Үрийн төрлүүд буюу маалинга, чиа, хулуу, наранцэцэг, гүнжидийн үр

Бид өмнөх нийтлэлээрээ олон төрлийн самарт агуулагддаг өөх тосны талаарх мэдээллийг хүргэсэн билээ. Энэ удаагийн нийтлэлээр уншигч танд зориулан үрийн төрлүүдэд агуулагдах өөх тосны мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

Үр нь эслэг, антиоксидант, Е аминдэм, фолийн хүчил, магни, фосфор, кали, кальци, зэс селенээр баялаг. Хуурай сэрүүн, харанхуй газар хадгалах ба маш сайн хадгалалт даадаг гайхалтай хүнс.

Маалингын үр

Маалингын үрийг Вавилонд МЭӨ 3000 оны үеэс тариалж эхэлжээ. Энэхүү үрийг өнөө үед жигнэмэг, хөлдөөсөн вафль, овьёосны будаа, тараг, жин бууруулах жорууд гэх мэт олон төрлийн хоол хүнсэнд ашигладаг. Маалингын үрийг зөвхөн хоол хүнсэнд ч бус хөдөө аж ахуйн хэрэглээнд ч ашигладаг. Жишээ нь, маалингын үрээр баяжуулсан хоолоор тахиагаа хооллож, омега-3 тай өндөг гаргаж авдаг байна.

Маалингын үр шим тэжээлийн өндөр чанартай. Дэлхийн хамгийн хүчтэй ургамлын гаралтай хүнс ч гэж нэрлэдэг. Тосны төрөлд ордог учраас нэг дор их хэмжээгээр хэрэглэх нь зохимжгүй. 5-10г хэрэглэх нь хамгийн зохимжтой. хэмжээ гэж үздэг.

Эрүүл мэндийн ач холбогдол:

  • Зүрх судасны өвчин, хорт хавдар, цус харвалт, чихрийн шижин өвчний эрсдэлийг бууруулна
  • Ходоод, гэдсийг хорт бодисуудаас нь цэвэрлэнэ
  • Холестерины хэмжээг бууруулж судасны хананы уян хатан байдлыг нэмэгдүүлнэ
  • Хөхний болон бүдүүн гэдэсний хорт хавдраас сэргийлнэ
  • Хамгийн хурдан хугацаанд хамгийн сайнаар судасны ханыг маш сайн цэвэрлэж, өтгөн хаталтын бууруулна
  • Арьс, үсний эрүүл байдлыг дэмжинэ

Чиа үр

Чиа үр нь чиа ургамлын жижиг хар үр (Salvia hispanica) юм. Мексик, Гватемалаас гаралтай бөгөөд эртний ацтек, майяачуудын гол хоол хүнсний нэг байжээ. Жижиг, хавтгай, өндгөвч хэлбэртэй, гялалзсан, гөлгөр бүтэцтэй. Цагаанаас хүрэн эсвэл хар гэсэн өнгөтэй байдаг. Шингэн зүйлд хийж дэвтээхэд цэлцгэр бүтэцтэй болдог. Манай улсад сүүлийн жилүүдэд эрчимтэй хэрэглээнд нэвтэрч байгаа ба хамгийн өргөнөөр жин бууруулах зорилгоор хэрэглэж байна. Чиа үрийг янз бүрийн байдлаар хоолонд хэрэглэж болно. Хамгийн түгээмэл нь тарагтай смүүти, усанд дэвтээж уух, гурилан бүтээгдэхүүн хийхэд ашиглах, мөн ногооны салатанд хийж хэрэглэж байна.

Чиа үрэнд их хэмжээний эслэг, омега-3 тосны хүчил, ургамлын уураг, хэд хэдэн эрдэс бодис, аминдэмүүд өндөр тунгаар агуулагддаг. Мөн байгалийн хүчтэй антиоксидант шинж чанартай.

Эрүүл мэндийн ач холбогдол:

  • Хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулна
  • Омега-3-г ихээр агуулсан учраас зүрх судасны өвчин үеийн хүндрэлээс урьдчилан сэргийлнэ
  • Чихрийн шижин өвчний эрсдэлт хүчин зүйлийг маш сайн бууруулна
  • Судасны ханыг хамгийн сайн цэвэрлэнэ

Хулууны үр

Хулууны үрийг Хойд Америкт пепита гэж нэрлэдэг. Энэхүү үр нь ихэвчлэн зууван хавтгай хэлбэртэй, гадна хальс нь цагаан, доторх нь цайвар ногоон өнгөтэй байдаг. Маш олон төрлийн хоол хүнсэнд хэрэглэж болно. Хамгийн түгээмэл нь нарийн боов, мовьёос зэрэгт бусад жимс самартай хольж хэрэглэдэг.

Хатаасан хулууны үр нь 2% ус, 49% өөх тос, 15% нүүрс ус, 30% уураг, хүнсний эслэг, ниацин, төмөр, цайр, манган, магни агуулсан баялаг эх үүсвэр юм. Рибофлавин, фолийн хүчил, пантотений хүчил, фосфор, натри, калийн дунд зэргийн эх үүсвэр болдог. Хулууны үрэнд өөх тосны линолейн ба олеины хүчил агуулагдах ба палмитин, стеарины хүчил бага хэмжээгээр агуулагддаг.

Эрүүл мэндийн ач холбогдол:

  • Түрүү булчирхай, шээс ялгаруулах, бөөрний хэвийн үйл ажиллагаанд нэн сайн
  • Цэвэршилтийн дараах эмэгтэйчүүдэд хийсэн судалгаагаар хулууны үр нь цусны даралтыг бууруулж, “сайн” холестериныг нэмэгдүүлж, цэвэршилтийн шинж тэмдгийг бууруулсан байна
  • Сайн тосны хүчлүүд агуулсан учир зүрх, судасны үйл ажиллагааг сайжруулна

Наранцэцэгийн үр

Газар дундын тэнгис, Зүүн Европ, Азийн орнуудад маш түгээмэл хэрэглэдэг. Наранцэцгийн үрийг хоолны нэг хэсгээс илүү хөнгөн зуушаар иддэг. Үр нь урт нарийхан, хавтгай хэлбэртэй. Тос гаргаж авдаг соортын наран цэцгийн үр нь хар өнгөтэй байдаг бол, хүнсэнд хэрэглэдэг соортын үр нь хар цагаан судалтай байдаг. Беларусь, Орос, Украин, Румын улсад энэ үрээр бидний сайн мэдэх халба, козинак хийдэг. Идэхэд зугаатай төдийгүй маш өег хүнс бөгөөд салат, тараг, овьёос, смүүтид маш сайхан зохицдог. Олон төрлийн шимт бодисууд агуулдаг.

Уураг, сайн тосны хүчлүүд, аминдэм, эрдэс бодис зэргийг агуулдаг. Мөн антиоксидант полифенолын эх үүсвэр юм.

Эрүүл мэндийн ач холбогдол:

  • Наранцэцгийн үрийг долоо хоногт таваас дээш удаа хэрэглэх нь үрэвсэл үүсгэдэг химийн гол бодис болох С-реактив уураг (CRP) -ийн хэмжээг бууруулна
  • Нэг болон олон ханаагүй тос, омега-6 өөх тосыг их хэмжээгээр агуулдаг тул үрэвсэл, холестерины төвшинг бууруулахад тустай

Гүнжидийн үр

Лигнаны хүчлийн хамгийн сайн хүнсний эх үүсвэр юм. Хар цагаан өнгөтэй байдаг. Ази хоолны дээгүүр цацах, талх нарийн боовонд хийж хэрэглэх нь элбэг. Бусад самар үртэй харьцуулахад хамгийн хямд үнэтэй. Бүх төрлийн хоол, хүнсэнд хэрэглэж болно. Тарагтай хольж смүүти хийж уух нь эрүүл мэндэд маш тустай.

Хар гүнжидийн үр нь өндөр чанартай ханаагүй тосны хүчил, үнэт сесамен болон меланины элемент, өөх эрдэс бодис, уураг, нүүрс ус, A, B, D, E витамин, магни, лецитин, кальци, төмөр, хром, гэх мэт амин дэмээр маш баялаг.

Эрүүл мэндийн ач холбогдол:

  • Лигнаны хүчлийн эх үүсвэр тул эстроген бэлгийн дааврын үйл ажиллагааг сайжруулахад тусалдаг. Судалгаагаар цэвэршилтийн дараах эмэгтэйчүүдэд таван долоо хоногийн турш өдөр бүр 50 г гүнжидийн үр идүүлэхэд цусан дахь холестерин их хэмжээгээр буурч, бэлгийн даавар сайжирсан болохыг тогтоосон.
  • Үрэвсэл, стрессийг бууруулна.
  • Элэг болон бөөрний үйл ажиллагааг дэмжинэ.
  • Кальцийн агууламж сүүнээс 7 дахин их байх ба кальцийг шимэгдүүлдэг бичил элемент арвинтай тул ясны сийрэгжилтэд ач холбогдолтой.
  • Эслэгийн агууламж өндөр тул өтгөн хаталтыг эмчилнэ.
  • Харвалтаас урьдчилан сэргийлнэ.
  • Үений үрэвсэлд сайнаар нөлөөлнө.
  • Тархины цусан хангамжийг тэтгэнэ.
  • Үс бууралтах үед маш сайн үр дүнтэй.
Танд санал болгох

Тиби аппликeйшн
Таны халаасны Хоолзүйч

Эрүүл зөв зохистой хооллолтын хөтөч