Алийг нь сонгох вэ?

Уншигч та манай өмнөх нийтлэлээс үр тарианы ашиг тусын талаар ойлголт авсан биз ээ. Өнөөдрийн нийтлэлээр үр тарианы олон бүтээгдэхүүнээс алийг нь онцлон сонговол ач холбогдолтой талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэе. Үүнийг сонгоно хэмээн шууд хариулахаас өмнө дараах асуултад хариулж өөрийгөө шалгаарай. Доорх бүтээгдэхүүнүүдээс танай гэр бүлийн хоолны цэсэд аль нь “хүндтэй орлуулшгүй” байр суурь эзэлдэг вэ?

  1. Цагаан будаа
  2. Гурвалжин будаа
  3. Хөц будаа
  4. Булгур будаа
  5. Хар будаа
  6. Шар будаа
  7. Дээдийн дээд гурил
  8. Ширхэгтэй дээд гурил
  9. Дээд гурил
  10.  1-р гурил
  11. 2 –р гурил
  12. Бүхэл үрийн гурил …

2,3,4,5,6,11,12 дахь хариултыг сонгосон бол танд 100 оноо өгье. Та, танай гэр бүл эрүүл хооллолтыг эрхэмлэдэг юм байна. Таны сонгосон эдгээр бүтээгдэхүүнүүдэд амин дэм, биед хэрэгтэй эрдэс бодисын агууламж хамгийн өндөр байдаг тул та тэр хэмжээгээр хэрэгтэй зүйлээ хоолноосоо авч чадаж байна гэж дүгнэж болно.

Дэлхий даяар ялангуяа Азиуд цагаан будааны хэрэглээ өндөртэй. Монголчуудын дотор ч бас цагаан будаанд “нугасгүй” хүн олон. Гэтэл цагаан будааг дангаар нь хэрэглэх нь тийм ч сайн биш. Учир нь бидний биед шаардлагатай аминдэм, эслэгийн хэмжээ бусад будаатай харьцуулахад харьцангуй бага байдаг.

“Тийм учраас аль болох бүхэл үр орсон бүтээгдэхүүн хэрэглэж байхыг зөвлөе.”

Хэрвээ дан цагаан будааны хэрэглээтэй бол битгий санаа зов. Аажим аажмаар гэрийнхээ хүнсийг эрүүл сонголт руу дөхүүлэх энгийн хялбар аргыг танд зааж өгье.

  1. Гэрийн бусад гишүүдийн шийдвэр гэр бүлд хамгийн чухал учраас та эхлээд гэр бүлийн гишүүддээ яагаад дээрх бүтээгдэхүүнийг сонгох болсноо дэлгэрэнгүй ярьж, танин мэдэхүйг нь нээгээрэй.

2. Маш аажуу, тэднийг дасгаж шилжүүл. Мэргэжлийн эмчилгээний хоол зүйчдийн зөвлөж байгаагаар дан цагаан будаа хэрэглэдэг хүн 1 жилийн дараа дан бор будаа идэж болно гэдэг. Учир нь таны гэдсэн дэх бактериуд аажим дасаж түүнийг боловсруулах аргад суралцах ёстой. Бид 6 сартай мөлхөх гэж байгаа хүүхдийг өөрөө яв гээд түлхээд орхидоггүй харин ч тулж, түшиж, дэмнэн байж хөлд оруулдаг шүү дээ. Үүнтэй агаар нэгэн билээ. Зарим хүн гэнэт дан бор будаа идээд эхлэхээр ходоод гэдэс нь цанхайгаад, дотор муухай оргих, тэр бүү хэл хоолны дуршил арилах, хоол амтгүй санагдах тохиолдол ч гарч болно. Хүч хэрэглэсэн, дайрч довтолгосон зүйл алсдаа хэзээ ч амжилт олохгүй нь мэдээж.

3.  Нэг аяга цагаан будаанд атга бор юм уу бусад будаа нэм. Аажмаар цагаан будааны эзлэх хувийг багасга.

Бидний ихэнх нь төмсийг ногооны бүлэгт хамруулж ойлгодог талтай. Гэтэл төмсний найрлага үр тариатай илүү ойролцоо байдаг ажээ. Төмс хүнсний ногоонд биш үр тарианы бүлэгт багтдаг тул  “Төмс, хүнсний ногоо” гэж ярьж, бичдэг.

Эцэст нь таны хоолны орцод эзлэх үр тариан бүтээгдэхүүн аль нь байх вэ гэдгийг сайн бодолцон сонгоорой.

  • Талх уу?
  • Будаа юу?
  • Гурил уу?
  • Гоймон уу?
  • Төмс үү?
  • Эрдэнэ шиш үү?

Эдгээрийн аль нэгийг нь идэх нь зөв. Тухайлбал гурилтай шөл идэхдээ дээр нь талх бариад иддэг хүмүүс их байдаг. Энэ бол гурил дээр нэмээд дахин гурил идэж байна гэсэн үг. Хамгийн эхлээд энэ мэт энгийн юм шиг буруу зуршлаа өөрчлөхгүй бол турах тухай бодоод ч хэрэггүй. Хэчнээн их дасгал хийгээд ч илүү их нүүрс ус таны биед орж байгаа болохоор таны зорилго биелэхгүй, гомдоох болно гэдгийг санаарай. “Ийм их дасгал хийж байхад” хэмээн уурлаж бухимдахын оронд хоол руугаа өнгийн харвал жин хасагдахгүй байгаа шалтгаанаа хялбар олох болно.

Энэ нийтлэлийг уншаад ямар бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэж байх талаарх шийдвэрээ гаргасан гэдэгт эргэлзэхгүй байна. Харин хэрэглэх хүнсээ худалдан авахдаа юуг анхаарах, хэрхэн зөв хадгалах талаар мэдэхийг хүсвэл манай дараагийн нийтлэлтэй цуг байгаарай

Танд санал болгох

Тиби аппликeйшн
Таны халаасны Хоолзүйч

Эрүүл зөв зохистой хооллолтын хөтөч