Дэлхийн хамгийн үнэтэй дахин давтагдашгүй хоол хүнс Монгол улсад Улаанбаатар хотоос гарч 10-аадхан км яваад л захын айлд байгааг та мэдэх үү? Бидний очиж үзэхийг хүсдэг Эйфелийн цамхаг, Таж махалд биш харин Хангай, говь, уулархаг бүс нутгийг хамарсан Монгол нутагт минь бий. Дэлхийн хүнс судлал, хоол судлаачид сүүлийн жилүүдэд Монголчуудын аж амьдрал, тэр тусмаа хэдэн зууны турш уламжлан авч ирсэн сүү, цагаан идээ, түүнийг боловсруулж ирсэн арга технологийг судлан анхаарал хандуулж байгаа нь тун бахархууштай.
Нэгэн цагт нэрт эрдэмтэн Б.Ренчин гуайгаас гадаадын сэтгүүлч “Танай Монголчуудын хоол хүнс их цөөхөн юм. Ямар ч ногоо жимс алга” гэж асуухад Б.Ренчин гуай “Манай мал чинь хүнээс дээр. Бэлчээрийн сайнаас шилж сонгон олон төрлийн шимтэй ногоо жимс үндэс иддэг. Тэр малаасаа бид иддэг. Мах, сүүг нь идээд уучихлаар тэр хэмжээний л юм идэж чаддаг ард түмэн шүү дээ” гэж хэлээд таг болгож байсан түүх бий. Үнэндээ ч манай бэлчээрийн мал 80 гаруй төрлийн ургамлаар хооллодгоос 30 орчим зүйл нь эмийн ургамал идэж бэлчдэг нь судалгаагаар тогтоогджээ. Нүүдэлчин ахуйн соёл, бэлчээрийн мал аж ахуй, уламжлалт сүү, цагаан идээгээ орчин үеийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн авч яваагаараа дэлхийд бараг цор ганцаараа үлдсэн нь бидний бахархал. Хайрлах, бахархах, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх бидний уламжлалт соёл билээ.
Археологийн судалгаанаас харахад Монгол орны газарзүйн өөр өөр байршлаас малтаж илрүүлсэн, 5000 орчим жилийн өмнө амьдарч байсан эртний хүний шүдний чулуунд тогтож үлдсэн уургийг шинжлэн үзэхэд сүү, цагаан идээ хэрэглэж байсан нь тогтоогдсон байдаг. Манай орны байгаль орчны онцлог, цаг агаарын дөрвөн улирлын нөхцөл, бэлчээрийн мал аж ахуй зэрэг бидний онцлогт тохирсон үгүйсгэх боломжгүй 5 мянган жилийн уламжлалт цагаан идээг өдийг хүртэл уламжлан авч ирсэн азтай, ухаантай ард түмэн.


Эрс тэрс уур амьсгалтай -40 өөс нэмэх 40 хэмийн хэлбэлзэлд жилийн 4 улиралд халуунд муудахгүй, хүйтэнд өл даах хоолыг боловсруулах технологи нь хэтэрхий энгийн хирнээ агуу. Гал, тогоо, шанага, даавуу, мод, аагим халуун, тэсгэм хүйтэн, салхи зэрэг байгалийн өөрийнх нь араншин байхад хоол өөрөө болно. Сүүгээ хөөрүүлж загсаагаад өрөм, бага зэрэг халааж дулаан газарт өнжүүлэхэд л тараг, түүнийгээ ээдүүлж аарц, аарцаа хатаагаад ааруул, харин буцалгаж архиа нэрээд авчихна. Шар сүүгээрээ цөсөө угааж арьсаа боловсруулна. Өрөмнөөсөө хамгийн үнэт шар тосоо авчихна. Мөн сүү цагаан идээг бусад хүнстэй хольж 130 гаруй хоол зууш хийдэг.
Сүүнд цагаан будааг агшаан хийж цагаалга, агшаасан будаан дээр халуун аарц хийж чихэр холиод аарцтай будаа, махны дан шөл эсвэл гурилтай, будаатай, гоймонтой шөлөн дээр аарц хийж аарцтай шөл, дан аарц буцалгаж буцалгасан аарц, сүүтэй гурил, сүүн бантан, сүүн зутан, сүүтэй будаа, агшаамал уураг, чангаамалтай уураг, өрөмний хавчмал, өрөмний хутгамш, өрөмтэй хайлмаг, зөөхийний хутгамш, зөөхийтэй хайлмаг, аарцтай чихэртэй хайлмаг, шар тостой хайлмаг, хусамтай хайлмаг, жимстэй цөцгий, хольсон тос, шар тостой боов, мэхээртэй тос, ээдэмтэй хутгамш зэрэг цагаан идээгээр маш олон төрлийн хоол бэлтгэж идэж иржээ.



“Бидний амьдралын хэв маяг сүүлийн 30 жил, харин хооллолтын байдал сүүлийн 100 шахам жилд өөрчлөгдөөд байгаа. Одоо бидний эрүүл мэндийн үзүүлэлт ердөө сүүлийн 30 жилийн үр дүн юм. 30 жилд бидний хөдөлгөөний идэвх эрчимтэй буурч, хоолны сонголт огцом өөрчлөгджээ. Бидний өвөг дээдсийн гол зоог нь сүү, цагаан идээ, жимсгэнэ, үндэс байсан бол одоо бидний хоолны голлох бүтээгдэхүүн нь мах, махан бүтээгдэхүүн, үр тариа болжээ.”
Манай улсын эрдэмтэн, доктор Ганмаагийн Харвардын судлаач Б.Сабритай хамтран хийсэн “Монгол улсын насанд хүрэгчдийн дунд зарим шим тэжээлийн дутагдал болон жингийн илүүдэл түгээмэл байгааг cудлан тодорхойлох нь” дээр дүгнэлт нотлогдож байна.
Эл судалгааны дүнгээс товчхон дурьдая:
Судалгааны үр дүнгээр “малын мах ба боловсруулсан гурилан бүтээгдэхүүний хэрэглээ хэт өндөр (хөдөөгийн эрэгтэйчүүдийн хэрэглээ өвлийн улиралд дунджаар 445-533 гр/хоногт, тослог ихтэй цагаан идээний хэрэглээ их, зуны улиралд дунджаар 657 гр/хоногт) байсан бол аминдэм, эрдэс бодис, ханаагүй тосны хүчил, нийлмэл бүтэц бүхий нүүрс ус, эслэгийн үндсэн эх үүсвэр болох жимс, булцуут бус ногоо, бүхэл үр тариа, самар, үр, загас, тахиа шувууны мах болон өндөгний хэрэглээ хангалтгүй байсан.
Мөн олон чухал аминдэмүүд (аминдэм А, В6, С, D, E, тиамин, фолийн хүчил), зарим эрдэс бодис (кальци, төмөр, магни) болон хүнсний эслэгийн дутагдал нь хот болон хөдөө тархмал байгааг тодорхойлсон. Харин малын маханд ихээр агуулагддаг уураг, цайр, рибофлавин (B2), ниацин (B3), В12 зэрэг аминдэм, бичил шим тэжээл бодисын дутагдал бараг ажиглагдсангүй. Mах болон сүү цагаан идээ нь уураг (хүний биед шаардлагатай бүх 20 амин хүчлийг агуулдаг) ба зарим аминдэм, эрдсийн чухал эх үүсвэр юм.
Гэвч xүн эрүүл амьдрахад шаардлагатай бүхий л шимт бодисоо хангалттай авах хүнсний эх үүсвэр болох жимс, хүнсний ногоо, бүхэл үр тариа зэрэг олон төрлийн хүнсийг хамт хэрэглэхэд оршдог” гэсэн дүгнэлт байна.
Судалгааг бүрэн эхээр нь ЭНД дарж уншиж болно.
Мөн Монгол Улсын Их Сургуулийн доктор /Ph.D/ Я.Отгонсүрэн, докторант Г.Мөнхбаясгалан нарын “Хэрэглэгчийн сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээнд нөлөөлөх хүчин зүйлсийн судалгаа”-нд
Манай улс хүн амаасаа бараг хорь дахин их малтай боловч өнгөрсөн 2011 онд үйлдвэрийн аргаар дөнгөж 42,7 мянган тонн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь маш хангалтгүй үзүүлэлт юм” хэмээн дүгнэсэн байдаг. Үр дүнд нь Монгол улсад “Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн тархалт”-ын IV судалгаагаар Хүн амын 49.4% илүүдэл жин ба таргалалттай, 30.9% илүүдэл жинтэй, 18.5% таргалалттай байна. Насанд хүрсэн 2 хүн тутмын нэг нь жингийн асуудалтай.
5000 жилийн тэртээгээс та бидний өвөг дээдэс идэж хэрэглэсээр ирсэн энэ идээ ундаа одоо ч таны биеийг хамгийн дээдээрээ тэтгэн, төлжүүлнэ. Эрүүл аз жаргалтай, урт удаан амьдаръя гэвэл өдөр бүр уламжлалт сүү, цагаан идээгээ тогтмол хэрэглэ. Нас бага, цус шингэн тусам сүү цагаан идээний өргөн хэрэглээтэй бай. Энэ нь өтөл насанд эрээд олдохгүй эрдэнэ л гэж мэд.
Нийтлэлээ Монгол улсын 14 дэх Ерөнхий сайд Д. Содномын хэлсэн “Бэлчээрийн малын мах, сүү олж хэрэглэх явдал аз жаргалтай, эрүүл амьдрах хүсэлтэй хүн төрөлхтний мөрөөддөг зүйл болно” гэх үгээр өндөрлүүлье