Өөх тосны агууламж өндөртэй – Гахайн мах

Дэлхий нийтээрээ гахайн махыг хамгийн өргөн хэрэглэдэг. Гэхдээ Ислам болон Иудейн шашинд гахайн идэхийг цээрлэсээр иржээ. Дэлхийн хэмжээнд нийт гахайн 65% хувийг Азид өсгөдөг байна. Гахай нь холимог идэштэн бөгөөд ургамал, ургамлын үндэс, амьтны гаралтай идэш тэжээлийн зүйлээр хооллодог амьтан. Махны амт нь тухайн гахайг ямар хоол тэжээлээр хооллож байснаас ихээхэн хамаардаг.

Гахайн маханд бусад махны адил төгс уураг, В төрлийн аминдэм, төмөр, фосфор, селен, цайр зэрэг эрдэс бодис, амьтны гаралтай өөх тос агуулагддаг. Харин өөх тосны агууламж бусад махнаасаа өндөр байдаг. Бараг бүх хэсгийн мах нь өөх тосоор баялаг /100 г- маханд 70-90 мг холестрин агуулдаг/.

Гахайн махаар төрөл бүрийн амттай сайхан хоол, зууш бэлтгэж хийхээс гадна гахайн утсан мах, хиам зэрэг боловсруулсан бүтээгдэхүүнийг өргөн хэрэглэдэг.

Хэрэглээ:

Гахайн махыг 1 наснаас дээш настай хүүхдэд өгвөл зохино гэж үздэг. Мөн зүрх судасны өвчтэй болон, чихрийн шижинтэй хүмүүс өдөрт идэх хэмжээгээ маш сайн тохируулах хэрэгтэй. Харин жин хасах болон жин бариж байгаа хүнд төдийлөн тохиромжтой биш. Хэрэглэхдээ аль болох чанаж болгох, өөхийг нь багасгаж хэрэглээрэй.

Гахайг цээж, нуруу, хэвлий хэсэг хавирга, бөгсөн хэсгийн мах гэж ангилан түүгээр төрөл бүрийн хоол хийдэг. Аль хэсгийн махнаас хамаарч боловсруулах арга, болгох хэм нь өөр байдаг.

  • Хүзүү болон цээж хэсгийн мах: Энэ хэсгийн мах нь хамгийн зөөлөн хэсэг бөгөөд өөхөөр хучигдсан байдаг. Хүзүүний мах зөөлөн учраас шууд амталж шарахад нэн тохиромжтой.
  • Дунд хэсгийн мах буюу нурууны хэсэг: Нурууны хэсгийн мах нь өөх багатай, цул зөөлөн махтай. Энэ хэсгийн махаар хамгийн алдартай хоолнууд болох гахайн шарсан нуруу, гахайн махан стейк зэргийг хийдэг. Хурдан болдог учраас болгох хэмээ сайн тохируулаарай. Хэт өндөр хэмээр хурдан шарвал хорчийж түлэгдэх талтай. Мөн тугалган цаасанд боож шарах шүүгээнд жигнэж болгож болно.
  • Хэвлий ба хавирга хэсгийн мах: Энэ хэсэг зөөлөн, их өөхтэй байдаг. Бидний хамгийн сайн мэдэх Бекон, Самгёпсаль зэргийг энэ хэсгийн махаар хийдэг. Мөн хавиргыг бүтнээр нь чанах шарах зэргээр хоол хийнэ.
  • Бөгсөн хэсгийн мах: Энэ хэсгийн зарим мах өөх багатай. Уламжлалт аргаар давсалж, хатааж, бүтнээр нь шарах зэргээр гуяыг бүхлээр нь ашиглана. Гуяыг шулж өдөр тутмын гэр бүлийн хоолонд хэрэглэхэд нэн тохиромжтой. Мөн давтаж зөөллөөд щницель, шарсан мах зэрэг хоолыг бэлтгэнэ. Хэрэв чанах гэж байгаа бол хэт зузаан хэрчих хэрэггүй. Учир нь хатуурдаг гэдгийг санаарай.
  • Гахайн шийр тагалцаг: Желатинаар хамгийн баялаг хэсэг. Шийрийг нь ихэвчлэн зөөлөн галаар чанаж боловсруулдаг бол, тагалцагийг давсалж утаад чанаж болгодог байна.

Худалдаж авахдаа шинэхэн, өнгө зүс алдаагүйг сонгож аваарай. Мах нь ягаандуу улаан, өөх нь цагаан, дарж үзэхэд хэвэндээ буцаж хурдан орж байвал шинэ байгааг илтгэнэ. Харин өөх нь баг зэргийн шар туяатай, мах нь нэлээн улаан байвал удсан болон хөгшин гахайн мах байдаг. Шинэ гахайн мах хөргөгчид 4 хоног, хөлдөөгчид 3-4 сар хадгалахад чанараа алдахгүй байж чадна. Гэхдээ бусад махтай хольж нэг уутанд хийж болохгүйг санаарай. Идэх хэмжээгээр ууталж хөлдөөх нь хамгийн сайн шалгарсан арга. Гахайн махыг сайтар болгож хэрэглэнэ. Учир нь гэдэсний савханцар болон нянгийн гаралтай хоолны хордлого үүсэх эрсдэлтэй байдаг.

Танд санал болгох

Тиби аппликeйшн
Таны халаасны Хоолзүйч

Эрүүл зөв зохистой хооллолтын хөтөч