Covid 19-н эсрэг бидний дархлааг “нэмэгдүүлэх” хоол хүнс байна уу?
Яг ямар хоол хүнс эсвэл хоолны дэглэм бидний дархлааг сайжруулж, уг өвчнөөс урьдчилан сэргийлж, эмчилж чадна гэсэн баттай нотолгоо одоогоор алга байна. Бидний дархлааны тогтолцоонд зэс, фолийн хүчил, төмөр, селен, цайр зэрэг эрдэс бодисууд А, В6, В12, С, Д аминдэмүүд чухал үүрэг гүйцэтгэдэг. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас жимс, хүнсний ногоогоор баялаг тэнцвэртэй хоол хүнс хэрэглэхийг зөвлөж байгаа бөгөөд дээрх эрдэс бодис, аминдэмийг хоол хүнсээрээ дамжуулан авах боломжтой. Зохистой тэнцвэртэй хооллолтоос гадна идэвхтэй хөдөлгөөнтэй байх, стрессээ бууруулах, маш сайн унтаж амрах нь дархлааны хэвийн үйл ажиллагааг дэмжихэд тустай. Эрүүл ахуйн дэглэмийг сайтар сахиж, олон нийтийн газраар явахгүй байх, халдвар авсан тохиолдолд тусгаарлах арга хэмжээ авах зэрэг нь урьдчилан сэргийлэх хамгийн сайн аргуудад тооцогдож байна.
COVID 19 –н эсрэг бидний дархлааг “нэмэгдүүлэх” нэмэлт бүтээгдэхүүн бий юу?
Одоогийн байдлаар ямар нэгэн хүнсний нэмэлт бүтээгдэхүүн бидний дархлааг сайжруулж, вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эмчлэх боломжтой гэсэн нотолгоо гараагүй л байна. Тиймээс нэмэлт бүтээгдэхүүнийг шууд хэрэглэхээсээ өмнө сайн судалд үзээрэй. Олон төрлийн амин дэм, эрдэс бодис агуулсан хоол хүнс хэрэглэх нь бидний эрүүл мэнд, дархлааны хэвийн үйл ажиллагаанд хамгийн чухал. Зохистой хоол хүнс гэдэг нь бидэнд шаардлагатай байгаа бүх шим тэжээлийг хангаж байгаа хоол хүнсийг хэлнэ. Харин хоол хүнсээр хэрэглээд хангалттай авч чадахгүй байгаа тохиолдолд шим тэжээлийг нэмэгдүүлэх зорилгоор нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэж болно хэмээн зөвлөж байна. Үнэхээр уух шаардлагатай юу? Үүнийг мэдэхийн тулд та ямар эрдэс бодис, аминдэм дутагдаж байгааг шинжилгээ өгч тодруулаарай.
COVID-19 халдвар хоолоор дамжин халдварлах уу?
Европын хүнсний аюулгүй байдлын газраас COVID-19 нь хоолоор дамжин халдварладаг гэсэн нотолгоо одоогоор алга байна гэж мэдээлэлж байна.
COVID 19 – г үүсгэдэг вирус нь бусад вирус, бактериудтай ижил температурт устдаг. Тус вирус нь хоол хүнсээр дамжигдан халдварлах магадлал багатай ч уг эрсдэлээс сэргийлж хүнсний аюулгүй байдлын зөв дадлыг хэрэгжүүлэхийг зөвлөж байна. Мах, өндөг зэрэг хоол хүнсийг хамгийн багадаа 70°C хүртэл сайтар болгож хэрэглэ. Хоол хүнстэй харьцах, хоолоо бэлдэхдээ дараах зүйлсийг анхаараарай:
- Хоол бэлтгэх болон хоолоо идэхийн өмнө ба дараа гараа 20 секундийн турш савандаж угаана.
- Ханиах, найтаахдаа ам хамраа салфетка эсвэл ханцуйгаараа таглах. Дараа нь гараа заавал угаах.
- Жимс хүнсний ногоог идэхийн өмнө заавал угаах.
- Хоол хүнс бэлтгэх тавцан, габанзыг хэрэглэхийн өмнө ба дараа ариутган цэвэрлэх.
- Түүхий болон болсон хоол, бүтээгдэхүүнийг тус тусад нь байлгах. Ингэснээр түүхий бүтээгдэхүүнээс бэлэн болсон хоол руу өвчин үүсгэгч дамжихаас сэргийлнэ.
- Түүхий болон болсон хоолонд өөр өөр сав суулга, халбага сэрээ ашиглах.
- Хоол хүнсийг бүрэн болгож, халааж хэрэглэх (≥72 ° C-т 2 минут).
Хоол хүнсний сав баглаа боодол, пакетаас COVID 19-н халдвар авах уу?
COVID 19 нь халдвар авсан хүн найтааж ханиалгахад агаар дуслын замаар хүнд халдварладаг. Коронавирус амьд амьтан болон хүн дээр амьдарч үрждэг, харин хоол хүнсний сав баглаан дээр үржих боломжгүй. Гэхдээ уг вирус нь картон цаасан дээр нэг өдрийн турш, хуванцар, гадаргуу дээр хэдэн өдрийн турш амьдрах чадвартай тул вирусээр бохирдсон гадаргууд хүрч улмаар ам, хамар, нүдэндээ хүрэхэд халдвар авах эрсдэлтэй. Хүнсний сав баглаа боодлын материалыг ариутгах шаардлагагүй боловч хүнсний сав баглаатай харьцсаны дараа болон идэхээс өмнө гараа сайтар угааж байх хэрэгтэй. Хүнсний сав баглаа боодлын материалыг ариутгах шаардлагагүй боловч хүнсний сав баглаатай харьцсаны дараа болон идэхээс өмнө гараа сайтар угааж байх хэрэгтэй.
Ерөнхийдөө халдвар авах эрсдэлийг багасгахын тулд хоол хүнс худалдаж авах, бэлтгэх явцдаа дараах арга хэмжээг авах шаардлагатай:
- Дэлгүүр орохдоо маск зүү. Маск зүүх нь өвчний шинж тэмдэг илэрсэн эсэхээс үл хамааран халдвар авсан хүний болзошгүй эрсдэлийг бууруулах ба халдвар цааш дамжихаас сэргийлнэ.
- Дэлгүүр орохын өмнө ба дараа, хоол хүнсний сав баглаа боодлыг авсны дараа, хүргэлтийн хоол хүлээж авсны дараа гэх мэт үед гараа заавал 20 секундийн турш савандаж угаа.
- Худалдан авалт хийхдээ хүн хоорондын 1-2 метр зай барих
- Дэлгүүрт худалдаж авахгүй хоол хүнсэнд бүү хүр.
- Хоол хүнсээ төлөвлөж цуглуулах, дэлгүүр орох давтамжаа багасгах, болж өгвөл бэлэн бусаар, цахимаар төлбөр тооцоогоо хийх.
- Ханиаж найтаахдаа ам хамраа салфеткаар дарах эсвэл ханцуйгаараа хаах. Ханиаж найтаасны дараа заавал гараа угаах.
COVID 19 ундны усаар дамжин тархаж болох уу?
COVID 19 ундны усанд илрээгүй. Энэ вирус усанд богино хугацаанд л идэвхтэй байж чаддаг тул ус уухад аюулгүй гэж үзэж байна. Цоргоны ус нь ариутгал, шүүлтүүр гэх мэт эмчилгээний хэд хэдэн дамжлагыг дамжсан байдаг тул COVID 19 вирусийг идэвхгүйжүүлдэг.
Хэрэв ээж нь COVID 19 -н халдвар авсан бол хүүхдээ хөхөөрөө хооллож болох уу?
Тийм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас COVID 19-н халдвар авсан ээжүүд хүүхдээ хөхөөрөө хооллохыг зөвлөж байна. Гэхдээ дараах урьдчилан сэргийлэх арга хэмжээг дагаж мөрдөх шаардлагатай гэж үзэж байна. Үүнд:
- Хөхөөр хооллохдоо маск зүүх
- Хүүхдэдээ хүрэхээс өмнө болон дараа гараа угаах
- Хүүхэд хуурайлах тавцангийн гадаргууг тогтмол цэвэрлэж ариутгах, эсвэл угааж ариутгасан даавуу дэвсэх
- Харин хөхөө гар болон цахилгаан хөхний саалтуураар саах бол дараах зүйлийг анхаарна:
- Шахуурга болон саалтуурын бусад хэсэгт хүрэхээс өмнө гараа угаах
- Хэрэглээ бүрийн дараа шахуурга болон саалтуурыг зөвлөмжийн дагуу зохих ёсоор цэвэрлэж ариутгах
COVID 19 өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэхэд туслах ургамлын гаралтай цай эсвэл ургамлын гаралтай нэмэлт тэжээл байна уу?
Байхгүй. Уг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх ургамлын гаралтай цай эсвэл ургамлын гаралтай нэмэлт тэжээл байгааг нотолсон баримт одоогоор алга байна.
Пробиотик нь COVID 19 өвчнөөс урьдчилан сэргийлэх үү?
Үгүй. Пробиотик нь ерөнхийдөө хоолонд нэмэлтээр эсвэл хоолны дэглэмд нэмэлт тэжээл болгон ашигладаг эрүүл мэндэд тустай амьд бичил биет юм. Одоогоор уг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэхэд пробиотик тустай гэсэн нотолгоо байхгүй байна.
Цагаан гаа нь COVID 19 өвчнөөс урьдчилан сэргийлэх үү?
Үгүй. Цагаан гаа нь COVID 19 өвчнөөс урьдчилан сэргийлдэг гэсэн нотолгоо баримт байхгүй. Гэсэн хэдий ч цагаан гаа нь нянгийн эсрэг болон үрэвслийн эсрэг шинж чанартай хүнсний тоонд ордог.
Сармис идсэнээр COVID 19 өвчнөөс урьдчилан сэргийлэх үү?
Үгүй. Сармис COVID 19 өвчнөөс хамгаалдаг гэсэн нотолгоо байхгүй байна. гэсэн хэдий ч сармис нь нянгийн эсрэг үйлчилгээтэй хүнсний нэг юм.
Хоол болон шөлөндөө халуун чинжүү хийж хэрэглэх нь COVID 19 өвчнөөс урьдчилан сэргийлэхэд туслах уу?
Үгүй. Хоолондоо халуун чинжүү хийж идсэнээр COVID 19 өвчнөөс урьдчилан сэргийлсэн гэсэн нотолгоо байхгүй байна.