ТАРАГ, ХООРМОГ – Исэг цагаан идээ

Бид өмнөх нийтлэлээрээ уураглаг цагаан идээ болох аарц, ааруул болон бяслаг, ээзгий, ээдэмний талаар уншигч танд хүргэсэн билээ. Харин энэ удаагийн нийтлэлээрээ исэг цагаан идээ болох тараг, хоормогны талаар хүргэхээр бэлтгэлээ.

Исэг хүнс гэдэг нь гэдэсний микрофлорыг бүрдүүлдэг ашигтай бичил биетнийг амьдаар агуулсан бүтээгдэхүүнийг хэлэх ба дэлхий дахинд “пробиотик” буюу амьдралыг тэтгэгч хэмээн нэрлэж, тэдгээрийн үйлдвэрлэл, хэрэглээ нь улам өссөөр байна. Үүнд Монголчууд бидний уламжлалт хүнс тараг, аарц, айраг зэрэг исэг цагаан идээ багтдаг.

Исэг бүтээгдэхүүн нь хүн төрөлхтний амин чухал стратегийн хүнс болж буй олон шалтгаан байдаг. Үүнд:

  • Исэг хүнсний найрлага дахь ашигтай бичил биетнүүд нь хортой нэгдэл, өвчин үүсгэгч бичил биетний үржил, өсөлтийг дарангуйлж гэдэсний микрофлорын тэнцвэрийг хадгалах тул ходоод, гэдэс хямрахаас сэргийлж, хоолны шингэцийг сайжруулдаг. Ялангуяа бага насны хүүхдийн гэдэсний бичил орчин амархан хямардаг тул тэдний өдөр тутмын хүнсэнд тараг зайлшгүй шаардлагатай байдаг.
  • Исэх процесс буюу уг бүтээгдэхүүн боловсрох явцад ашигтай бичил биетнүүд болон ферментийн нөлөөгөөр сүүний найрлага дахь уураг, өөх тос, нүүрс ус зэрэг үндсэн шимт бодисууд задарч хүний биед шингэхдээ хялбар болдог.
  • Мөн исэлтийн дүнд үүссэн бодисууд нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулан биеэс хорт бодисыг гадагшлуулах ба өвчин үүсгэгчдийг устгах тул хүний биеийн дархлааг сайжруулдаг.
  • Цусан дахь холестериний хэмжээг багасгадаг.
  • С аминдэм болон кальцийн агууламж өндөр төдийгүй кальци нь сүүний хүчлийн нөлөөгөөр хялбар шимэгдэж, яс бэхжүүлэх, шүд хорхойтох болоод чулуу үүсэхээс сэргийлэх ба хүүхдийн өсөлтийг түргэсгэдэг.

Исэг цагаан идээний эрүүл мэндэд үзүүлэх ач холбогдол асар их тул тэдгээрийн хэрэглээг нэмэгдүүлэх нь зүйтэй юм.

Тараг  

Тарганд хүний биед нэн тустай сүүн хүчлийн бактери ихээр агуулагддаг. Сүүн хүчлийн бактери нь нян болон өвчин үүсгэгч бактерийг эсэргүүцэх үйлчлэлтэй төдийгүй, бие дахь хорт бодисыг задалж саармагжуулдаг. 

Эдгээрээс гадна:

  • Элэг, нойр булчирхай, хоол боловсруулах замын эрхтнүүдийн үйл ажиллагааг сайжруулна.
  • Хоол шингээлтэд сайнаар нөлөөлнө.
  • Хаван буулгаж, цусны даралт тогтворжуулна.
  • Бүх төрлийн гурилан бүтээгдэхүүн болон овьёостой сайн зохицож, гэдэс цэвэрлэнэ.
  • Хоол боловсруулах эрхтний хэвийн бичил орчны тэнцвэрт байдлыг хангаж, бодисын солилцоог сайжруулна.
  • Бүдүүн гэдэсний ашигтай бактерийн тоо толгойг нэмэгдүүлснээр жингээ хасахад тустай.
  • Амны хөндийн хүчил шүлтийн тэнцвэртэй байдлыг хангаснаар эмгэг төрөгч үржих нөхцөлийг саатуулдаг гэж үздэг.

Тараг бүрэх

Хөөрүүлсэн сүүг 40 – 45ºС-тай болтол бүлээсгээд, урьдчилан шүүсэн хөрөнгө хийн самарна. Дулааныг нь алдагдуулахгүйн тулд хучин хөдөлгөөнгүйгээр 3 – 3.5 цаг байлгахад бүрэлдэж, тараг болно.

Үйлдвэрийн тараг vs Хөдөөний тараг

Худалдааны тарганд элсэн чихэр, бэхжүүлэгч, удаан хадгалахад зориулсан нэмэлт бүтээгдэхүүн, будагч, амт оруулагч орсон байдаг. Мөн үйлдвэрийн явцыг даах сонгомол L.burgaricus Lacta.bacterius гэх мэт хэдэн төрлийн бактериар л өсгөвөрлөдөг. Харин хөдөөний шинээр бүрсэн тараг нь маш олон төрлийн ашигтай бактериар нэн баялаг.

Хоормог

Хоормог нь айрагтай харьцуулахад хавьгүй өтгөн боловч хөөсөрч шуугьсан тагнайд ууссан, исгэлэн сайхан амттай, уруул чимчгэнүүлж, хамар цоргиулдаг их хийжилттэй ундаа болдог. Уламжлалт цагаан идээ боловсруулах арга ухаанд хоормогийг 2 үндсэн аргаар гаргаж авдаг.

  1. Хуучирсан таргийг болсон сүүгээр сэлбэн шингэлэх
  2. Болсон сүүг хөрөнгөлөн бэлтгэх

Сүүг 8 – 30ºС-т хөрөнгөлөн бүлэхгүй бүрэлдүүлбэл хоормог, бүрэлдсэн хоормогийг дахин сүүгээр шингэлж, бүлж исгэвэл айргийн төрлийн унд, нэрмэлийн хөрөнгө болно. Хэрэв хоормогийг бүлж, дрожийн өсөлт, үржлийг эрчимжүүлбэл, айргийн адилаар спиртийн исэлт явагддаг байна.

Ингэний хоормогийг хоол боловсруулах эрхтний /элэг, цөс, ходоод, гэдэс/ зонхилох төрлийн өвчлөлд сувиллын болон урьдчилан сэргийлэх зориулалтаар хэрэглэдэг. Жирэмсэн эхчүүдийн хаванг хөөхөд нэн тустай. Хүний биед шингэхдээ хялбар, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг хөнгөвчилнө.

L.casei бактери агуулсан ундаа нь гэдэсний хэвийн үйл ажиллагааг хангахын зэрэгцээ дархлааг сайжруулна. Нэг саванд 20 тэрбум ашигтай бактери байгаа” гэх үгийг телевиз, радионы рекламаас олонтаа сонссон байх.

Тэгвэл бидний хэрэглэж заншсан хоормогонд хэдэн зуун тэрбум L.casei бактери байдаг гэвэл та итгэх үү. Зах зээл дээр иймэрхүү гадны импортын бүтээгдэхүүн 150-200 мл савлагаатай нь   2500 ₮-4500 ₮ зарагддаг бол мөн ижил хэмжээтэй хоормогийг бид 4,500₮ худалдан авч уух боломжтой байдаг. Ингээд бодохоор зохистой хооллох нь зөвхөн мөнгөтэй хүмүүсийн үнэтэй бүтээгдэхүүн худалдаж авснаар болдог зүйл биш юм. Монгол хоормогонд L.casei бактериас гадна бидний биед ашигтай Las.Lastis, Sacch.fragilus, пропион хүчлийн бактериуд, лактоз үл задлагч, споргүй дрож зэрэг агуулагддаг. Хэн ч хоормогийг эрүүл мэндийг дэмждэг супер хүнс гэж цоллоогүй ч ямар ч хүнсний нэмэлт, эрүүл мэндийг дэмжих хүнстэй харьцуулшгүй пробиотик хүнс юм.

Танд санал болгох

Тиби аппликeйшн
Таны халаасны Хоолзүйч

Эрүүл зөв зохистой хооллолтын хөтөч