Бидний мэддэг мөртлөө мэддэггүй зохистой хооллолт

Сүүлийн үед эрүүл  амьдрал, зохистой хооллолт гэж хүн бүр л ярьж байна. Гэтэл яг зохистой хооллолт гэж юу вэ гэдэг асуултад тов хийтэл шууд хариулах хүн хэд бол?  Үнэтэй, чанартай хоолыг өдөр бүр хангалттай хэрэглэх нь зохистой хооллолт гэж хариулах хүн гарах байх. Гаднаас нь харахад зөв юм шиг харагдах ч яг мэргэжлийн үүднээс харахад идэж буй хоол тань танд “зохиж буй нь эргэлзээтэй”. 

Тэгвэл зохистой хоол гэж юу вэ гэдэг асуултад хариулахыг оролдъё.        

“Зохистой хооллолт гэдэг нь нэг хүчин зүйлээс үл хамаарч, нэг үгээр хариулж үл чадах цогц ойлголт юм.  Хүнсний эрүүл аюулгүй байдал, чанар, тухайн хүнсний  найрлага, хэмжээ, таны оршин суугаа газар зүйн байршил, тэр бүү хэл хэрэглэх цагаа тохируулах гээд маш олон зүйл нэгдэж байж энэ ойлголтыг буй болгоно. Өдөрт 5 удаа тогтмол цагаар хооллодог ч идэж буй хүнснээсээ хангалттай шим тэжээл, амин дэм авч чаддаггүй бол хоол тань болохгүй байна л гэж дүгнэх хэрэгтэй. Товчхондоо зөвхөн таны биед тохирсон хоол хүнс хэрэглэхийг зохистой хооллолт гэнэ.”

Таны бие дахин давтагдашгүй өвөрмөц онцлогтой тул хэрэглэж буй хүнс тань танд таарч  байгаа ч гэр бүлийнхэнд тань зохихгүй ч байх боломжтой. Учир нь эхнэр, нөхөр, хүүхдийн тань биеийн жин, шингээлт, биед хэрэгцээтэй амин дэм, илчлэг танаас “огт өөр”. 

Хоол, шим тэжээл судлалын шинжлэх ухаан харьцангуй залуу боловч гэрлийн хурдаар хөгжиж байна. Хүн бүхэн хоол чухал шүү гэдгийг ямар нэг хэмжээгээр ойлгож, эрүүл зохистой хооллохыг хүсэж, мэдлэг мэдээллийнхээ хэмжээнд хэрэгжүүлэхийг оролдсоор л байна. 

Эрдэмтэд олон судалгаа, шинжилгээний дүнд бүх хүнсийг 6 бүлэгт хуваан эдгээрийг тэнцвэртэйгээр хэрэглэх нь эрүүл мэндэд хамгийн аюул багатай гэсэн дүгнэлт гаргаж, үүн дээр тулгуурласан зөвлөгөө өгч байна. 

Дэлхийд маш олон төрлийн хоолны дэглэмүүд, тэр дундаа  алдартай нэрд гарсан, олон хэрэглэгчтэй  нь байдаг ч эцсийн дүнд хувь хүнийхээ  онцлогт тохирсон орц бүхий дэглэм л үнэхээр үр дүн өгдөг гэдгийг сайтар ойлгох нь зүй. Өөрөөр хэлбэл таны барьж буй дэглэм хэчнээн олон сая хүн хэрэглэдэг алдартай дэглэм байлаа ч таны биеийн онцлог, хэрэгцээ шаардлагад тохироогүй л бол хоолны дэглэм бус “мөнгөний гарз” болно.  

Тийм учраас үнэхээр  хүссэн үр дүндээ хүрье гэвэл өөрөө тодорхой мэдээлэл, мэдлэгтэй болж, судалсны дараа хэрэглэх нь зүйтэй.     

Зохистой хооллолт нь таны ажил хөдөлмөр, нас, хүйс, амьдран суугаа орон нутгийн байдал тэр бүү хэл таны биеийн өөрчлөлт, жирэмслэлт, төрөлт, хөхүүл эсэх зэрэг  маш олон хүчин зүйлээс хамаарч өөр өөр байна. 

Хоол тань танд “зохиж” байгаа эсэхийг ерөнхийд нь баримжаалах хэд хэдэн асуулт бий. 

Доорх асуултуудад хариулан өөрийгөө “шинжээрэй”. 

  • Та тогтмол цагт хооллодог уу?
  • Өглөөний цайгаа заавал уудаг уу?
  • Өдөр бүр сүү, цагаан идээ иддэг үү?
  • Жимс, жимсгэнэ өдөр бүр хэрэглэдэг үү?
  • Бүхэл үрийн гурил, будаа сонгон хэрэглэдэг үү?
  • Гэр бүлээрээ ширээ тойрон сууж хооллодог уу?
  • Давс, өөх тос, элсэн чихрийн хэрэглээгээ өмнөхөөсөө багасгасан уу?
  • Өдөр бүр хангалттай хэмжээний ус (хамгийн багадаа 6 аяга ус) уудаг уу?
  • Түргэн хоол хэрэглэхгүй 6 сар болсон уу?
  • Таны биеийн жин хэвийн үү?
  • Архи, тамхи, хорт зуршилтай юу?

6 аас дээш асуултад тийм гэж хариулсан бол та тун боломжийн сайн байна.

Хичээгээд бүгдийг нь хэрэгжүүлээрэй. Эцсийн үр дүнд нь та хоолонд зохицох биш хоол танд зохицож эхэлнэ. 

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас Хүний эрүүл, урт чанартай амьдралд хамгийн их нөлөөлөх зүйл бол хамгийн түрүүнд хоол тэжээл гэж үзсэн бөгөөд үүний дараа хүний сэтгэл тайван амгалан байх, нойр хангалттай байх нь хамгийн чухал гэж үзэж байна.  Дэлхийн улс орон бүр өөрийн онцлогт тохируулан  хоол хүнснээс  хоногт авах шим тэжээлээ ямар төрлийн эх үүсвэрээс авахыг зөвлөсөн зөвлөмжийг гаргасан байдаг. Цаг хугацаа байгаль, цаг уурын өөрчлөлт, хүн амын амьдралын хэв маяг өөрчлөгдөхөд зөвлөмж мөн л өөрчлөгдөж байдаг. 

Манай улсын хувьд ч Монгол хүний биед нийцүүлэн хоногт заавал хоол хүнснээс авах шим тэжээлээ ямар төрлийн эх үүсвэрүүдээс авах хэрэгтэйг зөвлөсөн “Гэр зөвлөмж” бий бөгөөд сүүлд 2020 оны 4 сард шинэчлэн гаргасан билээ. 

Гэр зөвлөмжийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг та манай дараагийн нийтлэлүүдээс уншаарай.  

Танд санал болгох

Тиби аппликeйшн
Таны халаасны Хоолзүйч

Эрүүл зөв зохистой хооллолтын хөтөч