Хүн урт удаан аз жаргалтай эрүүл амьдрахын тулд өдөр бүрийн хоол хүнснээсээ зохистой хэмжээний шим тэжээл, хангалттай шингэн авч байх нь маш чухал. Тэнцвэртэй хооллодог хүмүүсийн дархлаа нь сайн байдаг тул архаг болон халдварт өвчин тусах эрсдэл нь төдий чинээ бага. Ийм учраас та биедээ шаардлагатай амин дэм, эрдэс бодис, хүнсний эслэг, уургийг хангалттай авахын тулд өдөр бүр олон төрлийн хүнсээр гэртээ шинэ хоол бэлтгэж идээрэй. Харин аль болох үйлдвэрийн аргаар боловсруулсан далд өөх тос /транс тос/, давс, нэмэлт элсэн чихэр, нөөшлөгч агуулсан бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхыг хичээгээрэй.
Жингийн илүүдэлтэй, таргалалт, зүрх судасны өвчин, цус харвалт, чихрийн шижин, зарим төрлийн хорт хавдартай хүмүүс COVID-19 өртөх эрсдэл өндөр байна. Тиймээс эрсдэлийг бууруулахын тулд элсэн чихэр, өөх тос, давснаас зайлсхийх нь тустай.
Өдөр бүр шинэ хүнс сонго
Хүнсний 6 бүлгээс өдөр бүр идэхийг хичээгээрэй. Бүх төрлийн жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, тосны бүлэг болох бүх төрлийн самар, төрөл бүрийн бяслаг, ургамлын тос, оливын тос, үр тарианы бүлэг болох эрдэнэ шиш, шар будаа, овьёос, улаан буудай, сэвэг зарам, бор будаа, төмс, амтат төмс гэх мэт, сүү цагаан идээ, махны төрлөөс таван хошуу малын мах, тахиа, загас, өндөг идээрэй.
Өдөр бүр хангалттай хэмжээний ус уу
Өдөрт 8-10 аяга ус, аль болох халуун бүлээн ус ойр ойрхон уугаарай. Ус нь хоол, шим тэжээлийн нэгдлийг цусанд оруулах, биеийн температурыг зохицуулж, биеэс хаягдлыг гадагшлуулж, эд эсийн “цангааг” тайлж байдаг орлуулшгүй гайхамшигт шингэн. Та ус агуулсан бусад уух зүйлс, жимс жимсгэнэ, хүнсний ногоо, нимбэгийн шүүс (усанд хандалж, чихэргүй хэрэглэнэ), шингэн цай зэргийг хэрэглэж болно. Харин чихэрлэг шүүс, сироп, концентраци бүхий жимсний шүүс, хийжүүлсэн ундаа зэрэг сахар агуулсан уух зүйлсийг бүү хэрэглэ. Хэт их кофейн хэрэглэхээс зайлсхий. Кофе, кока кола зэрэг бүтээгдэхүүн кофейныг их бага хэмжээгээр агуулсан байдаг.
Өөх тосыг зохистой хэмжээгээр хэрэглэ
Ханасан өөх тос (дотор өөх, коксын тос, крем, гахайн өөхөн тос)-ны хэрэглээгээ эрс багасгаарай. Харин ханаагүй өөх тосыг (загасны тос, авокадогийн тос, самрын тос, оливын тос, буурцагны тос, канола, наранцэцгийн болон эрдэнэ шишийн тос) хэрэглээрэй. Далд өөх тос, давсны агууламж өндөртэй хагас боловсруулсан махан бүтээгдэхүүн, транс өөх тосноос татгалз. Транс өөх тос нь ихэвчлэн боловсруулсан түргэн хоол, хөнгөн зууш, шарж хайрсан хүнс, хөлдөөсөн пицца, бялуу, жигнэмэг, маргарин зэрэгт их агуулагддаг.
Давс, чихрийн хэрэглээгээ багасга
Өдөрт авах давсны хэмжээг 5 гр буюу ойролцоогоор 1 цайны халбаганаас ихгүйгээр хязгаарлаж, хэрэглээндээ аль болох иоджуулсан давс, жамц давс, далайн давс зэргийг сонгохыг зөвлөе. Мөн саримс, цагаан гаа, яншуй, хар перец, турмерик зэргээр давсыг орлуулаарай. Хоол хийхдээ давс болон натри ихтэй соё соус, загасны соус гэх мэт амтлагчийг хязгаартай хэрэглэхийг хичээ. Амттан, шүүс, сироп, жимс, шоколадтай сүү, тарган ундаа зэрэг нь чихрийн агууламж ихтэй учраас эдгээрээс татгалзаж, харин шинэхэн ногоо жимсээр амттай сайхан смүүти, сүү тараг жимсээр мөхөөлдөс хийж идээрэй.
Олон нийтийн газар, гадуур хооллохоос зайлсхий
Мэдээж гэртээ хооллох нь бусад хүмүүстэй контакт үүсгэх нөхцөлийг багасгаж, COVID-19 цар тахлын эрсдэлд өртөх магадлалыг бууруулна. Ханиаж найтааж байгаа хүнээс хамгийн багадаа 1 метр зай барихыг зөвлөж байгаа. Гэтэл ийм зай барих нь ресторан, кафе зэрэг олон хүн цугладаг нийгмийн орчинд тэр бүр боломжгүй байдаг. Халдвар авсан хүмүүсийн шүлсээс ялгарах халдварын дусал тухайн үйлчилгээний газрын гадаргуу дээр, үйлчлүүлэгч эсвэл ажилтнуудын гар дээр буух магадлал өндөр. Үйлчилгээний газарт олон хүмүүс ирж, явж байдаг тул тэд гараа тогтмол угааж байгаа эсэх, гадаргууг тэр даруйд хангалттай цэвэрлэж ариутгаж байгаа эсэхийг мэдэх боломжгүй. Иймд халдвараас сэргийлэх хамгийн зөв шийдэл бол гэртээ хооллох.
Зөвлөгөө, сэтгэл зүйн дэмжлэг ав
Хангалттай шим тэжээлтэй хооллож, хангалттай хэмжээгээр шингэнээ авах нь эрүүл мэндийг дэмжиж, дархлааг сайжруулдаг ч бүхнийг шийдэгч шидэт дохиур мэдээж биш. Хэрэв та халдварын голомтод амьдарч байгаа, уг өвчнийг туссан байх магадлалтай хэмээн сэжиглэгдэж байгаа, эсвэл туссан бол сэтгэл санаа хүнд, стресттэй байх нь тодорхой. Сэтгэл зүйн хямрал, ачааллыг даван туулах бэрхшээл учирч байгаа бол сэтгэл зүйн дэмжлэгийг бусад хүмүүсээс авах зайлшгүй шаардлагатай. Ийм туслалцаа хэрэгтэй болсон үед найдвартай, мэргэжлийн сургагдаж бэлтгэгдсэн эрүүл мэндийн ажилтнуудаас баталгаатай эх сурвалж бүхий зөвлөгөө заавар аваарай.