, таргалалтын дайтай олны дунд яригдаад байдаггүй ч дэлхийн хамгийн том асуудлуудын нэг болоод байгаа. Харин загас тогтмол хоол хүнсэндээ хэрэглэдэг хүмүүс сэтгэл гутралд орох магадлал багатай байдгийг судалгаагаар тогтоожээ. Омега-3 тосны хүчил нь сэтгэл гутралтай тэмцэж, сэтгэл хямралын эсрэг эмийн үр нөлөөг ихээхэн нэмэгдүүлдэг болох нь хяналт туршилтаар батлагдсан байна.

6. Д аминдэмийн сайн эх үүсвэр

Д аминдэм нь хүний биед агуулагддаг стероид дааврын нэгэн адил үйлчилдэг. Харвардын Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн дэд профессор, доктор Д.Ганмаагийн 2019 онд хийсэн судалгаагаар Монгол улсын хүн амын дунд өвлийн улиралд 99, зуны улиралд 38 хувийн Д аминдэмийн дутагдалтай гэсэн судалгааны дүгнэлт бий. Загас, загасан бүтээгдэхүүн нь Д аминдэмийн хамгийн сайн эх үүсвэрүүдийн нэг юм. Салмон, май загас зэрэг өөхлөг загаснууд Д аминдэм хамгийн их хэмжээгээр агуулдаг. 113 гр орчим болгосон салмон загас идэх нь Д аминдэмийг 100% авч чадах хэмжээ хэмээн зөвлөжээ. Мөн сагамхайн тос гэх мэт зарим загасны тос нь Д-н агууламж өндөртэй тул өдөрт 15 мл буюу нэг халбагыг уух нь өдрийн Д аминдэмийн хэрэгцээг хангана гэж үздэг байна. Хэрэв та хангалттай наранд байж чаддаггүй, загас тогтмол хүнсэндээ хэрэглэдэггүй бол Д аминдэмийг мэргэжлийн эмчээс зөвлөгөө авсны дагуу нэмэлтээр уух хэрэгтэй.

7. Хүүхдийн өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тустай

Судалгаагаар загас тогтмол хүнсэндээ хэрэглэх нь хүүхдийн астма өвчний эрсдэлийг 24%-р бууруулж байгаа нь тогтоогдсон боловч харин насанд хүрэгчдэд мэдэгдэхүйц нөлөө илрээгүй байна.

8. Өндөр настнуудын хараанд сайнаар нөлөөлнө

Насжилттай холбоотой үүсэх шар толбоны сөнөрөл нь нүдний хараа муудах, хараагүй болоход хүргэдэг тэргүүлэх шалтгаан бөгөөд ихэвчлэн ахимаг насны хүмүүст тохиолддог. Загас болон омега-3 тосны хүчил нь энэхүү өвчнөөс сэргийлнэ. Судалгаагаар загас тогтмол хүнсэндээ хэрэглэдэг эмэгтэйчүүдийн насжилттай холбоотой үүсэх шар толбоны сөнөрөл 42%-р буурсан нь тогтоогджээ. Харин өөхлөг загас долоо хоног бүр хүнсэндээ хэрэглэх нь насжилттай холбоотой үүсэх шар толбоны сөнөрөл эрсдэлийг 53%-р бууруулж байгааг тогтоожээ.

9. Загас нь нойрны чанарыг сайжруулахад тустай

Нойрны эмгэг нь бидний дунд түгээмэл тохиолддог өвчнүүдийн нэг билээ. Дундаж насны 95 хүн дээр хийсэн судалгаагаар 6 сарын турш 7 хоногт 3 удаа хулд загас идүүлжээ. Үр дүнд нь хүмүүсийн өдөр тутмын идэвх болон нойрны чанар сайжирсан бөгөөд судлаачид биед агуулагдах Д аминдэмийн хэмжээтэй холбоотой хэмээн үзж

10. Амттай бас бэлтгэхэд амар

Загас нь бэлтгэхэд хялбар бөгөөд амттай, эрүүл мэндэд өндөр ач холбогдолтой тул түлхүү хэрэглэх шаардлагатай сайн хүнсний сонголт юм. Утаж, шарж, жигнэж, чанаж хэрэглэх ба олон төрлийн үр тариа, хүнсний ногоотой сайхан зохицдог. Үржүүлгийн загаснаас илүүтэйгээр гол усны зэрлэг загас идэхийг илүүд үзэх хэрэгтэй. Учир нь байгалийн зэрлэг загасанд омега-3 илүү их агуулагддаг.

Танд санал болгох

Тиби аппликeйшн
Таны халаасны Хоолзүйч

Эрүүл зөв зохистой хооллолтын хөтөч