Хүн амын хэт их өсөлтөөс болж, өлсгөлөн, хоол тэжээлийн хомстол дэлхийн улс орнуудын том асуудал болоод байгаа билээ. Үүнтэй зэрэгцэн эрдэмтдийн толгойг гашилгаж байгаа зүйл бол махнаас авч буй уурагны хэрэглээг юугаар орлуулж болох талаар юм. Бусад улс орон махыг орлох бүтээгдэхүүн хайж шавьж, хорхой, өт, эгэл биетэн зэргийг туршиж хэрэглээндээ нэвтрүүлж байна. Энэ талаар манайхан нэлээдгүй санаа зовж Монгол хүн хорхой идэх ёсгүй зэрэг үг хэллэг хүртэл гарсан. Бид үүнд санаа зовох нь арай эрт юм. Учир нь бидэнд цагаан идээ байна.
Сүү, аарц, ааруул, ээдэм, ээзгий зэрэг уураглаг цагаан идээ нь махны дараа орох уургаар баялаг бүтээгдэхүүн юм.
Цагаан идээ нь хүний биед хялбар шингэдэг, төгс чанартай уургийг агуулдаг учир бид юу юугүй хорхой шавьж идэхгүй нь гарцаагүй юм. Өвөг дээдэс минь зуны цагт мах огт идэлгүй гэдэс дотроо амраадаг байж. Хэчнээн мах идэхгүй байсан ч мах идсэн юм шиг байдгийн нууц нь сүү цагаан идээнд нь сайн чанарын уураг агуулагдаж байдагт учир нь бий ажээ. Уламжлалт аргаар уураглаг хүнс хийхдээ буцалгасан тараг, нэрмэлийн цагааг тусгай уутанд шүүж аарц гаргаж авна. Уг аарцыг бага зэрэг сүүгээр амталж, базаж, шахах, шүүх зэргээр нягтруулж ааруул хийдэг. Сайн шахаж шүүсэн аарцаар сүүн хурууд, зоосон, хорхой ааруул тусгай хэвэнд шахаж мойл, үзэм, чихэр, вареньтай хольж олон төрлийн ааруул хийдэг. Бяслаг болон ээзгийний эх ээдмийг гаргахдаа тогоотой халуун сүүнд тараг, цагааг багахан хийж, зугуухан халааж ээдүүлдэг, ээдүүлэгчээ /тараг, цагаагаа/ сүүндээ тохируулбал ээдэмний гарц арвин байдаг. Ингээд та бүхэндээ сүүний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж байна.
Үнээний сүү
Сүүг өдөрт нэг аяга уухад хоногийн кальцийн хэрэгцээ хангагдаж амны хөндий дэх ашигтай микрофлорын бактери үржиж сүүний хүчил үүссэн гэдэсний савханцар, цусан суулгын савханцрын үржлийг зогсоодог. Казейн уураг нь фосфорын хүчил агуулах бөгөөд хүүхэд, залуусын өсөлт хөгжилтөд маш чухал уураг юм.
Үнээний сүү нь бусад малын сүүтэй харьцуулахад шимт чанар өндөртэй, бүх төрлийн цагаан идээ хийдэг. Мөн шууд ууж хэрэглэхэд тохиромжтой ч сүү олон төрлийн бичил биетэн өсөж үржих таатай орчин болдог учир хөөрүүлж уувал зохилтой. Эрүүл малын 36-37С хэмтэй, шимт бодис хангалттай сүүнд орсон нянгууд тодорхой хугацаанд үрждэггүй, нянгийн өсөлтийг сааруулж чадаж байгаа энэ чанарыг бактерцид чанар гэж нэрлэнэ. Малаас хүнд халдварладаг өвчний үүсгэгчүүд сүүнд харилцан адилгүй хугацаанд хадгалагдаж байдаг байна. Жишээ нь: Бруцеллёз өвчний нян сүүнд 38 цаг амьдарч чаддаг. Малын сүүний чанар 5С хэмд 30 цаг, ариутгасан, үйлдвэрийн аргаар савласан, таглааг онгойлгоогүй савтай сүүг -17С-аас доошгүй хэмд 3 сар хүртэл хугацаагаар хадгална.
Ингэний сүү
Ингэний сүү нь говь нутгийн хүн амын зөвхөн хоол ундны хэрэгцээг хангаад зогсохгүй бие махбодод зайлшгүй шаардлагатай кальци, фосфор, аминдэм болон үл орлох уургийн үндсэн эх үүсвэр болдгоороо онцлог. Сүүнд казин хэмээх бодис агуулагддаг. Энэ бодис хүний биед гаднаас орж буй хорт утаа, хорт бодисуудыг өөртөө шингээн гадагшлуулах үйлчилгээтэй. Мөн ингэний сүү уургийн агууламжаараа үнээний сүүтэй ойролцоо байдаг.
Ингэний сүүнд эрдсийн агууламж харьцангуй өндөртэй байдаг. Бусад малын сүүтэй харьцуулахад бактерийн үржлийг саатуулах чанараараа илүү.
Учир нь ингэний сүүнд бактери устгах чадвартай лизоцин, аглютин, антиоксин, бактериолизинийг агуулдаг байна. Манай эрдэмтдийн судалгаагаар ингэний сүүг хэрэглэхэд элэг, ходоодны үйл ажиллагаа идэвхжиж, ходоод гэдэсний шархны нөхөн төлжих явцыг нэмэгдүүлдэг. Хүний биеийн яс, шөрмөсийг чийрэгжүүлж, хийг арилгах увдистай төдийгүй сүрьеэ өвчнийг анагаах, урьдчилан сэргийлэхэд хэрэглэдэг. Халуунаар нь хэрэглэвэл хэвлий хөөх, усан суваг хаван, хошногын гүвдрүү өвчнийг анагаах чадалтай.
Ингэний сүүгээр айраг, цэгээ исгэхээс гадна цай сүлж, аарц буцалгаж, ааруул тавьдаг.
Ямааны сүү Монголчууд хүүхдийн нэмэлт тэжээлд ямааны сүүгээр угждаг уламжлалтай. Ямааны сүү нь шингэн цэнхэрлэг өнгөтэй. Шингэн тослог багатай, сүлрэх нь хониныхоос арай дутуу. Уургийн хэмжээ нь үнээний сүүнээс бага болохоор голдуу айраг, тараг исгэхэд сайн түүхий эд болдог. Ямааны сүүгээр бяслаг, ааруул, ээзгий хийнэ.
Химийн найрлага, тэжээллэг чанараараа эхийн сүүтэй ойролцоо байдаг. Ямааны сүү нь хөнгөн сэрүүн чанартай тул хижиг өвчин, амьсгал давхцалт, цусны өвчин, шарын халуун зэрэгт сайн. Таван цулыг шимшүүлж, тамирыг тэжээн хий огшуулалт, ходоодны өвчин ба бөөрний үрэвслийг эмнэх чадвартай.
Гүүний сүү /саам/
Гүүний сүүнд уураг болон тос бусад малын сүүнээс харьцангуй бага агуулагддаг. Харин нүүрс ус ихээр агуулдаг. Гүүний сааманд төгс чанартай альбумин уураг агуулагдаг. Альбумин болон казейн уургийн харьцаа 1:1 байдаг нь хамгийн төгс харьцаа гэж үздэг. Гүүний сүүгээр айраг исгэнэ. Эхийн сүүг орлож чадах төрөл бүрийн амин дэмээр баялаг гүүний сүүг /саамыг/ төрөл бүрийн өвчин анагаах, дархлааг сайжруулахад сайн гэж өргөн хэрэглэдэг.
Гүүний сүүнд аминдэмүүд тэр дундаа С аминдэм хамгийн ихээр агуулагддаг. Сүүний сахар болох лактозыг ихээр агуулах тул амархан исэж, олон төрлийн хүчил, аминдэм, биологийн идэвхт бодис болон хувирдаг байна. Түүнчлэн гүүний сүүг уушгины сүрьеэ өвчин болон хор тайлахад өргөн хэрэглэдэг.
Гүүний айргийг Хүрэл зэвсгийн үеэс Хүннү гүрэн болоод Их Монгол улсын үед хэрэглэж байсныг эртний олдворууд баталдаг.
Шар сүү
Уураглаг идээ бэлтгэхэд тунаран ялгарах шаравтар өнгийн шингэнийг шар сүү гэнэ. Үүнийг зарим нутагт шар ус, шарс гэх зэргээр нэрлэх нь ч бий.
Ээдэм, аарцыг шүүх үед шар сүү тунарч ялгардаг бөгөөд ээдмийн шар сүү нь зөөлөн, харин аарцных исгэлэн үнэр амттай байдаг. Хийж бэлтгэхдээ ээдмийг цагаан бөс тааранд уутлаад, гэрийн зүүн хатавчны ханын толгой болон гадаа тусгайлан бэлдсэн модонд өлгөж шар сүүг нь шавхраадаг. Аарц, ааруулын шар сүүг зутан болон бор хоолонд нэмж амт, үнэрийг нийлүүлэх уламжлал бий. Харин ээдмийн шар сүүг чихэр, жимсээр амталж, ундаа болгох, буудайн гурилд нэмж алтан шаргал өнгөтэй боов боорцог хийх, арвай, замбаа багсарч амтлахад хэрэглэнэ. Мөн шар сүүг хоол ундны зориулалтаас гадна ахуйн хэрэгцээнд малчид өргөнөөр хэрэглэдэг. Тухайлбал, аарцны шар сүүгээр туранхай малыг угаавал тарга, тэвээрэг сууна. Арьс шир угаавал арьсны үс сэргэж, чийг нойтныг тэсвэрлэх чанар нь сайжирдаг. Түүнчлэн өтсөн малын өттэй хэсгийг угаахад маш сайн цэвэрлэгддэг. Бас аарцны шар сүүг өвс ургамал, тэжээлтэй хольж багсран, малын тэжээл болгодог.
Шар сүүний уураг нь хүний өвчин эсэргүүцэх чадлыг сэргээж батжуулдаг. Иймээс эмгэг хуучтай болон бага насны хүүхдэд зөөлөн амттай ээдмийн шар сүүг уулгадаг. Шар сүүг байнга уувал хавдраас сэргийлэн, таван цулыг шимжүүлж, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулж, биеийн дархлааг нэмэгдүүлнэ.
Одоо цагт шар сүүг зөвхөн малчид хийж бэлтгэх бус үйлдвэрийн аргаар ч гаргаж авдаг болсон тул хүн бүр ууж, ахуйдаа хэрэглэх боломжтой болсон.
Сүү хадгалахдаа анхаараарай
Хөдөөний хүмүүс сүү саалиа хэрхэн хадгалахаа хэнээр ч заалгахгүй сайн мэдэж байгаа. Бараг хамгийн мундаг сүү цагаан идээний мэдлэг тэнд л бий. Хот суурин газрын бид нар заримдаа мэддэг ч юм шиг мэддэггүй ч юм шиг зүйлс их бий. Үүний нэг нь сүүгээ хэрхэн шинээр байлгах тухай. Өдөр тутамдаа байнга гаргадаг том алдаа бол сүүгээ хөргөгчийнхөө хаалганд хадгалдаг. Энэ нь маш буруу. Хөргөгчний хаалга байнга шахуу нээж хааж байдаг. Ингэх тоолонд халуун агаар хамгийн түрүүнд хаалганд ирнэ. Энэ тоолонд хэм солигдож сүүг муутгах гол шалтгаан болдог. Тиймээс сүүгээ дунд хэсэгт хадгалаарай.