Сүүний нүүрс ус лактозын талаар таны мэдэх ёстой зүйлс

Сүүний үндсэн нүүрс ус болох лактоз нь хүний бие махбодод бараг бүрэн шимэгддэг (99.7%). Лактозыг задлагч коэнзим нь нарийн гэдэсний салбанцарын үзүүрээс ялгарна. Энэ нь лактозыг задлан гэдэсний ханаар шимэгдэх боломжтой болгоно.

    Бичил биетний үйлчлэлээр сүүний сахар (лактоз) задрахад сүүний хүчил болон бусад органик хүчил үүсэхээс гадна аминдэм болон бусад антибиотик үйлчилгээтэй бодисууд нийлэгждэг байна. Лактоз нь яс болон элэг хамгаалах үйлчилгээ үзүүлдэг. Мөн кальци, фосфор, магни зэрэг эрдсийн биед нийлэгжих явцад нөлөөлснөөр яс кальцгүйдэх процессыг саатуулж, хүүхдийн сульдаа өвчнөөс сэргийлдэг. Судлаачдын үзэж байгаагаар лактоз нь таргалах явцыг ямар нэгэн байдлаар хязгаарладаг байна. Лактоз хүний биед бараг бүрэн шимэгддэг боловч зарим хүмүүсийн хувьд лактозыг шингээх чадваргүй байдаг бөгөөд сүү уух үед гэдэс дүүрч, дотор муухайрч, гүйлгэх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Үүнийг лактазын дутмагшил, лактоз үл тэвчих, мөн лактоз тэсвэржилт гэж нэрлэдэг. Нэг үгээр бол сүүг шингээж чадахгүй байна гэсэн үг юм. Зарим тохиолдолд сүүний харшилтай андуурах тохиолдол байдаг.

Лактоз үл тэвчих (lactose intolerance) гэж юу вэ?

     Монголчуудын дийлэнх нь генетикийн хувьд сүү шингээх чадваргүй боловч бид сүү, цагаан идээний уламжлалт хэрэглээтэй ард түмэн. Хамгийн сонирхолтой нь бид сүү шингээх чадваргүй байж хэрхэн сүүг боловсруулаад байна вэ? гэдэг асуулт юм. Сүүний сахар лактозыг задалдаг ферментийг лактаза гэж нэрлэдэг. Энэ фермент нь хүн эхээс төрсний дараа нарийн гэдсэнд хамгийн өндөр түвшинд байдаг бол, дараа нь сүү тогтмол уухгүй бол буурч эхэлдэг байна. Уламжлалт ойлголтоор бол энэхүү лактаза ферментийн дутмагшил нь сүүг шингээх чадварт нөлөөлдөг гэж үздэг. Тэгвэл бид сүү, цагаан идээг шингээгээд, боловсруулаад байгаа нь магадгүй бидний уламжлалт ахуй соёлд буй маш хүчтэй пробиотик бактериас үүдэлтэй байж болох юм гэсэн эрдэмтдийн таамаг байдаг. Энэ талаар Монголын Хоол зүйчдийн холбоо болон Германы эрдэмтдийн хамтарсан баг Сүүний өв соёл (dairy culture) судалгаа хийж байгаа бөгөөд судалгааны тайлан гарахаар олон хүмүүсийн эргэлзээ тайлагдах бизээ.

Лактоз үл тэвчих шинжтэй хүмүүс сүүнд агуулагдах сахар (лактоз)-ыг бүрэн шингээх чадваргүй байдаг. Сүү шингээх чадваргүй хүмүүс ихэвчлэн лактоз агуулсан хүнс хэрэглэснээс 30 минут – 2 цагийн дараа шинж тэмдэг илэрдэг.

Нийтлэг шинж тэмдэг:

  • Гүйлгэх
  • Дотор муухайрах
  • Бөөлжих
  • Гэдэс базлах
  • Гэдэс дүүрэх
  • Хий үүсэх

    Лактоз үл тэвчих шинжтэй ихэнх хүмүүс сүү, цагаан идээнээс бүрэн татгалзахгүйгээр зохицуулах боломжтой байдаг. Хэрвээ лактоз үл тэвчих шинж тэмдэг танд илэрдэг бол дараах хэдэн зүйлсийг хэрэгжүүлээд үзээрэй.

Сүү, цагаан идээг хязгаартай хэрэглэх: Лактоз үл тэвчих шинж тэмдэгтэй хүмүүс бусад хүмүүсийн адил сүү, цагаан идээг аз жаргалтайгаар хэрэглэж болно. Цагаан идээг аажмаар хүнсэндээ нэвтрүүлэх замаар шингээх чадварыг нэмэгдүүлэх боломжтой байдаг. Мөн нэг удаад хир хэмжээтэйг хэрэглэхэд шинж тэмдэг илэрч байгааг туршиж үзэж болно. Энэ арга нь өөрийнхөө хувьд аюулгүй хэмжээг олоход тань тусална.

  • Бага хэмжээгээр хэрэглэх: Сүүг нэг удаа хэрэглэхдээ 50-100 мл-аас хэтрүүлэхгүй байх. Цагаан идээний хэмжээ бага байх тусам үүсэх шинж тэмдэг бага байдаг. Хэмжээг нь зөв тааруулж чадвал гэдэс дүүрэх, дотор муухайрах шинж тэмдэг багасдаг.
  • Бусад хоол, хүнстэй хамт хэрэглэх: Сүүг бусад хоол, хүнстэй хамт хэрэглээд үзээрэй. Энэ нь хоол боловсруулах явцыг удаашруулж, лактоз үл тэвчих шинж тэмдгийг бууруулах боломжтой байдаг.
  • Сүүнээс бусад цагаан идээний нэр төрлийг туршиж үзэх: Бүх цагаан идээ ижил хэмжээний лактоз агуулдаггүй. Жишээ нь бяслаг маш бага лактоз агуулдаг учир идэх үед шинж тэмдэг бараг илэрдэггүй. Исэг цагаан идээ болох ааруул, ээзгий, тараг зэргийг айлгүйгээр хэрэглэж болно. Учир нь сүүг боловсруулах явцад сүүний сахар задарч исэлдэлтэнд ордог. Харин зайрмаг, сүү нь хамгийн өндөр лактозын агууламжтай байдаг.
  • Лактаза фермент нэмэлтээр хэрэглэх: Зарим тохиолдолд лактаза ферментийг нэмэлтээр хэрэглэхийг эмч зөвлөдөг.
Танд санал болгох

Тиби аппликeйшн
Таны халаасны Хоолзүйч

Эрүүл зөв зохистой хооллолтын хөтөч