Сүүний үнэт чанар бол кальци

Бие махбодын өсөлт, хэвийн үйл ажиллагаа, бодисын солилцоонд нэн шаардлагатай бүхий л эрдэс бодис сүү цагаан идээнд бий. Үүнээс хамгийн ихээр агуулагдаж байдаг нь кальци.

Насанд хүрсэн хүний биед 1 кг хүртэл кальци байдаг ба үүний 99% нь ясанд байна. Кальци бүхий л эд эрхтний үйл ажиллагааг зохицуулдаг:

  • зүрх судас
  • дархлааны тогтолцоо
  • цусны бүлэгнэлт
  • булчингийн агшилт сулралт
  • цусан дахь холестерин болон глюкозын хэмжээ

Жишээ нь мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагаа нь эсийн доторх болон гаднах кальцийн тэнцвэрт хэмжээнээс шууд хамаардаг. Кальцийн дутагдлаас болж маш олон төрлийн өвчин, үүний дунд яс сийрэгжих, артерийн даралт ихдэлт, атеросклероз болон чихрийн шижин зэрэг үүсэхэд нөлөөлдөг байна.

Монголчуудын дунд яс сийрэгжилт тахал мэт тархсан гэвэл бараг л хилсдэхгүй.

Хүн хоол хүнснээсээ хангалттай хэмжээгээр кальци авч хэрэглэхгүй бол бие махбод бусад гол эд эрхтнүүдийн үйл ажиллагаанд хэрэгцээтэй кальцийг яснаас шууд авч эхэлдэг. Ингэснээр яс сийрэгжих, зүрх дэлсэх, цочимтгой болох, шөрмөс татах, шүд хэврэгших, хугарах шинж тэмдэг илэрдэг.

Манай улсын хувьд 2012 онд хийсэн хүн амын хоол тэжээлийн бодисуудын хэрэглээг судалсан судалгааны дүнгээр:

8-14 насныхан хоногт шаардлагатай кальцийн 31 хувийг, 15-18 насны охид 32 хувийг, хөвгүүд 27.5 хувийг, 19-24 насны эмэгтэйчүүдэд 41.6 хувийг, эрэгтэйчүүд 33.5 хувийг авч байгаа нь зөвлөмж хэмжээнээс 2-3 дахин бага байгаа бол 8-14 насны хүүхдийн 28.5 хувьд сийвэн дэх кальци байх ёстой хэмжээнээс доогуур буюу өсвөр насныхны сүү цагаан идээний хэрэглээ 31.3 хувьтай байна гэсэн дүн гарч байжээ. Мөн АШУҮИС-ийн Нүүр, ам судлалын сургуулиас хийсэн судалгаагаар хүн амын шүд цоорох өвчний тархалт 71.6 хувь байгаа нь кальцийн дутагдал буюу сүү цагаан идээний хэрэглээ хангалтгүй байгааг харуулж байна.

Улс орон болгонд зохистой хооллолтын зөвлөмж байдаг. Монгол хүний хоногийн хоол тэжээлийн физиологийн нормд хоол хүнсээр авах кальцийн хэмжээг 800-1300 мг гэж заасан. Энэ нь 2-3 аяга сүүнд агуулагдах хэмжээ юм. Сүү, цагаан идээ тогтмол хэрэглэвэл яс сийрэгжих өвчнөөс айх шаардлагагүй. Тиймээс эрүүл байя гэвэл өдөр бүр 1 аяга сүү юм уу түүнтэй тэнцэх хэмжээний цагаан идээ заавал хэрэглэж байгаарай.

Танд санал болгох

Тиби аппликeйшн
Таны халаасны Хоолзүйч

Эрүүл зөв зохистой хооллолтын хөтөч