Хүний биеийн бүх зүйлийг нэгтгэн барьж байдаг ЦАВУУ БУЮУ КОЛЛАГЕН

Коллаген гэдэг нь биеийг холбон барьж байдаг яс, арьс, булчин, шөрмөсний үндсэн эд бөгөөд судасны эд, эвэрлэг бүрхэвч, шүд зэрэг биеийн бусад хэсгүүдэд ч агуулагддаг УУРАГ юм. Хүний биеийн уургийн найрлагын гуравны нэгийг коллаген эзэлдэг.

Өнөөдрийн нийтлэлээр та бүхэнд хүний биед агуулагдах коллаген багасдаг шалтгаан болон ямар хоол хүнсээр дамжуулан коллагенаа нөхөх талаар танилцуулахаар бэлдлээ.

Коллаген биед дараах үүргийг гүйцэтгэдэг: 

  • Коллаген нь арьсыг толигор, уян хатан, өнгөлөг байлгаж, арьсны чийглэг эрүүл байдлыг хадгалах үүргийг гүйцэтгэдэг.
  • Ясыг хэврэгшиж, хугарaхаас хамгаалж, ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлнэ.
  • Судасны хөгшрөлт, артерийн судасны хатуурал, даралт ихсэхээс сэргийлнэ.
  • Үе мөчний залуу байдлыг хадгалж, ясны зөөлөн эд үрэгдэж элэгдэхийг багасгадаг.
  • Үс, хумсыг бэхжүүлэн, хугарч гэмтэхийг багасган эрүүл ургалтыг дэмжинэ.

Дараах хүчин зүйлүүдийн улмаас хүний бие дахь коллагены хэмжээ багасдаг байна: 

  • Нас ахих тусам хүний биеийн коллаген байгалийн жамаар багасдаг ба арьсны уян хатан чанар алдагдаж үрчлээ үүсэх байдлаар шинж тэмдэг илэрдэг.
  • Хэт их чихэрлэг эсвэл цэвэршүүлсэн нүүрс усны агууламжтай хүнс хэрэглэснээр бие өөрөө коллагены алдагдлаа засах чадвар буурдаг.
  • Нарны хэт ягаан туяа коллагены нийлэгжилтийг бууруулах ба үрчлээ үүсгэхэд хүргэдэг.
  • Тамхи татсанаар бие дахь коллагены нийлэгжилт буурах бөгөөд шарх эдгэрэх нь удааширч мөн үрчлээ үүсдэг.
  • Чонын хөрвөдөс гэх мэт зарим дархлааны /autoimmune/ эмгэгүүдээс үүдэн коллагены нийлэгжилт багасдаг.
  • Генетикийн өөрчлөлт нь эсийн гаднах матрицад нөлөөлснөөр бие дахь коллагены нийлэгжилт бага болох, эсвэл мутацад орсон коллаген нийлэгждэг.

Иймд тамхи татахгүй байх, наранд хэт их өртөхөөс сэргийлэх, коллаген агуулсан эрүүл зохистой хоол хүнс хэрэглэх, дасгал хөдөлгөөн хийж байх нь нүдэнд харагдах хөгшрөлтийг бууруулж, коллаген алдагдлаас хамгаалж, арьс, яс, булчин, үе мөчийг удаан хугацаанд эрүүл байлгадаг байна.

Тэгвэл хэрхэн хоол хүнсээрээ дамжуулан алдагдсан коллагенаа нөхөж эрүүл, залуу сайхан харагдсаар байх вэ?

Коллаген нь амьтны гаралтай хүнсний холбогч эдэд ихээр агуулагддаг. Жишээлбэл: толгой, шийр, царцаамаг (стужин) ясны шөл, малын дотор гэдэс, тахиа, гахайн махны арьс зэрэгт их хэмжээгээр агуулагддаг.

Коллагеныг нэмэлтээр ууж хэрэглэхээс илүүтэйгээр ХООЛ ХҮНСНЭЭСЭЭ НӨХӨЖ АВАХЫГ ХИЧЭЭГЭЭРЭЙ.

Дараах хоол хүнс нь коллаген ихээр агуулдаг тул сонгон хэрэглэхийг зөвлөж байна.

A bowl of pork bone lotus root soup on a wooden table

Толгой шийр

Таван хошуу малын толгой шийр, дотор мах, гэдэс, мөгөөрс, гүзээ, царцаамаг буюу стужинд ихээр агуулагддаг тул эдгээр хүнсийг хэрэглэснээр биед буй коллаген уургийн нөхөн сэргээлт, үйл ажиллагаанд гойд сайнаар нөлөөлдөг. Царцаамаг буюу стужин нь коллагений хэрэгцээгээ хангах хамгийн боломжтой хүнс юм. Царцаамагийг өглөөний цай дээрээ талхтай хамт хэрэглэх нь тохиромжтой байдаг.

Үхрийн булчингийн мах

Үхрийн булчингийн маханд бусад махны хэсэгтэй харьцуулахад харьцангуй коллаген ихээр агуулдаг. Үхрийн булчингийн мах идсэнээр булчингийн хөгжил, гормоны тэнцвэрт байдалд ач тустай ба коллагеныг биед шингээхэд онцгой үүрэгтэй байдаг байна.

Хонины сүүл

Хонины сүүл нь тэжээллэг чанар өндөртэй, ханаагүй хүчил, кальци ихтэй, омега болон коллаген агуулдаг учраас арьс, хумс, ясанд сайн нөлөөтэй байдаг.

Гахайн шийр, чих

Гахайн чих, шийр зэрэг зузаан хуйхтай хэсгүүдэд коллаген ихээр агуулагддаг. Иймд гахайн чихээр амтат салат хийх, тагалцаг шарж идэх зэргээр хүнсэндээ түлхүү хэрэглэснээр коллагены хэмжээг нэмэгдүүлэх боломжтой.

Тахианы мах

Тахианы махны хальсанд коллаген агуулагддаг. Мөн тахианы мах нь уураг, эрдэс бодис, төмөр, В-ийн төрлийн аминдэмээр баялаг байдаг.

Тойгны шөл

Тойгны шөлөнд глюкозамин, хондротин, гиалуроны хүчил агуулагддаг. Тойгны шөлийг тогтмол ууснаар найдвартайгаар коллагеныг биедээ шингээн авч эрүүл, залуу харагдах боломжтой.

Танд санал болгох

Тиби аппликeйшн
Таны халаасны Хоолзүйч

Эрүүл зөв зохистой хооллолтын хөтөч