Өнгө муутай бор гурил уу? Үзэмж төгс цагаан гурил уу?

Бид өмнөх нийтлэлээрээ Монгол хүний онцлогт тохирсон хүнсний “Гэр зөвлөмж”-ийн талаар дурдсан билээ. Энэ удаа амласан ёсоор гэр зөвлөмжид багтсан хүнсний 6 бүлэг цувралын эхнийх болох үр тарианы талаарх нийтлэлээ хүргэж байна.

Гэр зөвлөмжийн зураг үр тариаг гэрийн шалан дээр дүрсэлжээ. Шал гэдэг нь байшингаар бол суурь. Суурьгүй байшин босдоггүйтэй адил үр тарианы бүлэгт багтдаг хүнсийг дурдахгүй бол хоолны тухай ярилтгүй. Гурил, гурилан бүтээгдэхүүн, будаа, гоймон, төмс зэргийг үр тарианы бүлэгт багтаана. Зурагт үзүүлснээр таны өдөрт хэрэглэх ёстой хоолны бүтцэд үр тарианы бүтээгдэхүүний аль нэг заавал бөгөөд бусдаасаа хамгийн их орсон байх ёстой байх нь.

Хүн бүтэн өдрийн турш цоглог, сэргэлэн ажиллаж амьдрахын тулд хангалттай энерги бүхий илчлэгийг авсан байх хэрэгтэй. Үр тариан бүтээгдэхүүн дундаас боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн нь хүний хамгийн чухал “түлш” болох нүүрс усны эх сурвалж болдог.

Бид өдөрт авах ёстой илчлэгийн хамгийн багадаа 50 хувийг нь нүүрс уснаас авах ёстой ба нүүрс ус нь хамгийн хялбар, хурдан шингэдэг хүнс юм. Сүүлийн үед нүүрс усыг багасгах, огт хэрэглэхгүй байх хэрэгтэй гэх мэт олон янзын ойлголтууд бий болж байна. Нүүрс ус хэрэгтэй юу гэвэл тийм. Учир нь нүүрс ус бол бодисын солилцооны хамгийн чухал бөгөөд тулгуур элементийн нэг. Өөрөөр хэлбэл нүүрс усгүйгээр бодисын солилцоо явагдахгүй. Тиймээс нүүрс усыг хэрэглээнээс хасах юм уу зохистой хэмжээг нь багасгавал өөртөө өвчин дуудаж байна гэж ойлгох хэрэгтэй.

Хэрэв үр тарианы бүтээгдэхүүнийг зөв сонгон хэрэглэж чадвал В амин дэмүүд, эслэгийг хангалттай авахаас гадна өдөрт авах ёстой илчлэгийн үндсэн эх үүсвэр болдог. Харин нүүрс усыг хэтрүүлэн хэрэглэвэл шанд нь “мяраалаг” болно. Үр тарианы бүтээгдэхүүн идэх ёстой гээд тааралдсан бүхнээ амандаа чихэж болохгүй. Сонголтод учир бий.

Үр тарианы бүлгээс сонгож хэрэглэхдээ юуг анхаарах хэрэгтэй талаар доорх жишээгээр тайлбарлая.

Олон төрлийн гурилнаас бүхэл үрийн болон 2 дугаар гурилыг сонгох бидэнд илүү ашигтай байдаг. Учир нь улаан буудай нь цөм, үр хөврөл, хальсан давхаргаас (хивэг) тогтох ба харин цардуул, уургаас бүрэлдсэн цөм нь үрнийхээ 70-82 хувийг эзэлдэг.

Хальсан давхарга буюу хивгэнд нь чухал эслэг болон амин дэм болох В1 (thiamin), B2 (riboflavin) төмөр болон фолийн хүчлийн агууламж хамгийн их байдаг.

 Техник, технологийн хөгжил буурай байсан үед чулуун тээрмээр бүтэн үрийн гурил гаргаж, үрийн бүтэц дэх хэсгийг ялгаж чаддаггүй байсан нь шим тэжээл гурилд бүрэн үлддэг байжээ. Орчин үед үрийн 3 хэсгийг ялган авдаг болсноор үр тариан бүтээгдэхүүний төрөл олширч дээдийн дээд, ширхэгтэй, дээд, 1,2 дугаар, бүхэл үрийн гэхчлэн олон янзын гурилыг хэрэглэх боломжтой болсон бид “азтай” хэдий ч зөв зохистой хэрэглэхгүй бол буруу сонголт биднийг өвчин рүү хөтөлж буй хэрэг. Уншигч та цагаан гурил “зүс сайтай” хэдий ч биед тустай шим тэжээлээр хомс гэдгийг ойлгож авсан биз ээ. Эрүүл хооллоё гэвэл “царай муутай” ч бор гурил танд хамгийн өгөөжтэй ажээ. “Царайны сайхнаар цай сүлдэггүй” гэж үг байдаг даа.

Үр тариан бүтээгдэхүүний ашиг тусын талаар дараагийн нийтлэлээс хүлээн авч уншаарай.

Танд санал болгох

Тиби аппликeйшн
Таны халаасны Хоолзүйч

Эрүүл зөв зохистой хооллолтын хөтөч