Хорио цээрийн дэглэмийн үед хэтрүүлэн идэж байгаагаа яаж зогсоох вэ?

Гэртээ ажилгүй гацсан, эсвэл гэрээсээ хийх ажил нь овоорсон, олон нийтийн үйл ажиллагаанаас тусгаарлагдсан, биеийн тамираар хичээллэх боломжгүй, оролцож тэмдэглэх баяр ёслолгүй гацах нь жин нэмэх шалтгаан болдог. Цар тахлын ийм хорионы үед хуваарьт амьдралын хэв маяг өөрчлөгдөж сэтгэл түгшин, хүмүүс гэртээ энэ бүхэнтэй дасан зохицохын тулд хоол, жигнэмэг, нарийн боов хийж идэн цагийг өнгөрөөх нь бий. Тахал хаяанд ирчхээд хаалга тогшиж буй энэ түгшүүрт цаг мөчид тайтгарлын эх үүсвэр рүү тэмүүлэх нь хүн ёсны үйлдэл билээ.

Олон хүмүүс стресс, сэтгэл түгшилт, уйтгар гуниг, ганцаардал зэрэг сэтгэл гутралаа зохицуулахын тулд идэж эхэлдэг.

Дэлхийг хамраад буй цар тахлын үед хоолоо хэтрүүлэн идэх нь байх л зүйл мэт. Учир нь COVID-19 бидний ердийн амьдралын хэмнэлийг үгүй хийсэн тул олон хүмүүс дахин дахин дэлгүүр орж хүнсээ цуглуулахаас сэргийлж, аль болох удаан хадгалах боломжтой хоол хүнс сонгон нөөцөлж байна. Харамсалтай нь ийм төрлийн хүнсний дийлэнх нь бидний “бэлхүүсний дайсан” байдаг.

Стресстэх, уйдах, сэтгэл түгших, уйтгарт автах, ганцаардах зэрэг хүчин зүйлүүд биднийг байн байн хөргөгч рүүгээ зүглэхэд хүргэдэг. Технологи хөгжсөн өнөө үед утсаар эсвэл онлайнаар хоорондоо харилцаж ганцаардах мэдрэмжээ багасгах боломжтой ч нүүр тулсан бодит биет харилцааг яагаад ч орлож чадахгүй. Цар тахлын үед тааваараа дэлгүүр хэсэж хүссэнээ худалдан авч, кино театрт очиж кино үзэх боломжгүй, найз нөхөдтэйгөө уулзаж, дуртай уух зүйлээ захиалаад инээлдэн суух нөхцөл алга, болзож гадуур хөтлөлцөн алхаж цагийг өнгөрөөж чадахгүй, товчоор хэлбэл хүнсээ цуглуулах, эмийн сан орж эм тан авахаас өөр юу ч хийх боломж алга. Энэ л хязгаарлагдсан мэт мэдрэмж стресс, сэтгэл түгшилт, таагүй мэдрэмжүүд үүсэх шалтгаан болж, хоол амттанаар үүнийгээ дарах гэж дахин дахин иднэ.

Одоо яах вэ?

Энэ цаг үе үүрд үргэлжлэхгүйг бодолцож, хуучны сайхан цаг ирнэ гэдгийг санан тэвчээртэйгээр, хамгийн гол нь эрүүлээр даван туулах нь чухал байна.

Мэдээж та энэхүү өвчин зовлонтой хүнд цаг үед өөрийгөө өлсгөж ядраахгүйгээр аль болох эрүүл амьдралын хэв маягт тэмүүлсэн хоол хүнс хэрэглэхийг хүсэж байгаа байх. Хэтрүүлэн идэхээ зохицуулна гэдэг хэцүү. Гэхдээ дараах арга замуудыг хэрэгжүүлэн хэтрүүлэн идэхээ зогсоож, илүүдэл жинтэй болохгүй байх боломжтой:

  • Тогтсон зохион байгуулалттай бол. Оффис руугаа явахгүй эсвэл бүр ажилгүй болж гэртээ суух үед цаг хугацааг хянах нь хэцүү. “Ажил хөдөлмөр эрхлээгүй байх үедээ ч цагийн менежменттэй байх нь хоолоо илүү сайн удирдахад тусална”. Иймд гал тогооны өрөөндөө орон хөргөгчөө онгойлгох бүртээ гартаа ямар нэг идэх юм барьж аван ам руугаа хийхийн оронд өглөөний цай, үдийн хөнгөн зууш, өдрийн хоол, оройн хоолны цагаа хуваарилж, тэр цагтаа л хоолоо ид.
  • Амттанаа ухаалгаар сонго. Хоолны хооронд хөнгөн зууш идвэл зүгээр. Гэхдээ том ууттай чипс, савтай зайрмаг лав биш. Үүний оронд ааруул, хатаасан жимс идээрэй. Хөнгөн зуушаа идэх хэмжээгээрээ авч аяга юм уу тавгандаа хийгээд ширээнийхээ ард сууж байгаад идээрэй.
  • Гал тогооны өрөөндөө хүнсний цэвэрлэгээ хий. Гал тогооныхоо хөргөгч болон шүүгээг үнэлж эрүүл бус сонголтын оронд нь дархлаа дэмжих эрүүл зохистой хүнсээр дүүргээрэй. Эрүүл мэндэд халгаатай хоол, ялангуяа буюу хог хоол хэмээн нэрлэгддэг төрөл бүрийн түргэн хоол, шарсан төмс зэргийг аль болох бүү хэрэглэ. Цар тахлын үед амин дэм, эрдэс бодисоор баялаг, үрэвсэл нянгийн эсрэг үйлчилгээтэй тэжээллэг хоол хүнс хэрэглэх нь нэн чухал. Навчит ногоо, жимс жимсгэнэ, амтат төмс, сонгино, сармис зэрэг эрч хүч өгөх бүтээгдэхүүнүүд хэрэглэхийг хичээгээрэй. Жимс хүнсний ногоогоо худалдаж авсны дараа угааж хальслан цэвэрлэж жижиглээд идэхэд бэлэн болгон нөөцөлсний үр дүнд хөргөгчөө зорих бүртээ эрүүл хүнс ам руугаа хийх боломж бүрдэнэ.
  • Гэр бүл, хайртай дотнын хүмүүстэйгээ хамтдаа хоолло. Цар тахлын тухай тогтсон цагт гардаг мэдээ, дуртай нэвтрүүлэг, киногоо үзэх гэж хүмүүс том өрөөндөө буйдан дээрээ суугаад зурагт харангаа хооллох нь элбэг тохиолдоно. Зурагт, сошиал медиа, ажлаасаа салангид орчин бүрдүүлж, зориуд цаг гарган хамтдаа сууж хоолло. Хэрэв та ганцаараа тусгаарлагдсан байгаа бол FaceTime эсвэл Zoom ашиглан хайртай дотнын хүмүүстэйгээ холбогдон хамт хооллох боломж бүрдүүлж болно.
  • Сэтгэл зүйн таагүй мэдрэмжээ дарах зорилгоор бүү ид. Хүмүүс стрессдэх, сэтгэл түгших үед хамгийн түрүүнд гарах зан үйл бол их идэх байдаг. Стресстэй үед бие махбод илчлэг ихтэй, чихэр ихтэй хоолонд дурлана. Учир нь ийм хоол хүнс богино хугацаанд биеийг эрчим хүчээр хангадаг. Сахар агуулсан хүнс нь урам зоригийг өдөөгч нейротрансмиттер болох допаминыг биед үүсгэдэг ба тархины таашаал авах төвийг идэвхжүүлнэ. Ингэснээр таны мэдэрч буй таагүй сөрөг сэтгэл хөдлөл тухайн үедээ алга болно. Энэ нь тухайн үедээ таныг сэргээж байгаа мэт боловч цаашдаа улам л ядрааж, сэтгэл гутралд хүргэдэг. Иймд хоол хүнсээр сэтгэлийн таагүй байдлаа дарах гэж иддэг авираа таслан зогсоохын тулд дараах асуултуудыг өөрөөсөө асуугаарай:
  • Таныг юу хэт их идэхэд хүргэж байна?
  • Хэт их идэж жингийн илүүдэлтэй болохгуйн тулд гал тогоон дахь хүнсээ яаж өөрчилбөл зүгээр байна?
  • Эрүүл зохистой хооллолтын хэв маягийг бий болгохын тулд та юу хийж чадахаар байна?
  • Танд ямар дэмжлэг тусламж хэрэгтэй байна?
Танд санал болгох

Тиби аппликeйшн
Таны халаасны Хоолзүйч

Эрүүл зөв зохистой хооллолтын хөтөч