Аарц
Аарц нь тарагнаас гаргаж авдаг ааруулын түүхий эд болдог цагаан идээ юм. Шүүсэн аарц гэдэг нь аарцыг шар сүүгүй болтол шүүгээд гарсныг хэлнэ. Шүүсэн аарцыг бөөрөнхийлөн хөлдөөх юм уу, бог малын гүзээнд цутгаж хөлдөөдөг.
Аарцны найрлагад их хэмжээний уураг агуулагдахаас гадна үл орлогдох аминхүчил, кальци, фосфорын сайн эх үүсвэр болдог. Тиймээс жирэмсэн эх хордлоготой, ялангуяа мах үнэрлэж чадахгүй дотор муухайрч байгаа үед хэрэглэвэл тохиромжтой байдаг. Уламжлалт хоол зүйн ухаанд аарцыг сүрьеэөвчтэй, цусны даралт ихсэх, зүрх судасны өвчтэй хүмүүс, жирэмсэн эхчүүд, хөхүүл, бага насны хүүхэд түлхүү хэрэглэвэл зохимжтой гэсэн байдаг.
Аарцыг жимс, чихэр, хүнсний ашигт ургамлаар амтлан баяжуулж, хэлбэр, хэмжээний хувьд янз бүрийн ааруул тавьж болно. Байгаль, экологийн онцлог, цаг уурын нөхцөлөөс хамаараад говь, тал хээр нутагт ааруул, хууруудыг зузаан, хангайд нимгэн, эсвэл шүүрмэг байдлаар тавьж, хатаадаг уламжлалтай.
Ааруул
Ээжүүдийн хамгийн их санааг зовоож байгаа асуудал бол хүүхдийн шүдний цоорол юм. Монгол Улсад 5-6 настай хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт 94 хувь, 12 настай хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт 84 хувь байна. Хүүхдийн шүдний асуудал нийгмийн тулгамдсан асуудал хүртлээ томорч Засгийн газраас “Эрүүл хүүхэд Эрүүл шүд” үндэсний хөтөлбөрийг хүртэл хэрэгжүүлсэн. Тэгвэл хүүхдийнхээ шүдийг цооролгүй, эрүүл өсгөх нэг нууц нь Ааруул юм.
Яагаад ааруул гэж?
Амны хөндий бол чийгтэй, нойтон, далд, харанхуй орчин. Эрүүл хүний амны хөндийд дунджаар сайн, муу 5-6 тэрбум бактер хоорондоо зохицон амьдарч байдаг.
Аарууланд шүдний эрүүл мэндэд ашигтай бактери, эмгэг төрөгч бактерийг устгагч, шүдний бүтцэд оролцдог кальци, кали ихээр агуулагддаг. Тухайлбал, хүний шүдний эрүүл байдал хоол хүнсээр авч буй эрдэс бодисоор бүрэн хангагдаж байж бат бөх чанартай байна. Шүд нь шууд шүлсний найрлагаас эрдэс бодисоо цөгцөн хэсгийн паалангаар нэвчүүлэн авдаг. Мөн ааруул идэх үед ялгарч байгаа шүүс нь амны хөндийг цэвэрлэдэг гэж үздэг. Түүнчлэн хүүхдийн шүд ургаж эхлэх 5-6 сартайд хүүхдэд ааруул бариулж идүүлэх нь шүдний загатнааг гаргахаас гадна хэрэгтэй шимт тэжээлийн бодисоор хангах давуу талтай. Хүүхэд хатуу ааруулыг идсэнээр эрүүний булчин сайн хөгжиж, шүд амандаа багтаж ургахад дэм болдог.
Ааруул бэлтгэх арга
Ааруулыг хийхдээ буцалгасан тараг, нэрмэлийн цагааг тусгай уутанд шүүж аарц гаргаж авна. Аарцыг бага зэрэг сүүгээр амталж, хүчлэгийг нь багасган базаж, шахах, шүүх зэргээр нягтруулж ааруул хийдэг. Ааруул нь уураг тос, С, Д, А, В-гийн төрлийн амин дэмүүдээр баялаг. Сайн шахаж шүүсэн аарцаар зүсэх, базах, тусгай хэвэнд шахах зэргээр ааруул тавина. Бүс нутгаас хамаарч ааруул тавих арга барил амт чанар өөр байдаг. Баруун аймгийн Ховд, Увс, Баян-Өлгийн ааруул овор томтой тослог ихтэй өёг, амт чанараараа гайхагддаг нь баруун бүс нутгийн цаг агаарын онцлогтой холбоотой юм.
- Баруун аймгийн ааруул – том зузаан тос даасан, исгэлэн аманд ороод шүүс их ялгаруулдаг
- Төвийн бүсийн ааруул – тослог багатай ихэвчлэн тарагны хатуу ааруул тавьдаг
- Говийн бүсийн ааруул – ихэвчлэн ингэний ааруул, аманд ороод тагнайд наалдаж тос амтагддаг
Ааруулыг удаан хугацаагаар хадгалахад амт болон бүтээгдэхүүний чанарт онцын өөрчлөлт гардаггүй, тээвэрлэхэд хялбар зэрэг чанараараа манай хөдөөгийн ард түмний өдөр тутмын амьдралд чухал үүргийг гүйцэтгэдэг бүтээгдэхүүн юм.
Ааруулыг хэрхэн сонгож авах вэ?
Зах зээлд худалдаалагдаж буй ааруул гурилын хольцтой байх нь элбэг болсон. Хотын иргэд гаднаас нь хараад, амсаж үзээд ч аарууланд гурил байгаа эсэхийг тэр бүр мэддэггүй. Тэгвэл ааруул гурилын хольцтой эсэхийг маш энгийн аргаар таньж болох аж. Ингэхийн тулд танд иодын уусмал хэрэгтэй.
- Сонгож авсан ааруулаа жижиглэж дээр нь иодын уусмалаа дусаана.
- Уусмал дусаасны дараа ааруул хөх өнгөтэй болбол гурилын хольцтой гэсэн үг. Харин шар өнгөтэй байвал гурилын хольцгүйг гэрчлэх аж.
Энэ арга танд төвөгтэй хийхэд хэцүү байвал хамгийн найдвартай арга бол малчны хотноос очиж худалдаж авах юм.
Ааруулын талаар сонирхолтой мэдээлэл
Ааруулын талаар бусад улс орон үлгэр домог шиг л ярьж, хүүхдүүд нь дунд сургуулийнхаа сурах бичгээс уншдаг. Америкийн Нэгдсэн Улсын дунд сургуульд Чингис хааны байлдан дагуулалтын гол нууц нь ааруул байсан гэж заадаг бөгөөд энэ нь ч үнэн юм.
Ааруул нь маш нягт, овор багатайгаас гадна шим тэжээлийн чанар өндөртэй хүнс юм. Уураг, кальци, болон бусад шимт бодисыг ямар ч ногоо, жимснээс их агуулдаг. Дээр нь хадгалах хугацаа урттай жинхэнэ супер хүнс юм. Хэрвээ хүн өдөр бүр 2 ш ааруул иддэг бол шим тэжээлийн дутагдалд орохгүй. Манай тамирчдын асар их үнээр авч уудаг казейн уураг ааруулын ихэнх хэсгийг эзэлдэг. Аарууланд казейн уургаас гадна лактоз, тос, аминдэм, эрдэс бодис болон биологийн идэвхт бусад нэгдлүүдийг агуулагддаг.
Өвлийн хүйтэнд өглөө цай, хоолгүй гарсан хоньчин залуу амандаа нэг ширхэг ааруул хүлхэхэд бүтэн өдрийн өлийг даадаг нь түүнд агуулагдах шимт бодисын үнэт чанарыг илэрхийлнэ. Түүнээс гадна уламжлалт хоол зүйн ухаанд биеийн хорыг тайлж тамиржуулах үйлдэлтэй гэж бичигдсэн байдаг. Буцалсан ус болон хар цайнд хийж, шүүсийг нь уухад элэг, цөсний өвчин, цус хөөрөх, толгой өвдөхөд тустай. Ус өөрчлөгдөж, гэдэс ходоод өвдөх үед ааруулын шүүсийг уухад дарагддаг байна.