АЙРАГ БА ШИМИЙН АРХИ – Исэг цагаан идээ

Айраг

Манай зарим нутагт үнээ, хонь, ямаа, ингэний сүүг исгээд айраг гэж нэрлэх нь тааралддаг боловч гүү барьдаг газруудад айргийг зөвхөн гүүний саамаар бэлтгэдэг. Гүүний сүүг хөрөнгөлж исгээд, бүлж боловсруулан айраг бэлтгэдэг. Айраг исгэхийн тулд саамыг шүүж цэвэрлээд хөрөнгөтэй хольж 3,000-5,000 удаа бүлдэг. “Айраг шуугин” исэж, “уруул чимчигнүүлдэг” –ийн учир нь лактоз задлагч дрожийн үйлчлэлээр айрагт этилийн спирт, нүүрс хүчлийн хий үүсдэг байна.

Айрагийн найрлагад хүний биеийн эрүүл мэндэд хэрэгцээтэй А, С, В, Е зэрэг бараг бүх аминдэмүүд бий. Мөн кальци, фосфор, кобальт, зэс зэрэг эрдэс бодисоор үнээний сүүнээс давуутай бөгөөд шингэц сайтай байдаг. Эмчилгээ сувилгаа, шим тэжээлийн ач холбогдолтой, нян устгах чадвартай. Түүнчлэн Оросын эрдэмтэн П.Ю.Берлин сүрьеэ өвчний нян гүүний сүү, айрагийн тосонд үржиж чаддаггүй болохыг нотолсон байна.

Шимийн архи

Сүү цагаан идээнээс гаргаж авдаг нэгэн өвөрмөц зүйл бол шимийн архи. Улс орон болгон өөрийн онцлог уламжлалт архитай байдаг. Гэхдээ манайх шиг цагаан идээнээс гаргаж авсан нь байхгүй болов уу. Шимийн архийг үнээний сүүний, гүүний сүүний, ингэний сүүний, ямааны сүүний аарцаар хийнэ. Аарц цагаагаа исгэж тоо тавьж, тогоо нэрнэ. Тогоо нэрэхдээ бэлтгэсэн цагаагаа, эсвэл таргаа тогоонд хийж, дээр нь модон бүрхээр суулгаж, түүний амсар дээр жалавч буюу жижиг тогоо тавина. Зай завсрыг алчуураар чигжиж битүүмжилнэ. Ингээд цагаа буцалж, аарцны охь ууршин дэгдэж, хүйтэн ус бүхий жалавчны ёроолд хөрөөд дусал болон доош унахдаа бүрхээрийн дунд хавьд байрлах тосгуурт хураагдан тусгай цоргоор гадагш гоожиж, тоссон саванд архи хуримтлагдана. Анх гоожсон архийг “сувс” гэх ба энэ нь хамгийн муу чанартай архинд тооцогдоно. Сувсаа дахин нэрвэл архи болох бөгөөд үүнийг “арз”, арзаа дахин нэрвэл “хорз”, хорзоо нэрээд “шарз”, шарзаа нэрээд “борз” болно. Ийнхүү хэдий олон дахин нэрэх тусам архи нь төдий чинээ хатуу гардаг. Харин жалавч буюу бүрхээрийн дээр байх тогооны ус 30 орчим хэм халахад хүйтэн усаар сольж дүүргэнэ. Усыг олон солих тусам архины чанар муудах тул 1-2 удаа соливол сайн. Шимийн архинд чавга хийж амсрыг сайтар битүүмжлээд чанга боож, дээр нь шаазан сав хөмрөн метр хиртэй нүх малтан булж жил өнжөөд гаргасныг “дармал архи”, 2-3 жил хадгалаад хур архи болгохыг “хуршаасан архи” гэнэ.

Үнээ ба ямааны нэрмэл архи нь чанар, бие махбодод үзүүлэх нөлөөгөөр бусад төрлийн сүүнийхээс илүү сайн, элдэв харшил ядаргаанд хэмжээ тохируулж уудаг.

Гүүний архи нь нэлээд хатуу, өвөрмөц содон үнэртэй, үл ялиг ногоовтор өнгөтэй байдаг. Ингэний шимийн архи нь болор мэт тунгалаг, ямар нэгэн гаж буруу үнэр, амтгүй байдаг. Говь нутгийнхан ингэний нэрмэл архийг өвлийн ес эхэлсэн их хүйтний улиралд жавар ба өл даахад тустай гэж үзэн хэмжээг тааруулан хэрэглэдэг сайхан уламжлалтай.

Танд санал болгох

Тиби аппликeйшн
Таны халаасны Хоолзүйч

Эрүүл зөв зохистой хооллолтын хөтөч