Цар тахлын үеийн сэтгэл зүй ба эрүүл мэнд

COVID-19-н халдварыг тогтоон барих, халдвар авах эрсдэлийг бууруулах ажлын хүрээнд манай улс цар тахал дэгдээд буй бусад орнуудын нэгэн адилаар хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч байгаа нь бидний өдөр тутмын амьдралын хэвшилд асар их өөрчлөлт оруулж байна.

Гэрээсээ ажиллах, түр хугацаагаар ажлын байраа алдах, хүүхдүүд гэрээсээ цахимаар суралцах, гэр бүл хамаатан садан, найз нөхөд, ажлын хамт олноосоо тусгаарлагдан харилцаа холбоогүй болох зэрэг шинээр гарч ирж буй бодит байдалд дасахад цаг хугацаа шаардагдаж байна.

Энэ мэт амьдралын хэв маягийн өөрчлөлтөд дасан зохицох, вирусийн халдвараас өөрийгөө болон эргэн тойрны хүмүүсээ хамгаалах, хоол хүнсээ зохицуулах, ойр дотнын хөгшин настай эсвэл амьдралын боломж муутай нэгэндээ санаа зовох гээд бидэнд асуудал мундахгүй.

Гэсэн хэдий ч цар тахлын энэ хүнд хэцүү цаг үед тулгарч буй асуудлуудыг эерэгээр шийдэхийн тулд хамтдаа байж, өөрийн болон эргэн тойрны хүмүүсийнхээ сэтгэл зүй болоод биеийн эрүүл мэндийг анхаарч, зөв хоол хүнс хэрэглэн дархлаагаа дэмжих нь хүн бүрийн хийж чадах зүйл юм. Танд хэрэгтэй дараах зөвлөмжүүдийг хүргэж байна.

Сэтгэл зүйгээ эрүүл байлгах зөвлөмжүүд:

  • Тогтмол шинэ мэдээлэл авч бай. Шийдвэр гаргагчдын өгч буй зөвлөгөө зөвлөмжийг сонсож, хэрэгжүүлээрэй. Зурагт, радио гэх мэт итгэмжлэгдсэн мэдээллийн сувгуудаас мэдээллээ авах, Монгол улсын ЭМЯ болон ДЭМБ-н сүүлийн үеийн мэдээ мэдээллийг цаг тухайд авч байгаарай.
  • Өдөр тутам хэвшсэн хийх зүйлстэй бай.

Жишээ нь:

  • Болж өгвөл өглөө тогтмол цагт босож, орой тогтмол цагт унтаж байх
  • Хувийн эрүүл ахуйг сайтар сахиж байх
  • Тогтмол цагт эрүүл зохистой хооллох
  • Тогтмол хугацаагаар дасгал хөдөлгөөн хийх
  • Ажиллах цаг болон амрах цагаа хуваарилах
  • Өөрт таалагдаж буй зүйлээ хийх цаг гаргах
  • Хэрэггүй олон мэдээллээс зайлсхий. Танд уур уцаар айдас төрүүлж, стресс нэмэхүйц мэдээ мэдээллийг уншиж сонсох хугацааг аль болох багасга. Шаардлагатай бол хамгийн сүүлийн үеийн мэдээллийг тогтсон цагт өдөрт 1-2 удаа л ав. Нийгмийн харилцаа сэтгэл зүйд чухал. Тиймээс ойр дотны хүмүүстэйгээ утас болон онлайнаар тогтмол холбоо барьж ярилцаж байгаарай.
  • Архи тамхины хэрэглээгээ багасга. Архи согтууруулах ундаа, тамхи зэрэг мансууруулах төрлийн зүйлсийг айдас, түгшүүр, уйтгар гуниг, нийгмийн тусгаарлалттай тэмцэх арга хэрэгсэл болгож болохгүй. Вируст болон бусад халдварын үед согтууруулах ундаа хэрэглэх нь ямар нэгэн хамгаалалтын нөлөө үзүүлдэг гэсэн нотолгоо байхгүй. Харин ч эсрэгээрээ халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлж, аливаа эмчилгээний үр дүнд муугаар нөлөөлдөг. Мэдээж хэрэг согтуу мансуурсан байх үедээ та халдвараас өөрийгөө хамгаалах хангалттай арга хэмжээ авч чадахгүй.
  • Дэлгэцийн цаг. Өдөрт дэлгэцийн өмнө хэчнээн их цаг зарцуулж байгаагаа анхаараарай. Дэлгэц ширтэн ажиллаж буй бол тогтмол завсарлага авч байгаарай.
  • Видео тоглоом. Видео тоглоом тоглох нь тайвшрах нэг арга байж болох ч удаан хугацаагаар гэртээ байх үедээ хяналтгүйгээр хамаагүй их цаг зарцуулах хандлагатай байдаг. Иймд өдөр тутмын амьдралынхаа онлайн болон оффлайн цагийг тэнцвэртэйгээр хадгал.
  • Олон нийтийн сүлжээ. Өөрийн сошиал медиа аккаунтаа ашиглан эерэг бөгөөд үнэн мэдээллүүдийг түгээн сурталчил. Худал хуурамч мэдээллийг харсан даруйдаа залруулж байх хэрэгтэй.
  • Бусдад тусал. Хэрэв та боломжтой бол хүмүүст хэрэгцээтэй байгаа зүйлээр нь туслаарай. Энэ нь сэтгэл санаа, хоол хүнсний гээд ямар ч тусламж байж болох юм.
  • Галын шугам дээр ажиллаж буй хүмүүстээ дэмжлэг үзүүлээрэй. COVID-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээ аван ажиллаж буй эмч, цагдаа, онцгой байдлынхан зэрэг хүмүүстээ сошиал медиа ашиглан баярлаж талархаж буйгаа илэрхийлээрэй.
  • Бүү ялгаварлан гадуурх. Айдас бол хүний тодорхой бус нөхцөл байдалд гаргадаг хэвийн хариу үйлдэл. Гэхдээ заримдаа айдсаа илэрхийлэх нь бусад хүмүүст хор хүргэх нь бий. Иймд та коронавирус туссан байж болзошгүй гэж хүнийг бүү гутаан доромжилж, ялгаварлан гадуурхаарай. Энэ өвчин дэлхийн олон орныг хамран тархаж байгаа ба нийгмийн ямар нэгэн тодорхой бүлэгт хамааруулж ойлгож болохгүй юм.

Хэрэв та хүүхэдтэй бол:

Стресстэй цаг үед хүүхдэд илүү их анхаарал хандуулах шаардлагатай байдаг.

Энэ үед та юу хийж чадах вэ?

 

  • Гэртээ байх хугацаандаа аль болох цар тахал дэгдээгүй байх үеийн өдөр тутмын амьдралын хэмнэлээ хадгалах, эсвэл шинээр хэвшүүлэх
  • Хүүхдүүдтэйгээ коронавирусын талаар ярилцаж, мэдлэг мэдээлэл өгөх
  • Хүүхдээ гэртээ сурч боловсрох нөхцөлөөр хангаж, хичээлээ хийхэд нь туслах. Суралцахаас гадна тоглох цаг гаргаж өгч байх
  • Хүүхдэдээ айдас, стресс зэрэг мэдрэмжээ зөвөөр илэрхийлж гаргах эерэг аргуудыг зааж өгөх. Заримдаа тоглох, зураг зурах гэх мэт бүтээлч зүйлс хийх нь сайн арга байдаг.
  • Гэр бүл найз нөхөд ойр дотнынхонтойгоо утсаар болон онлайнаар холбоо тогтооход нь хүүхдэдээ тусал.
  • Хүүхдийнхээ өдөр бүрийн дэлгэцийн цагийг хянаж, хязгаартай байлгах. Зураг зурах, тоглоом эвлүүлэх, дуулж бүжиглэх, хоол хийхдээ туслуулах гэх мэт бүтээлчээр цагийг хамтдаа өнгөрүүлэх.
  • Хүүхд ийг видео тоглоомд ердийнхөөс хамаагүй их цаг зарцуулахгүй байлгах тал дээр анхаар.

Настай хүмүүсийн хувьд:

  • Ойр дотнын хүмүүстэйгээ утсаар, мэйлээр, видео чатаар үргэлж холбоотой байх
  • Хооллох, унтах, дуртай зүйлээ тогтмол хийх цагийг аль болох их байлгах
  • Хорио цээрийн дэглэмийн үед гэртээ өдөр тутамдаа хийж болох энгийн дасгал хөдөлгөөнийг сурч хийх
  • Шаардлагатай үед тусламж дуудах, хоол хүнсний хүргэлт дуудах, эмнэлгийн тусламж авах зэрэг практик тусламжийг хэрхэн авах талаар мэдээлэлтэй байх
  • Хэрэглэдэг эсвэл ердийн шаардлагатай эмийн нэг сарын нөөцтэй байх
  • Шаардлагатай үедээ гэр бүл, хөршүүдээсээ тусламж хүс
Танд санал болгох

Тиби аппликeйшн
Таны халаасны Хоолзүйч

Эрүүл зөв зохистой хооллолтын хөтөч