БЯСЛАГ, ЭЭЗГИЙ, ЭЭДЭМ – Уураглаг цагаан идээ

Монгол бяслаг

Өөр ямар ч хүнсэнд байхгүй их хэмжээний кальци монгол бяслаганд байдаг. Барууныхан дөнгөж төрсөн тугалын ходоодны ферментээр бяслаг үйлдвэрлэдэг бол Монголчууд сүүг тараг, шар сүү зэрэг бүтээгдэхүүнээр буюу бактериар ээдүүлж бяслаг гаргаж авдаг. Монгол бяслаг болон бусад төрлийн бяслаганд хийсэн манай эрдэмтдийн судалгааны тайлангаас үзэхэд Латин Америк, Орос, Болгарт үйлдвэрлэдэг бяслагтай нэлээн төстэй ч эдгээрээс давуу чанар нь үйлдвэрлэлийн процесст давс, амтлагч бодис нэмдэггүйд байна. Нөгөөтээгүүр сүүний уургийг хүчил ба дулааны үйлчлэлээр тунадасжуулж шахах, хэвлэх аргаар бэлтгэсэн бүтээгдэхүүнийг монгол бяслаг гэнэ.

Сүүг 95ºС хүртэл халааж дээрээс нь исгэлэн шар сүү юмуу тараг нэмж ээдүүлээд, тунадасжсан ээдмийг шахаж хэвлээд бяслаг бэлтгэнэ. Дээрх аргаар сүүг ээдүүлэхэд казейн уургаас гадна шар сүүний уураг мөн тунадасжин ялгардаг. Бяслаганд кальци, фосфор, аминдэмүүдээр баялаг учир бусад төрлийн цагаан идээнээс давуу юм.

Бяслаг мөн шүд цэвэрлэж гялалзуулах гайхамшигтай нөлөөтэй. Ер нь ааруул, ээзгий зажилж идэх нь эрүүний ясны өсөлтөд нөлөөлдөг. Монголчууд өргөн шанаатай, эрүүний өсөлт сайтай, хаш цагаан, том шүдтэй байсны бас нэг гайхамшиг гэж үзэх бүрэн үндэстэй юм. Тиймээс танан цагаан шүдээ эрүүл бүтэн байлгахад хүн бүр багаасаа анхаарах хэрэгтэй.

Тиби Таны халаасны Хоолзүйч

Ээзгий

Ээзгий нь уураг, тос, нүүрс ус, эрдсээр нэн баялаг идээ юм.

“Ээзгийнд хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг хангах үйлчлэл бүхий пробиотикууд буюу ашигтай бактериуд ихээр агуулагдахаас гадна тэдгээр бактериудыг дэмжигч пребиотик үйлчилгээтэй бодис болох лактулозаг найрлагадаа хамгийн ихээр агуулсан бүтээгдэхүүн юм.”

Ээзгий шаргаахын тулд тогоонд ээдсэн сүүгээ зөөлөн гал дээр шар сүүг нь ээдэмдээ шингэтэл буцалгана. Тогоондоо байн байн хутгаж түлэгдэхээс сэргийлж шаргаана. Хонь, ямааны сүү өтгөн учраас ээдэм унахдаа сайн байдаг. Ээзгийг мөн зажилж идэхэд цавуулаг наалдамхай чанар нь шүдний өнгөрийг арилган цэвэрлэдэг. Дашрамд сонирхуулахад шүдний өнгөрийн 70 хувийг нян эзэлдэг ба нэг мг өнгөрт өвчин үүсгэгч 250 сая нян агуулагддаг байна.

Ээдэм

Ээдүүлсэн сүүний шар сүүг шүүрүүлэхэд бууж тогтсон язмаг цагаан идээг ээдэм гэнэ. Монголчууд таван хошуу малын сүүнээс ээдэм буулгаж, хүнсэндээ хэрэглэдэг. Ээдэм бэлтгэхдээ халааж өтгөрүүлсэн бүлээн сүүнд исэг идээ болох айраг, тараг, хоормог, шар ус зэргээс хольж сүү язмагтан ээдэхэд, шар сүүг нь ялган авдаг. Ээдэм нь нярай хүүхэд болон уургийн дутагдалтай хүмүүсийн үндсэн хоол тэжээл болно. Мөн бие бялдаржуулах, хоол боловсруулах эрхтний эмгэгт нэн тустай. Ялангуяа ээдмийг шар сүүтэй нь хамт бүлээнээр хэрэглэх нь тамир тэнхээ оруулах, элдэв хорыг биеэс зайлуулах, элэгний өвчинд тустай болно. Аяганы ээдмийг элэг цөсний архаг өвчтэй, ходоодны шүүс нь ихэдсэн хүмүүс өглөө, орой идвэл өвчнийг илааршуулна.

Танд санал болгох

Тиби аппликeйшн
Таны халаасны Хоолзүйч

Эрүүл зөв зохистой хооллолтын хөтөч