Халуун ногоотой амтат тахианы шөл

Тахианы мах уурагаар баялаг, өөх тосны агууламж багатай, шингэц сайтай мах юм. Харин халуун чинжүү, саримс нь С, А-аминдэмээр баялаг тул дархлааны системийг сайжруулдаг. Эрдэнэшиш нь С, А-аминдэм, нүүрс усаар баялаг тул биемахбодийг түлшээр хангаж өгдөг. Тиймээс дараах шөлийг өдрийн болон оройг хоолны цагаар идэх нь илүү тохиромжтой.

Орц, найрлага

  • 500 г тахианы мах
  • 100 г төмс
  • 50 г сүү
  • 2 хумс саримс
  • 150 г эрдэнэшиш
  • 100 г сонгино
  • 1 ц/х нунтаг халуун улаан чинжүү
  • 2 ц/х хатаасан оргено
  • 50 г бяслаг
  • 1 хоолны халбага ургамалын тос
  • давс
  • нунтаг хар перец

Хийх заавар

  1. Тахианы махаа тогоонд хийж, далд орохоор ус хийж буцалгана.
  2. Шөлөндөө 1 хумс саримс болон тал төмсөө хийж галыг нь багасгаад зөөлөн гал дээр 30 минут орчим чанана.
  3. Үүний дараа төмс болон тахианы махаа тогооноос гаргана. Тахианы махаа яснаас нь салгаж шулж бэлтгэнэ. Ингээд үндсэн шөлөө бэлэн болгоно.
  4. Дараагаар нь хайруулын тавагнд тосоо халаагаад сонгино болон үлдсэн саримсаа хийж 5-7 минут хуурна.
  5. Үлдсэн төмсөө шоо дөрвөлжин хэлбэртэй хэрчээд халуун улаан чинжүү, хатаасан оргено амтлагчуудаараа амтлаад хөнгөн шарна. Дараа нь эрдэнэшиш нэмээд сайтар хутгана.
  6. Үндсэн шөлөн дээрээ бэлдэж шарсан ногоогоо болон сүү хийж амтална. Төмсийг зөөлөртөл зөөлөн галаар чанана.
  7. Хамгийн сүүлд нь шулсан мах, бяслаг, давс, нунтаг хар перецээ өөрийн амталгаагаар хийн сайтар хутгаад л шөл бэлэн боллоо.

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published. Заавал бөглөх талбар *