Биеийн жингээ хэрхэн эрүүлээр нэмэх вэ?

Хүмүүс бодохдоо жин нэмэх амархан, жин хасах илүү хэцүү гэж боддог. Тэгвэл жин нэмэх нь тарган хүмүүс турахтай ижил хэмжээний, магадгүй тэрнээс ч их хичээл зүтгэл шаарддаг билээ. Бага жинтэй байх нь олон сөрөг талуудтай байдаг. Үүнд:

  • Амархан ядрах
  • Ажлын ачаалал даахгүй байх
  • Өвчлөмтгий байх
  • Өвчний эдгэрэх явц удаашрах (ханиад эдгэрэхгүй удах)
  • Дархлаа сул байх
  • Сарын тэмдэг алдагдах
  • Нуруу чилж өвдөх г.м

Таргалахыг хүссэн хүн бүрийн гаргадаг хамгийн том алдаа бол таарсан болгоноо идэж, ходоодоо “Хогийн сав” болгож орхидог.

Пицца, бургер, хийжүүлсэн ундаа гээд л таргалуулдаг гэсэн болгоныг идэж эхэлдэг. Тэгснээ гэнэт л хоолны дуршилгүй болж, хоол хоолойгоор давахаа больчихдог. Идэх хэрэгтэй гэж өөрийгөө хүчилж, нулимсаа гартал ходоод руугаа хоол чихдэг. Эсвэл фитнест явж, уураг ууж эхэлдэг. Ингээд фитнесийн хүнд дасгал, уургаар өөрийгөө хэдэн сар, бүр жилээр нүднэ. Гэвч жин нэмэгдэхгүй бахь байдагтаа.

s
s
g

Бусад хүмүүсийн урам хугарсан харц, яагаад жингээ нэмэхгүй байна гэсэн багшийн үгнээс шантарч эхэлдэг. Өөртөө дургүй хүрч, бусдад ялагдаж байгаа мэдрэмж төрдөг. Харин эцэст нь сэтгэл санааны хувьд ч бие махбодийн хувьд ч маш их ядарсан байдаг. Энэ байдлаар өөрийгөө хэт хүчлэх нь эргээд бодисын солилцооны эмгэг, ходоодны шархлаа үүсгэдэг гэдгийг тэр бүр мэддэггүй.

“Тиби апп”-ын зүгээс та бүхэнд эрүүлээр жин нэмэхэд тань туслах зөвлөмжийг танилцуулж байна. Хэрэв та өөрийн эрүүл мэндийн тусын тулд жин нэмэх хүсэлтэй эсвэл фитнессээр хичээллэн булчинлаг болохыг хүсэж байгаа бол бидний санал болгож буй дүрмийг хэрэгжүүлээд үзээрэй.

Өглөөний цайгаа алгасахгүй байх

Жин багатай хүмүүс ихэвчлэн хоолны дуршил багатай байдаг. Тиймээс өглөөний цай хамгийн чухал юм. Хэрвээ та өглөөний цайгаа уухгүй гарвал өдрийн турш хоолны дуршил багатай байж, бага идэх болно. Хүмүүс жин хаяхын тулд хоолны дэглэм баримталдаг байхад харин та эсрэгээрээ жин нэмэхийн тулд хоолны дэглэм баримтлах ёстой гэдгээ битгий мартаарай. 

Жин нэмэх өглөөний цайнд сүүтэй овьёос, самрын нухаштай талх, чанасан өндөг, сэвэг зармын зутан зэрэг тэжээллэг, илчлэг өндөртэй хоол хүнс тохиромжтой.

Хоногт авах илчлэгийн хэмжээ

Жин нэмэх ч бай хасах ч бай гол үндсэн зарчим нь илчлэгийн тэнцвэр юм. 

  • Хоногт авч буй илчлэгийн хэмжээ, зарцуулж буй илчлэгийн хэмжээ тэнцүү бол та жингээ барина.
  • Хоногт авч буй илчлэгийн хэмжээ их, зарцуулж буй илчлэгийн хэмжээ бага байвал таны жин нэмэгдэнэ.
  • Хоногт авч буй илчлэгийн хэмжээ бага, зарцуулж буй илчлэгийн хэмжээ их байвал таны жин буурна.

Дасгал хөдөлгөөн хийх

Өмнө нь дурдсаны дагуу жин багатай хүмүүс амархан ядарч сульддаг. Энэ нь булчингийн масс бага байгаатай нь холбоотой байдаг. Жин нэмэхдээ зөвхөн өөхөн давхаргаа нэмээд зогсохгүй булчингийнхаа массыг ч бас нэмэгдүүлэх хэрэгтэй. Дасгал хийх нь булчингийн масс нэмэхэд тань тусална. Булчинд ачаалал өгөх нь булчингийн масс нэмэгдүүлэх нэг шалтгаан болдог.

Бие махбодийг хэт ачаалахгүйгээр биедээ ашигтайгаар жин нэмэхийн тулд системтэй уйгагүй байх хэрэгтэй гэдгийг санаарай. Та өөрт тохирсон дасгал хөдөлгөөнийг долоо хоногт 3-4 удаа хийх нь хамгийн тохиромжтой шүү. Хүмүүс ихэнхдээ уураг их хэрэглэвэл булчин сайн нэмнэ гэж боддог. Энэ ойлголт харин эсрэгээрээ юм. Уураг хоногт авах хэмжээнээс хэтэрвэл эрүүл мэндэд эрсдэлтэй байдаг. Та хоногт авах уургийнхаа хэмжээг биеийн жингийн кг тутамд 1.2 – 1.7г байхаар тооцоорой.

“Чухам үнэндээ бүхэл үрийн гурил, хөц будаа, гурвалжин будаа, амуу будаа зэрэг хальстай будаа мөн сүү, тараг, аарц зэрэг цагаан идээ нь булчингийн масс нэмэхэд чухал үүрэгтэй байдаг. Мөн цөцгий, шар тос, оливын тос зэрэг эрүүл өөх тосыг хэрэглээндээ нэвтрүүлээрэй”.

 

Цагаар хооллох

Жингээ нэмэхийн тулд өдөрт 5-6 удаа бага, багаар тогтмол хооллох хэрэгтэй. Ойр ойрхон хооллох нь ходоодны хоол боловсруулах чадварыг нэмэгдүүлж, бодисын солилцоог сайжруулдаг. Ингэснээр хоолны дуршил нэмэгдэж, хоол шингээх чадвар сайжирдаг. Мөн ойр ойрхон хоол идэх нь таныг хоногт хангалттай илчлэг авахад тусална.

Шим тэжээллэг хоол, хүнс сонгох

Таргалахын тулд юу ч хамаагүй, их л идэх ёстой гэвэл тийм биш ээ. Өөх тос ихтэй, түргэн хоол, чипс, чихэр, боов, бялуу зэрэг сахарын өндөр агууламжтай хүнс булчингийн масснаас илүү өөхөн давхарга нэмдэг. Харин оронд цагаан гурилаа бүхэл үрийн гурилаар, цагаан будаагаа киноа будаа, гурвалжин будаа, хөц будаа зэргээр солиорой. Илчлэг өндөртэй байхаас гадна таны бие махбодид шим тэжээл өгөх хэрэгтэй гэдгийг санаарай. Элдэв амттаны оронд хатаасан жимс, самар идэх нь илүү тэжээллэг байдаг. Хийжүүлсэн ундаа, жүүсний оронд ус ууж хэвшээрэй. Чанартай илчлэг авах нь таныг жингээ зөв нэмэхэд тусална.

Унтахын өмнө идэх

Унтахын өмнө бага зэрэг хөнгөн хоол идэх нь жин нэмэх хамгийн шилдэг арга юм шүү. Жишээ нь бага зэрэг аарц эсвэл хөөрүүлсэн зөгийн балтай сүү ууж болно. Бага зэргийн хөнгөн хоол идээд унтах нь илүү гүн нойрсох боломжтой болгоно. Жин нэмэхийн тулд өдөрт 7-8 цаг унтах нь чухал гэдгийг санаарай.

Дээрх зөвлөмжөөс гадна эрүүл хөнгөн зуушийг өдрийн турш хоол хооронд идэх нь таны биеийн жинг нэмэхэд тусална.

Үүнд:

  • Самар, үр
  • Туна загас
  • Тослог ихтэй сүү
  • Үзэмтэй аарц
  • Бүхэл үрийн жигнэмэг
  • Амуу тариа
  • Жимс, жимсгэнэ зэргийг сонгож хэрэглээрэй

Та халаасны хоол зүйч Tibi аппаа татаж аваад эрүүлээр биеийн жингээ нэмээрэй. Танд амжилт хүсье.

Танд санал болгох

Тиби аппликeйшн
Таны халаасны Хоолзүйч

Эрүүл зөв зохистой хооллолтын хөтөч