Мах хадгалах ба сонгох зөвлөгөө

Махны хадгалалт

Монголчууд хэзээнээс нааш нарийн арга технологиор малын махаа хатаах, шуузлах, борцлох зэрэг аргаар хадгалж иржээ. Одоо ч энэ аргаар хадгалж байгаа бөгөөд ихэнхдээ хөргөгч хөлдөөгчид шууд хадгалж байна. Махыг өвлийн цагт хөлдөөхөд махны шүүслэг чанар жижиг талст байдалд шилжиж, түүний эд эс бага хувирах бөгөөд эргүүлж гэсгээхэд хөлдөж талстсан услаг шүүс нь эд эсдээ эргэн шилжиж, бүтээгдэхүүний тэжээлт чанар хэвийн байдалдаа орно.

Махыг хэдий чинээ хурдан, их хүйтэнд хөлдөөвөл амт чанар нь сайн хадгалагддаг. Гол анхаарах зүйл нь нэг мөсөн томоор нь биш өрхийн өдрийн хэрэгцээнд тохирсон хэмжээгээр жижиглэн, өөх махыг тэнцүүлж хүнсний зориулалтын уутанд хийн хөлдөөх нь хамгийн сайн арга болдог.

Дийлэнх хүмүүс махаа авчраад томхон хэсгээр хуваагаад шууд хөргөгчид хийдэг. Энэ нь хамгийн буруу арга юм. Нэг хоол хийхдээ том мах гаргаж ирээд хөшиглөж аваад үлдсэнийг буцаан хөргөгчид хийнэ. Дараа өдөр нь дахин гаргаж ирээд гэсгээнэ. Ингэж олон дахин махыг гэсгээж хөлдөөснөөр махны амт чанар алдагдах ба гаднын нян бактери үүсэх таатай орчин бүрддэг гэдгийг санаарай.

Мах сонгож авахдаа анхаараарай

Махны үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа энэ үед гэр бүлийн хүнсний төсөвт голлох байр суурь эзэлж байдаг махаа сонгож авахдаа:

Хамгийн түрүүнд мэдрэхүйн эрхтнээр үнэлэхэд чанараа алдаагүй, махны өнгө хэвийн харлаж бүдгэрээгүй, гадаад байдал цэвэр, элдэв бохирдолгүй, өөх алагласан, зөөлөн биелэг, шүүслэг, дарж үзэхэд хонхойсон хэсэг нь хурдан анхны хэлбэртээ орж байгаа эсэхийг шалгаарай. Харин хэт улаан өнгөтэй, эсвэл хүрэн өнгөтэй, хальс арьс нь гэмтсэн, харлаж хиртсэн, цусархаг толбо үүссэн, үнэр нь таагүй махнаас татгалзах хэрэгтэй.

Ялангуяа дулааны улиралд мах хурдан мууддаг тул маш нарийн шалгаж авах шаардлагатай. Хөлдөөж хадгалахын өмнө махаа сайн цэвэрлэнэ. Үс хялгас нимгэн хальсыг нь сайтар аваарай. Зарим хүмүүс хэт цэвэрлэх гээд махаа угаачихдаг. Энэ нь махны шим тэжээллэг байдлыг бууруулдаг. Түүний оронд сайн хусах эсвэл зуурсан гурилаар наалдуулан цэвэрлээрэй.

Танд санал болгох

Тиби аппликeйшн
Таны халаасны Хоолзүйч

Эрүүл зөв зохистой хооллолтын хөтөч