Зөв хэрэглээд сайн үр дүнд хүрье

Хүнсний бүтээгдэхүүнийг хоол хүнсэндээ зөв хэрэглэх нь эрүүл мэндэд үр шимээ өгөхөд маш чухал. Хэчнээн амттай, ашиг тустай бүтээгдэхүүн байлаа ч зөв хэрэглэж чадахгүй бол хаягдлаас өөрцгүй. Иймд өнөөдрийн нийтлэлээрээ үр тариан бүтээгдэхүүнийг хэрхэн зөв хэрэглэх талаар зөвлөмжийг хүргэхээр бэлтгэлээ.

Гурвалжин будаа

Шөлтэй хоол болон хуурай хоолны хачирт хэрэглэнэ. Мөн тээрэмдэж гурил гарган авч гоймон хийдэг. Заавал буцалгаж болгож хэрэглэнэ. Буцлах явцад будааны хальсанд байх хүний биед ашиггүй бодис арилна. 

Гаднын хольц байгаа эсэхийг шалгаж, цэвэрлэсний дараа угаана. Хэмжиж авсан будаанаасаа 2 дахин их хэмжээ бүхий ус хийж буцалгана. Шөлтэй хоол болон хачирт хэрэглэх бол буцалмагц галаа бууруулан 30 минут зөөлөн галаар буцалгана.

Сэвэг зарам

Заавал усанд сойно. Хамгийн багадаа хоолондоо хэрэглэхээс 2 цагийн өмнө, чадвал өмнөх өдөр нь дэвтээх хэрэгтэй. 

Дэвтээхэд хүний биед ашигтай нэгдлүүд нь илүү сайн идэвхжих ба амархан болдог онцлогтой. Эхлээд бүлээн усаар сайн зайлж угаана. Тэгээд коструль саванд хийгээд сэвэг зарамын түвшнөөс 3 хуруу дээш буцалсан хийгээд 1.5-2 цаг дэвтээж хэрэглэнэ.

Хэрэглэхдээ: Дэвтээсэн зэвэг зарамыг зөөлөн гал дээр 15-20 мин эсвэл будаа агшаагчид болгож болно. Агшаахдаа яг л будаа шиг ус хийж агшаана. Хэмжээнээсээ 2 дахин өснө. Салат, шөл, котлет, болонез, каш зэргийг хийж болно.

Арвайн гурил

  • Ууж буй цайндаа амт оруулах байдлаар цацаж хэрэглэнэ.
  • Шар тостой багсарч аяганы ёроолд нягтруулан дээр нь цай хийж уух.
  • Холын аянд явахдаа шар тостой багсарч дангаар нь юм уу цайндаа хольж ууна.
  • Цөцгий, шар тосыг цайндаа уусгаж дээр нь бага зэргийн чихэр болон арвайн гурилаа хийж нэгэн жигд болтол зуурч иднэ. Өглөөний цайнд хэрэглэх нь илүү тохиромжтой.

Бүхэл үрийн гурил

Гурилтай шөл болон цуйван, талх, гамбир, кекс, боорцог, жигнэмэг зэргийг хийхдээ дангаар нь эсвэл өөр гурилтай хольж хэрэглэнэ.

Хөц будаа

Хөц будаагаар хоол хийхдээ хамгийн эхлээд маш сайн угаана. Үүний дараа 2-3 цаг хүйтэн усанд дэвтээнэ. 

  • Дэвтээсэн будааг хэрэглэх хэмжээгээрээ хүнсний уутанд хийж хөлдөөгөөд хэрэглэвэл цаг хэмнэнэ.
  • Хөлдөөсөн будаагаа хэрэглэхийн өмнө хүйтэн усаар угаагаад дангаар болон бусад будаатай хамт агшааж хэрэглэж болно.
  • Дэвтээж, болгосон будаагаар төрөл бүрийн хоол бэлтгэж болно

Киноа будаа

Гадна гадаргуу нь бага зэргийн гашуун байдаг учраас хэрэглэхийн өмнө сайн угаана.

  • Чанаж болгосон үед 4 дахин томордог өсөлт сайтай будаа. Киноаг дангаар нь агшаахад их аргуун болдог учир усаа зөв тохируулаарай. 1 аяга киноа дээр 2 аяга ус хийхэд боломжийн сайхан агшдаг.
  • Бусад будааны адил бүх төрлийн хоол зууш, зутан, үндсэн хоолонд хэрэглэж болно.
  • Мөн бусад будаатай хольж хэрэглэж болно.

Яг одоо та үр тариан бүтээгдэхүүнийг хэрхэн зөв хэрэглэж болох талаар тодорхой ойлголттой болсон гэдэгт найдаж байна. Сайхан хооллоорой.

Танд санал болгох

Тиби аппликeйшн
Таны халаасны Хоолзүйч

Эрүүл зөв зохистой хооллолтын хөтөч