Үр тарианы бүтээгдэхүүнээс аль нь илүү биед тань хэрэгтэй талаар “Алийг нь сонгох вэ” нийтлэлээс ойлголттой болж дэлгүүр орохдоо хар талх, бүхэл үрийн эсвэл бор гурил авахаар “хараа бэлчээж, гараа сунгаж” байгаа гэдэгт өчүүхэн ч эргэлзэхгүй байна.
Энэ удаагийн нийтлэлээр үр тарианы бүтээгдэхүүнийг хэрхэн сонгож, зөв хадгалах талаар мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ.
Хар талх
Хар талх авахдаа дараах зөвлөгөөг анхаараарай:
- Хэдий хугацаанд, хэдүүлээ хэрэглэхээс хамаарч талхны хэмжээг баримжаалан сонгоорой.
- Талхны үйлдвэрлэсэн хугацааг шалгаарай.
- Шинэхэн талхны үнэр үнэртэж буйг анзаараарай
- Шинэхэн үйлдвэрлэсэн бол илүү хатуу гадаргуутай, дарагдаагүй, хорчийгоогүй, бүрэн бүтэн байдаг.
Талх хурдан муудаж, хөгцөрдөг тул хадгалахдаа зөв нөхцөлийг хангах нь чухал байдаг. Талхыг халуун, чийглэг газар хадгалдаггүй. Талх хадгалж байгаа сав нь агаарыг нэвтрүүлдэг байх хэрэгтэй. Хэрэв ууттай нь хадгалах бол уутанд хэд хэдэн нүх гаргах хэрэгтэй. Хар, цагаан 2 талхыг хадгалах бол тус тусад нь уутанд эсвэл цаасан уутанд амсрыг нь битүүлж хадгална. Бага хэмжээгээр талх хэрэглэдэг бол талхаа голоор нь зүсээд дунд хэсгээс хэрэгтэй хэмжээг авсны дараа 2 талыг хооронд нь нийлүүлэн хадгалбал чанар нь удаан хэвээр байх болно. Хэрэв хөргөгчид хадгалах бол шинэхэн талхыг тугалган цаас эсвэл уутанд амсрыг битүүлж хадгална. Ил задгай хадгалах нь чийгээ алдаж, мөөгөнцөртөх аюултай. Харин илүү удаан хугацаагаар хадгалахыг хүсвэл хөлдөөж болно. Гэхдээ бүхлээр нь биш зүсэж 1 удаа авч хэрэглэх хэмжээгээр хөлдөөгөөрэй. Учир нь хөлдөөсөн талхыг гаргаад 2 цагийн дотор хэрэглэх хэрэгтэйг санаарай. Талх хадгалж буй савыг 7 хоног бүр үртсийг цэвэрлэж, зөөлөн цууны уусмалаар арчаарай. Энэ нь хөгц үүсэхээс сэргийлнэ.
Сэвэг зарам
Сэвэг зарам худалдан авахдаа дараах зүйлсийг анхаараарай:
Та хамгийн түрүүнд үйлдвэрлэсэн он сар болон дуусах хугацааг заавал шалгаарай. Бүтээгдэхүүн өнгө нь жигд, хагарч бутраагүй, сав баглаа боодол бүрэн бүтээгдэхүүнийг сонгон аваарай.
Бүхэл үрийн гурил
Бүхэл үрийн гурилаа ингэж сонгоорой:
Бүхэл үрийн гурилыг сонгон авахдаа нэгэн жигд өнгөтэй, чийггүй, хоорондоо наалдаж, дагтаршаагүй, гаднын ямар нэгэн хольцгүй, гараар самарч үзэхэд гарын салаагаар чөлөөтэй урсаж байгаа эсэхийг шалгаж аваарай.
Гурвалжин будаа, хөц будаа, киноа будаа, цагаан будаа зэрэг бүх төрлийн будааг сонгохдоо будааны ширхгийн бүтэн байдлыг ажиглаарай. Шинэ сайн соортын будааны булан эмтрээгүй, хэлбэр алдаагүй байдаг.
Будаа хэлбэрээ алдаж, эмтэрсэн байвал чийгээ алдаж, амт чанараа алдсан байдаг. Сэвэг зарам, бүхэл үрийн гурил, арвайн гурил, гурвалжин будаа, хөц будаа зэрэг бүхий л гурил, будааны бүтээгдэхүүнийг сэрүүн, харанхуй, хуурай газар хадгална.